Монгол Улсын иргэн бүр эрүүл аюулгүй орчинд амьдрах, амьд явах, сурах, хөгжих, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Үндсэн хуулиар зааж өгсөн энэ эрх хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хамгийн тулгамдсан асуудал болжээ. Гурван сая гаруй хүн амтай монголчуудын 103 мянга 993 нь хөгжлийн бэрхшээлтэй гэсэн судалгаа бий. Зуун мянга гэдэг нийт хүн амын тоотой харьцуулахад бага бус үзүүлэлт. Гэтэл улсаас эдгээр иргэдээ ая тухтай, амар тайван амьдрах нөхцөлөөр хангаж чаддаггүй хэвээр л байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан цэцэрлэг сургууль цөөн, тэдний боловсрол, хувь хүний хөгжил хөсөр хаягддаг учраас л ажил хийж мөнгө олох боломж нь хумигддаг. Тиймээс л Монголын нийгмийн эмзэг бүлгийн хүмүүс болдог нь нийгэмдээ “хөгжлийн бэрхшээлтэй” гэж харагддаг сөрөг хандлагатай холбоотой. Хэдийгээр манай улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэд хэсэг бүлгээрээ нийлж байгуулсан холбоо, төрийн бус байгууллага 500 гаруй байдаг ч хүүхэд залуусын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлдэг газар тун ховор аж.
Энэ ч үүднээс сонсголын бэрхшээлтэй хүүхэд залуусын чөлөөт цагаа өнгөрүүлдэг газар нь саяхныг хүртэл Христийн сүм байж ирсэн. Тэд шашин шүтэхээс илүүтэй англи хэл сурч, бие биетэйгээ танилцаж, уулзаж чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх гэж арга ядахдаа сүм барааддаг байсан бол одоо өөрсдийн гэсэн цугладаг клубтэй болжээ.
Энэ бол Сүхбаатар дүүргийн нутагт байрлах Монголын анхны “Deaf club of Mongolia” буюу Монголын сонсголгүй иргэдийн клуб. Ирэх сараас албан ёсоор үүдээ нээх тус клубийг хүүхэд залуус өөрсдөө засч тохижуулжээ. Энэ ч утгаараа гэртээ байгаа мэт тохилог орчныг бүрдүүлсэн байв. Гал тогоо, амралт, зочны өрөө, сургалтын танхим бас онлайн телевизийг нэвтрүүлэхээр студи байгуулахаар бэлтгэл ажлаа базааж байв. Клубт одоогоор 20 гаруй залуус нэгдсэн бөгөөд тэд чөлөөт цагаараа цугладаг гэнэ. Сонсголын бэрхшээлтэй хүүхэд залуусын хувьд спортоор хичээллэх, гадаад хэл сурах, IT чиглэлээр суралцах хүсэлтээ илэрхийлдэг байна.
Тус клубын менежер хэлснээр клубийг 29 дүгээр сургуулийг түшиглэн байгуулжээ. Энэ нь хүүхдүүд замаасаа төөрөх эрсдлээс сэргийлж буйтай холбоотой гэнэ.
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХЭД ЗАЛУУС ЧӨЛӨӨТ ЦАГАА ӨНГӨРҮҮЛЖ БАС ЭРХЭЭ ХАМГААЛУУЛНА
Deaf club of Mongolia” клубийн зохицуулагч, менежер Б.УУГАНБАЯР:
-Монгол Улсад анх удаа 2015 онд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах хууль батлагдсан ч бэлгэдлийн шинж чанартай бодит амьдрал дээр хэрэгждэггүй. Энэ хуулийг судалж үзэхэд 60 хувийг нь би ойлгоогүй. Уг нь хууль санаачлагчид хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй ядахдаа нэг өдөр хамт байж, тэдэнтэй уулзсан бол бэлгэдлийн шинж чанартай биш бодит амьдралтай нийцсэн хууль батлагдах байсан. Үүнээс гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэд сурч боловсрох, чөлөөт цагаа өнгөрүүлэх төв маш бага. Тусгай сургууль, цэцэрлэг нь сургуулиас гадуур боловсрол хөтөлбөр бараг заадаггүй.
