"Энэ жил уралдахаар бүртгүүлсэн морьдын 70 гаруй хувийг нь хаслаа"

Хуучирсан мэдээ: 2020.07.29-нд нийтлэгдсэн

"Энэ жил уралдахаар бүртгүүлсэн морьдын 70 гаруй хувийг нь хаслаа"

"Энэ жил уралдахаар бүртгүүлсэн морьдын 70 гаруй хувийг нь хаслаа"

Монголын Морин Спорт Уяачдын холбооны ажлын албаны дарга Б.Батбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


– Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмын хурдан морины уралдаан дуулиан шуугиантай болж өндөрлөлөө. Яг ямар асуудал дэгдэв?

– Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хороо гэж бий. Үүн дотор хурдан морины салбар хороо, бөхийн салбар хороо, сурын салбар хороо, шагайн салбар хороод багтдаг. Эдгээр хороод нь өөр өөрсдийнхөө спортын төрлүүдийг зохион байгуулдаг гэж хэлж болно. Хурдан морины салбар хорооноос бусад бүх салбар хороодод нь тухайн спортын холбооноос нь төлөөлөл оролцдог. Гагцхүү Монголын Морин Спорт Уяачдын холбооноос Үндэсний их баяр наадмын хурдан морины салбар хороонд төлөөлөл байдаггүй. Уг нь манай холбоо чинь байгуулагдаад 25 жил болсон 21 аймаг, 330 сум, нийслэл түүний зургаан дүүрэгт салбартай 120 гаруй мянган гишүүдтэй Дэлхийн морин уралдааны холбооны гишүүн, Азийн морины уралдааны гишүүн, Дэлхийн үндэсний спортын холбооны гишүүн, Монголын үндэсний олимпийн хорооны гишүүн гээд мэргэжлийн спортын холбоо шүү дээ. Гэвч сүүлийн 10 гаруй жил Үндэсний их баяр наадмаар эрлийз болон Монгол морьдыг ялгаж уралдуулах тал дээр маргаантай байж ирлээ. Угтаа 2019 онд зохион байгуулагдсан холбооны VII их хурлын үеэр уяачдын 80 гаруй хувь нь зөвхөн морьдыг сэрвээний өндрөөр нь хэмжиж уралдуулъя гэж хурдан морины уралдааны дүрмээ баталсан юм. Стандарт хэмжил зүйн газрын "Монгол хурдан морины стандарт" гэж байгаа. Нас насны морьдын сэрвээний өндрийг албан ёсоор батлаад үүнээс өндөр байвал эрлийз гэж үзнэ гэсэн. Үүнийг мэргэжлийн байгууллага нь өөрөө судалгаа, шинжилгээгээ хийгээд бүсчлээд, шалгуур үзүүлэлтээ тавиад гаргачихсан стандарт. Энэ л стандартын дагуу бүхий л уралдаан, тэмцээн зохион байгуулагдах ёстой. Гэтэл Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооны хурдан морины салбар хороо мэргэжлийн байгууллагаас баталсан энэхүү стандартыг, манай холбооноос баталсан дүрмийг дагаж мөрдөхгүй байгаа учир өнөөгийн үүсээд буй энэхүү асуудал гарч ирсэн юм.

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2015 оны журмаар морьдыг зөвхөн үүлдэрлэг байдлаар болон сэрвээний өндрөөр хэмжиж ялгаж уралдуулна гэж заасан. Гэтэл бодит байдал дээрээ гар метр барьцан огт хэмжихгүйгээр ялгаж хасч байгаа нь үнэхээр хоцрогдсон арга барилаар ажиллаж байна. Холбоо хурдан морины сэрвээний өндөр хэмждэг лазер багаж тендер зарлан шалгаруулж стандартчилал хэмжил зүйн газраас тохирлын гэрчилгээ авч хэмжих үйл явцаа олон нийтэд нээлттэй шууд ил тод харуулдаг. Тэр багаж техник хэрэгсэлээр хэмжүүлэх саналаа холбоо өгсөн боловч хурдан морины салбар холбоо хүлээж аваагүй. Тодорхойгүй байх нь тэдэнд ашигтай байдаг байх.

Энэ жил уралдахаар бүртгүүлсэн морьдын 70 гаруй хувийг нь хаслаа. Уяачдын маань бүтэн нэг жилийн хөлс хүч, хөдөлмөрийг үнэгүйдүүллээ. Энэ жилийн наадмаар үнэхээр Монгол морьд ялгараад уралдсан уу гэвэл үгүй. Уяачид чинь бие биенийхээ морьдыг мэдэлгүй яах вэ. Үүнтэй л санал нийлэхгүй байгаа юм.

