Дэлхийн 216 улсад тархсан коронавирусийн халдвар одоо ч намжих болоогүй, хүн төрөлхтнийг “айдас”-т автуулж байна. Цар тахлын улмаас улс орнууд хилээ хааж, хөл хорио тогтоосон нь Монгол Улсын иргэдэд хүндхэн тусч буй. Тиймээс ч эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа юм. Гадаад харилцааны яамны мэдээлсээр долдугаар сарын 24-ны өдрийн байдлаар дэлхийн 55 улсаас 11 мянга 951 иргэн нутаг буцах хүсэлт гаргажээ.
Монгол Улс гадаад улсад байгаа эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийг татан авах ажиллагааг нэгдүгээр сарын 28-аас эхлэн зохион байгуулж, долдугаар сарын 28-ны өдрийн байдлаар 45 улсаас агаарын болон авто зам, төмөр замаар нийт 14 мянга 755 иргэнийг татан аваад байна.
Тодруулбал, 40 удаагийн тусгай нислэгээр 44 орноос иргэдээ татан авчээ. Долдугаар сард нийт 12 удаагийн нислэг үйлдэхээр төлөвлөж байсан бол гурван нислэгийг нэмж, 15 болгосон. Ингэснээр өнөөдөр /2020.07.29/ Улаанбаатар-Сөүл чиглэлд БНСУ-д байгаа иргэд, маргааш Улаанбаатар-Сидней чиглэлд Австралид байгаа нийт 950 иргэн эх орондоо ирэх аж.
Долдугаар сард хийгдсэн тусгай үүргийн нислэгүүдийг тоймлон хүргэе.
- Долдугаар сарын 4-ны өдөр Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор нийт 263 иргэн эх орондоо ирсэн.
- Долдугаар сарын 7-ны өдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор нийт 172 иргэн ирсэн.
- Долдугаар сарын 8-ны өдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор нийт 258 иргэн ирсэн.
- Долдугаар сарын 9-ны Туркийн Истанбул чиглэлийн тусгай үүргийн онгоцоор нийт 261 иргэн ирсэн.
- Долдугаар сарын 12-ны өдөр Афганистанаас 62 энхийг сахиулагч эх орондоо ирсэн.
- Долдугаар сарын 14-ны өдөр “Хүннү Эйр” ХХК-ийн тусгай үүргийн онгоцоор 51 энхийг сахиулагч эх орондоо ирсэн.
- Долдугаар сарын 15-ны өдөр хоёр удаагийн транзит нислэг үйлдэж, АНУ, Сингапур, Тайланд, Бразил, Аргентин улсад байсан иргэдээ авчирсан. Эхний онгоцоор АНУ, Сингапур, Тайланд, Бразил, Аргентин улсад байсан нийт 261 иргэн эх орондоо ирсэн бол хоёр дахь тусгай үүргийн онгоцоор АНУ, Сингапур, Тайланд, Бразил, Аргентин улсад байсан нийт 167 иргэн эх орондоо ирсэн.
- Долдугаар сарын 20-ны өдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор нийт 265 ирсэн ирсэн.
- Долдугаар сарын 21-ны өдөр Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор нийт 260 иргэн ирсэн.
- Долдугаар сарын 27-ны өдөр Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор Европоос 264 иргэн эх орондоо ирсэн.
- Долдугаар сарын 28-ны өдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 262 иргэн эх орондоо ирсэн.
Тэгвэл өчигдөр /2020.07.27/ Улсын Онцгой комисс хуралдан ирэх наймдугаар сард 14 удаа захиалгат нислэг үйлдэн 3500 орчим иргэнийг татаж авахаар шийдвэрлэсэн.
- Наймдугаар сарын 01-нд Сөүл-Улаанбаатар
- Наймдугаар сарын 05-нд Сиатл-Улаанбаатар
- Наймдугаар сарын 06-нд Шинэ Дели-Улаанбаатар
- Наймдугаар сарын 07-нд Токио-Улаанбаатар
- Наймдугаар сарын 08-нд Франкфурт-Улаанбаатар
- Наймдугаар сарын 10-нд Прага-Улаанбаатар
- Наймдугаар сарын 14-нд Сөүл-Улаанбаатар
- Наймдугаар сарын 15-нд Сөүл -Улаанбаатар/транзит
- Наймдугаар сарын 20-нд Истанбул-Улаанбаатар
- Наймдугаар сарын 21-нд Франкфурт-Улаанбаатар
- Наймдугаар сарын 22-нд Сөүл-Улаанбаатар
- Наймдугаар сарын 24-нд Токио-Улаанбаатар
- Наймдугаар сарын 26-нд Франкфурт-Улаанбаатар
- Наймдугаар сарын 27-нд Сидней-Улаанбаатар чиглэлд тусгай нислэг үйлдэнэ.
Мөн тусгаарлах байрны хүрэлцээ зэргийг харгалзан АНУ, Бүгд Найрамдах Казахстан Улс зэрэг улс руу нэмэлтээр дөрвөн нислэг үйлдэх боломжийг судалж байгаа аж.
Гэтэл гадаадын улс орнуудаас ирж буй иргэдийг дор хаяж 21 хоног тусгаарлаж байгаа. Тусгаарлалтад буй хүмүүс эмнэлгийн хяналтаас гарч амжаагүй байхад чартер нислэгээр иргэдээ татан авчирсаар байгаа нь ёстой л саваа бэлдээгүй байж саалиа бэлдэхийн үлгэр болж байна гэвэл нэг их буруудахгүй болов уу.
Эрүүл мэндийн салбарын хөгжил тааруу манай улсын хувьд халдварыг тогтоон барих гэж эмч мэргэжилтнүүд нь эрвийх дэрвийхээрээ зүтгэж байхад гаднаас иргэдээ татан авсаар байвал муугаар ярихад нэг өдөр халдварыг алдах ч эрсдэлтэй.
Улсын онцгой комиссын Шуурхай штабаас ч бас тусгаарлах байрны нөөц хязгаарлагдмал гэдгийг учирлаад байна. УОК-ын дэргэдэх Шуурхай штабын дарга хурандаа Б.Ууганбаярын мэдээлснээр нэг өрөөнд нэг хүн тусгаарлана гэсэн шаардлагаас шалтгаалан байрны хомсдол үүсч байгаа аж. Товчхондоо, гадаадаас эх орондоо ирж буй иргэдийн тоо нэмэгдэхийн хэрээр тусгаарлах байрны хүрэлцээ хомс байгаа нь нууц биш. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад коронавируст халдварын нийт 289 тохиолдол бүртгэгдсэн нь бүгд гаднаас зөөвөрлөгдсөн. Эдгээрээс ХӨСҮТ-ийнхөн 222 хүнийг эдгээсэн ч тайвшрах асуудал биш.
Бид нэг л удаа алдаа гаргавал халдварыг дотоодод алдах аюултай. Цар тахлын аюултай халдварыг дотооддоо алдсан тохиолдолд хүн амын нэг хувь буюу улсын хэмжээд 32 мянга 760 хүн халдвараар өвчилнө гэсэн тооцоо бий. Нөгөө талаар дотоодын олон аж ахуй нэгж, байгууллагуудын нийгмийн хариуцлага, тэдний хэрэгцээ одоо л чухал байна. Зочид буудлуудын үйл ажиллагаа зогссон, гадаад, дотоодын аялагчдын тоо эрс буурсан энэ үед нийгмийн хариуцлагын хүрээнд улсдаа тусгаарлах байраар туслах хэрэгтэй байна.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