Тэд сүмийн журмаар л өөрсдийгөө хөгжүүлэхэд анхаарч, бие биетэйгээ уулздаг байсан бол одоо албан ёсны чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлдэг газартай боллоо. Бидний гол зорилго бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуусын хувь хүний хөгжил боловсролд анхаарна. Бас эрхийг нь хамгаална.
Нийгэмд тэдний эрх маш их зөрчигддөг учраас эдгээр хүмүүсийн өмнөөс дуугардаг, ярилцдаг хүн байх ёстой. Тухайлбал, хөдөлмөрөө шударгаар үнэлүүлж чаддаггүй. Ажил олгогч нар нь сонсголын бэрхшээлтэйг нь далимдуулан дутуу цалин өгдөг эсвэл огт өгдөггүй, цагдаа нар дохионы хэл ойлгодоггүйн улмаас зүгээр л торгууль биччихдэг. Гэтэл тухайн хүн яагаад торгуулснаа ч мэддэггүй. Мэдээлэл авах боломж нь ч хомс. Дохионы хэлмэрчтэй телевиз маш цөөхөн. Харин сүүлийн үед хүүхэд залуус ухаалаг утас ашиглаж сурч байгаа нь давуу талж болж байна. Бид цахим орчин, фэйсбүүкээр дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан онлайн телевиз байгуулахаар студиэ бэлдэж байна. Сонсголгүй хүүхэд залуучуудын хөгжлийн төв бол улс төр, шашин, төрийн бус байгууллагаас ангид клубын чиглэлээр үйл ажиллагаа явуулахдаа эхний ээлжид хүүхэд залуусыг мэдээллээр хангана. Манай клубт одоогоор албан ёсны гишүүн болсон 20 гаруй хүүхэд бий. Тэд чөлөөт цагаа клубтээ өнгөрүүлдэг. Клуб албан ёсоор наймдугаар сараас үүдээ нээхэд гишүүдийн тоо ч нэмэгдэх байх.
Манай клубт зөвхөн сонсголын бэрхшээлтэй хүүхэд залуус ч биш иргэд ч бас зочилж, тэдэнтэй нэгдэж болно. Тэдний нөхцөл байдлыг ойлгох хэрэгтэй. Нийгэм нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ “хөгжлийн бэрхшээлтэй” гэж харахгүй бол тэд нийгмийн харилцаанаас хоцрохгүй.
Хамгийн тод жишээ нь гэхэд л тэд бусадтай адил суралцах нь нээлттэй болно шүү дээ. Гэтэл ийм боломж нь хомс байна гэлээ. Хүүхэд залууст хамгийн тулгамдсан асуудал болох мэдээллийн хомс байдал, нийгмийн харилцаанаас хоцрогддог асуудлыг нь бид шийдэхийн төлөө өөрсдийн бага ч болов хувь нэмрээ оруулахаар клубээ үүсгэн байгуулсан юм гэлээ.
Дэлхийн улс орнуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ “гадуурхах” бус эсрэгээрээ хувь хүний хөгжил рүү анхаарсан клубууд нь хөгжсөн маш олон байдаг аж. Энэ ч утгаараа хөгжлийн бэрхшээлтэй иргэд нь бусадтайгаа адил сурч бас ажиллаж хөдөлмөрөө шударгаар үнэлүүлдэг байна. Энэ ч үүднээс гадаадын улс орнуудын туршлагыг Монголдоо нэвтрүүлэх зорилгоор анх удаа Deaf club of Mongolia” буюу Монголын сонсголгүй иргэдийн клубыг нээж байгаа нь энэ аж. Тус клуб нь хоёр хэлмэрчтэй тул хүн бүхэнд нээлттэй. Клубээр зочилсон хэн ч байсан сонсголын бэрхшээлтэй иргэдтэй нэг өдрийг өнгөрүүлж, тэднийг ойлгож, харилцан суралцах ч боломж нь нээлттэй.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