Жишээлбэл, энэ жилийн баяр наадмын соёолон насны хурдан морьдын уралдаанд 184 хурдан хүлэг бүртгүүлсэн боловч 106 нь буюу 57.6 хувь нь хасагдсан. Энэ бол хамгийн бага морьд хасагдсан тохиолдол нь.

-Монголын Морин Спорт Уяачдын холбооноос наадмын өмнө Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хороонд саналаа хүргүүлсэн үү?

-Энэ жил цар тахалтай холбогдуулан наадмыг зохион байгуулах эсэх тал дээр телевиз, вебсайтууд санал асуулга авч байлаа. Үүн дээр манай холбооноос зургадугаар сард Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, хурдан морины салбар хорооны дарга Бригадын генерал Х.Батбилэг болон Монгол Улсын Ерөнхийлөгч гуравт албан хүсэлтээ илгээсэн. Манай холбооны зүгээс гурван саналыг дэвшүүлсэн. Үүнд:

  • Үндэсний их баяр наадмыг хөдөө орон нутаг болон нийслэлд нэгэн зэрэг зохион байгуулах
  • Тодорхой сум аймагт хязгаарлалтгүйгээр баяр наадмаа зохион байгуулах
  • Энэ жил онцгой нөхцөл байдалтай уялдуулан эрлийз, Монгол морьдын ялгахгүйгээр зөвхөн нас насны ангилалд нь уралдуулах эсвэл зөвхөн сэрвээний өндрөөр хэмжиж ялган уралдуулахаар  түр журам гаргах болон хурдан морины хороонд төлөөллөө оруулах гэх зэрэг саналаа дэвшүүлсэн. Гэтэл түр журам болон комисст орох саналуудыг маань дэмжээгүй.

Монголын Морин Спорт Уяачдын холбооны зүгээс эрлийз, монгол морьдыг ялгах Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хороонд төлөөллөө оруулдаггүй.

Уяачдын дунд холбооноос л морьдыг зүй бусаар ялгаж, хасч байна гэх ташаа ойлголт гараад байдаг.

-Наадмын өмнөхөн Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар эрлийз гурван насны морьдыг уралдуулах шийдвэр гаргасан. Үүн дээр танай холбооны зүгээс санал гаргасан уу?

-Анх онцгой нөхцөл байдлын үед зургаан насны морьд уралдуулж, уяачдын баярыг тэмдэглэхгүй гэх шийдвэр гарсны дараа уяачид гомдол ихээр гаргасан. Нийт уяачид маань хурдны шинэ хэвшлийн хурдан адуу уяаж сойж морьдоо бэлдэж байна шүү дээ. Долдугаар сарын 7-ны сунгааны дараа манай холбоонд 2000 гаруй уяачдын гарын үсэгтэй шаардах, өргөх бичиг ирсэн юм. Энэхүү бичгийн гол агуулга нь болохоор "Ардын хувсгалын 99 жилийн ойн баяр наадмаар эрлийз гурван насны ангиллаар морьдыг уралдуулах нь зүйтэй. Уяачид бүхэл бүтэн нэг жилийн хугацаанд морьдоо сойж, улсын их баяр наадамдаа зорин ирж нь оролцдог. Битгий уяачдын хөдөлмөрийг үнэгүйдүүлээч. Эрлийз гурван насны ангиллаар морьдын уралдааныг зохион байгуулаач" гэсэн утгатай. Холбоо шаардах бичгийг хүлээж аваад шууд төр засаг руу уламжлаагүй. Харин энэ асуудлаар холбооныхоо албан ёсны цахим хуудсаар дамжуулан санал асуулга авах шийдвэр гаргасан. Ийнхүү эрлийз гурван насны морьдыг уралдуулах уу? гэсэн санал асуулга явуулахад 15 мянга гаруй хүн үзэж, 1500 хүн саналаа өгсөн. Нийт санал өгсөн хүмүүсийн 73 хувь нь эрлийз гурван насны морьдыг уралдуулахыг дэмжиж байна гэсэн л дээ. Ийнхүү долдугаар сарын 8-ны өдөр холбоо Монгол Улсын Шадар сайдад эрлийз гурван насны ангиллаар морьдыг уралдуулах уяачдынхаа санал хүсэлтийг, цахим судалгааны хамтаар хүргэсэн. Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хороо болон хурдан морины салбар хороо энэ асуудлыг хэлэлцээд дэмжиж шийдвэрлэсэн. Энэ бол уяачдын хөдөлмөрийг үнэлсэн сайхан шийдвэр.

-Хурдан морины салбар хороонд танай холбооноос төлөөлөл байдаггүй юм байна. Тэгээд ямар хүмүүс энэ салбар хороонд багтаад байна вэ?

-Хурдан морины салбар хороог Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, Бригадын генерал Х.Батбилэг удирдаж байгаа. Харин морьдыг ялгах ажлыг Мал эмнэлэг үржлийн газрын алба хаагчид хариуцаж ажилладаг. Морьдыг ялгах ажлыг хариуцаж буй үүлдвэрлэг байдал тогтоох комиссынхон морьдыг хасахдаа яагаад хасагдсан талаар нь тайлан, протоколдоо тусгаж өгөх хэрэгтэй. Гэтэл хурдан морины салбар хорооны сүүлийн хэдэн жилийн тайланг үзэхэд нэг ч хэмжээс болон үүлдэрлэг байдлын талаарх мэдээлэл байдаггүй. Зүгээр л тэдний өдөр, тэр ангилалд бүртгүүлсэн тэдэн морь үүлдэрлэг байдал, сэрвээний өндрөөс болж хасагдлаа л гэж бичдэг. Нарийн зүйл юу ч байхгүй.

-Танай холбоо ер нь бие даан зохион байгуулж буй уралдаанууддаа морьдыг хэрхэн ангилж, уралдуулдаг юм бэ?

-Манай холбооны зохион байгуулдаг "Их хурд" уралдаан, Засгийн газрын тогтоолтой бүсийн уралдаануудын зохион байгуулалтыг 100 хувь өөрсдөө хариуцаж байдаг. Эдгээр зохион байгуулдаг уралдаанууддаа зөвхөн сэрвээний өндрийг нь хэмжиж морьдыг ялгадаг. Сэрвээний өндрийг хэмжихдээ стандарт хэмжил зүйн газрын тохирлын гэрчилгээтэй лазер метрээр хэмждэг. Бид энэ лазер метр дээр тендер зарлаж, аль болох хүний оролцоогүй хэмжих багажаар, дараа нь маргаан үүсгэхгүйг боддог. Морьдыг хэмжиж буй агшин хэмжээстэйгээ цуг шууд дэлгэцэн дээр олон нийтийн өмнө ил гардаг. Хэвлэл мэдээлэл, олон түмэн энэ бүгдийг хянаж байна. Гэтэл хурдан морины салбар хороо цагдаагаар тойруулан хамгаалалт хийчээд морьдыг шүдэлгээний хашаанд оруулаад л шугаман метрээр хэмжсэн болоод үзэмжээрээ хасаад байна. Унаач хүүхдийг нь морин дээрээс нь хуу татаад чирээд авч байлаа. Хөөрхий тэр хүүхдүүд чинь түрүүлнэ, айрагдана гэсэн бодол тээчихсэн л явж байдаг. Эцэст нь хэлэхэд манай уяачид үнэхээр жудагтай байгаа. "Төр наадмаа мэдэж байгаа юм байна", "Морин дээр хэрэлдээд яах вэ" гэх зэргээр их хүлээцтэй ханддаг байлаа. Одоо бол улам л хэцүү болж байна. Бас нэг зүйл хэлмээр байна. Энэ жил устай бороо их орсны улмаас Хүй долоон худгийн морьд уралдах зам их асуудал дагуулсан. Ер нь наадам их гантай, их усан бороотой нөхцөлд зохион байгуулагдаж болно.Гагцхүү байгалийн нөхцөл байдалтайгаа уялдуулан морьдын уралдах зайг тохируулах шаардлагатай. Ингэхлээр яалтачгүй мэргэжлийн спортын холбооны оролцоо санал зайлшгүй хэрэгтэй юм шиг санагдсан. Хэрэв энэ жилийн наадмын өдрүүдэд устай бороо зогсолтгүй орсон бол бидэнд нөөц төлөвлөгөө байсангүй.

-Ирэх Пүрэв гаригт танай холбооны зүгээс уяачидтайгаа хамтарсан хэвлэлийн бага хурал зохион байгуулна гэсэн. Үүгээрээ ямар санал, шаардлага тавих вэ?

– Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмаар дур зоргоороо монгол, эрлийз морьдыг ангиллаа. Уяачид өнөөдрийг хүртэл энэ асуудал дээр жудаг гаргаж тэвчсэн. Хэрвээ ийм асуудал дахин гарвал уяачид хүлээн зөвшөөрөхгүй. Цаашдаа тодорхой түвшний эрх бүхий албан тушаалтан, байгууллагуудад хандаж, асуудлаа шийдвэрлүүлнэ гэсэн байр суурьтай хэвлэлийн бага хурал зохион байгуулна. Энэхүү хэвлэлийн хуралд хөдөө орон нутгийн уяачид, хэвлэл мэдээллийн байгууллага, хуулийн фирмүүд гээд нилээд өргөтгөсөн бүрэлдэхүүнээр оролцох болно.

– Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж