&#34Пэпси лиг&#34-ийг дөрвөн баг хожигдолгүй тэргүүлж байна

Хуучирсан мэдээ: 2016.01.18-нд нийтлэгдсэн

&#34Пэпси лиг&#34-ийг дөрвөн баг хожигдолгүй тэргүүлж байна

МХБХ, Пэпси брэнд хамтран энэ жилийн футзалын лигийн тэмцээнийг зохион байгуулж байна. “ПЭПСИ ЛИГ” амралтын өдрүүдээр та бүхэнд хүрч байгаа бөгөөд энэ бямба гарагт буюу нэгдүгээр сарын 23-нд 11:30 цагаас нээлтээ хийнэ. Энэ өдөр тоглолт 12:00 цагаас эхлэх бөгөөд хамгийн сүүлийн тоглолт 16:00 цагаас явагдах болно. Хөлбөмбөгийн спортыг дэмжин ажилладаг “NTV” телевизийн хамт олон ч мөн энэ 7 хоногоос эхлээд амралтын өдрийн зургаан тоглолтыг шууд дамжуулан хүргэх боллоо.

Ингээд та бүхэндээ хоёр тойргийн дараачаар багуудын байрлал хэрхэн өөрчлөгдөж байгааг товч танилцуулъя.

 
 

“ПЭПСИ ЛИГ”-ийн хоёр дахь 7 хоногийн тоглолтыг Эрдэнэт хотын Хангарьд баг өнжсөн бол бусад 11 баг хоорондоо тааран тоглосон юм. “Хоромхон” клүб энэ тойрогт 2 тоглолтыг хийж багагүй ядарсан байж болох. Эхний тоглолтоо “Соёмбын Барсууд” багийн эсрэг хийж 9-0 харьцаатай ялж өнгөтэй сайхан эхлүүлсэн. Хөлбөмбөгөөс түр хөндийрөөд байсан тайлбарлагч Х.Амгалан багтайгаа нэгдэж хоёрдугаар хагасд сэлгээгээр гаран хоёр ч гоолыг оруулан ерөнхийдөө багийн уур амьсгал гайхалтай сайхан байлаа. Харин тэдний дараагийн тоглолт нь жинхэнэ шалгуур байсан. Монголын футзалын шигшээ багийг бүрдүүлдэг “Улаанбаатарын Унаганууд” багтай тоглож 9-6 харьцаатай тэд ялагдсан. А.Улсболд, Н.Наранболд нар тус бүр хоёр гоол оруулсан ч өөрийн хаалганд мөн нэг нэг удаа авто гоолыг оруулсан нь өрсөлдөгчдөө боломжийг олгосон. Энэ тоглолтыг эхнээс дуустал ордонд цугласан олон суудалдаа бүтэн суулгүй үзлээ. Өндөр темптэй, уран гоё дамжуулалтуудтай бас хаалга чиглэсэн гоёмсог цохилтуудтай. Лигийг чимсэн тоглолт байлаа. Гэхдээ “Хоромхон” 1 хожил 1 хожигдолтой харин “Унаганууд” бүтэн оноотойгоор хүснэгтийг тэргүүлж эхэллээ.

Футзалын УАШТ-д нэг ч ялагдалгүйгээр түрүүлсэн “Арвис” клүб лигийн тэмцээн эхэлсэнээс хойш эхний хоёр тоглолтондоо хожил байгуулж ийнхүү хүснэгтийг мөн “Хангарьд” болон “Унаганууд”, ба “Сэлэнгэпресс” багуудын хамтаар тэргүүлж байна. Тэд энэ тойрогт “Эрчим” багтай таарсан бөгөөд тоглолт ч маш ширүүн болсон. Аргагүй л залуу хурдтай тамирчид бужигнасан тоглолтыг харуулсан. Тоглолтын эхнээс “Эрчим” онооны илүүтэй байсан ч төгсгөлд алдааны асуудалд орсон нь давамгайллаа алдах шалтгаан болсон. Хэн нь ч хожсон үр дүнг зөвшөөрхөөр ийм л тоглолтын дараачаар “Арвис” 6-4 харьцаатай ялалт байгуулсан юм. Ингэснээр тэдний футзаланд байгуулсан дараалсан ялалтын цуврал 9 болоод байна. Энэ ням гарагт тэд “Соёмбын Барсууд” багийн эсрэг талбайд гарна.

