Дэлхийн мусульман шашинтнуудын хамгийн том цугларал Хаж мөргөл өнөөдөр /2020.07.29/ эхлэх аж. Хэдий дэлхий даяар цар тахал нүүрлэж, улс орнууд олон хүнийг хамарсан арга хэмжээнүүдээ цуцлаад байгаа ч Саудын Арабын эрх баригчид уламжлал болсон мөргөлөө зохион байгуулахаар шийджээ.
Харин олон улсаас зорин ирдэг мөргөлчид энэ жилийн мөргөлд оролцох боломжгүй бөгөөд зөвхөн Саудын Арабын иргэд энэ жилийн мөргөлд оролцох юм байна.
Жил бүрийн мөргөлд дунджаар хоёр сая орчим оролцдог ч энэ жилийн хувьд 10 мянга гаруй хүн оролцох төлөвтэй байна. Хаж мөргөлд оролцохоор бүртгүүлсэн хүмүүс өнгөрсөн амралтын өдрүүдэд Мекка хотод ирж коронавирусийн шинжилгээ өгсөн гэж албаны хүмүүс мэдээлжээ. Мөн мөргөлчдийг мөргөлд оролцохоос өмнө болон дараа нь тодорхой хугацаанд тусгаарлах арга хэмжээ авч байгаа гэв.
Хаж мөргөл нь Исламын шашны үндсэн таван зарчмын тав дахь нь бөгөөд мусульманчууд жил бүр Аллах Эзний үүрэг даалгавар болох ариун хаж мөргөлийг үйлдэхээр дэлхийн өнцөг булан бүрээс яс үндэс, өнгө зүс, хэл яриа үл харгалзан Саудын Арабын Мекка хотод хуран цугларч, залбирал үйлддэг уламжлалтай. Дэлхийн хамгийн том шашны цугларалтуудын нэг Хаж мөргөлийг зохион байгуулахын тулд Саудын Арабын засгийн газар мөргөлчдийн тээвэр, орон байр, хангамж, аюулгүй байдлыг хангахад ихээхэн хөрөнгө, хүч зарцуулдаг. 2015 оны мөргөлийн үеэр зохион байгуулалт хангалтгүй байснаас мөргөлчдийн шахцалдаан дунд 2,300 хүн амь үрэгдэж байжээ.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