 

Б.Чин-Оргил дасгалжуулагчтай “Сэлэнгэпресс” 6 оноотой одоогоор 100% амжилттай лигийг үргэлжлүүлж байна. Гэхдээ л лиг бол лиг. Сул өрсөлдөгч гэж үгүй юм. Энэ тойрогт “Баянгол ФС” баг тэдний эсрэг зогссон бөгөөд тун эвгүй нөхцлөөс хожлын гурван оноог авж чадсан. Тооны харьцаа 5-5 болон тэнцээд байхад тэд 6 дахь бөмбөгийг оруулж ялалт байгуулсан. Хожил байгуулсан нь мэдээж хэрэг тэдэнд сайн, гэхдээ түүнээс сайн зүйл нь багийн ойлголцол. Тойрог бүр дээр онцлон хэлж байгаа шинэхэн ахлагч А.Чинзориг энэ тоглолтонд мөн багаа сайн удирдаж өөрөө нэг гоолыг оруулсан. Гол тамирчид энэ тоглолтонд мөн харагдсангүй. Гэхдээ ялалт тэдний талд. Харин ням гарагт тэд 16:00 цагаас “Хоромхон” багтай тоглох болно. Энэ тоглолтыг футзалын ордонд хүрэлцэн ирж үзвэл та хөлбөмбөгийн кайфыг хангалттай авах нь гарцаагүй.

“Дэрэн” клүб энэ тойрогт хожил байгуулж чадлаа. Тэдний авьяаслаг довтлогч А.Тэмүүжин өөрийгөө бүрэн харуулж пентатрик / 5 гоол / хийж чухал оноог салгалаа. Тэдний өрсөлдөгч “Continental” эхний тоглолтондоо хожлын оноогоо төгсгөлд харамсалтайгаар алдаж тэнцээд байсан. Энэ алдаагаа давтахгүй нь тулд тоглолтыг сайн эхлүүлсэн ч Б.Гарьдмагнайг зогсоож чадсангүй. Эхний хагасын төгсгөлд ердөө минутын дотор Гарьдаа зүүн хөлийн хүчтэй цохилтоор тэргүүлэгчийн байрлалыг өөрчилсан юм. “Continental” багаас Г.Даваа-Очир, Г.Мөнхнасан нар хоёр гоол оруулсан бол лидер Х.Ислам нэг гоол оруулжээ. Түүнийг Гарьдаа маш сайн хамгаалж тоглосон байгаа. “Continental” эхний хоёр тоглолтоос тэнцээ, хожигдол амсаад байна. Одоо хожил чухал дараагийн өрсөлдөгч нь тоглолт таараад байдаг “Баянгол ФС” байх болно. Гэхдээ энэ тоглолт хоёр долоо хоногийн дараа буюу 1-р сарын 30нд болох юм.

“Улаанбаатарын Мазаалайнууд” эхний хожлоо байгуулсанаар хүснэгтийн 7-р байр хүртэл дэвшлээ. Тэд “ФС Улаанбаатар” клүбийг 6-0 харьцаатай хожсон юм. Мазаалайнууд дараагийн тоглолтоо оноо авж чадаагүй байгаа “Баянгол ФС” багтай хийх бол “ФС Улаанбаатар” Хангарьд багтай тоглох хуваарьтай байна. Япон тамирчид болоод багийн гол тамирчдаа алдаад байгаа тэд ярилцах зүйл маш их байна. Бүх зүйл одоогоор тэдний эсрэг байгаа. Гэхдээ лигийн тэргүүлэгч багийг ялж эхний хожлоо байгуулж чадвал тэдний тоглолт нь сэргэх болно.

ЭХ СУРВАЛЖ: http://the-mff.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж