Иракаас АНУ-ын байлдааны ангиудыг ирэх сард багтааж бүрэн гаргана гэж АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама уржигдар ахмад дайчдын өмнө үг хэлэхдээ дахин баталлаа. Харин ирэх жилийн эцэс гэхэд Ирак дахь АНУ-ын цэрэг дайны оролцоо бүрмөсөн дуусгавар болно гэдгийг тэрээр мөн давтан дурсав. Ирэх сард байлдааны ангиуд нь гарснаар АНУ-ын 65 мянган цэргээс 55 мянга нь үлдэж байгаа юм. Барак Обама хэлэхдээ, “Байлдааны ангиуд гарсны дараа АНУ-ын цэргийнхний гол чиг үүрэг нь иракийн цэргийнхнийг сургах болон анги нэгтгэлүүдийн бэлтгэлийг хангах байх болно” гэжээ.
“Энэ бол аюултай даалгавар” гэж тэрээр цохон хэлээд “ Иракт гарч байгаа ахиц дэвшлийг зогсоохоор оролдож байгаа сум, бөмбөг агссан этгээдүүд урьдын адил байсаар байна. Аймшигт үнэн юу вэ гэвэл америкчуудад учруулах хохирлын төгсгөл харагдахгүй байгаа явдал юм” гэжээ. Үнэхээр ч сүүлийн хоёр сарын турш Иракт болсон алан хядлага улам бүр газар авснаар Иракт сүүлийн хоёр жилийн хугацаанд гарсан хамгийн олон тоотой хохирол энэ хоёрхон сард гарчээ.
Нийт 535 хүн алан хядлагын золиос болсон гэж байгаа ч АНУ-ын засаг захиргаа энэ тоог хоёр дахин бага гарсан байж магадгүй гэнэ. Ямар боловч энэ оны 3-р сард Иракт явагдсан сонгуулийн дүн мухардалд орсноос хойш алан хядах ажиллагаа бараг л өдөр бүр гарах болсон нь АНУ-ын цэргийнхний болон олон улсын хүчнийхний Иракт гүйцэтгэж байгаа үүрэг ролийг улам бүр үнэ цэнэгүй болгосоор байна. Хавар болсон тэрхүү бүтэлгүй сонгуулиар суннитуудын байгуулсан болох “Иракиа” эвсэл хоёрхон мандатын илүүтэйгээр шийтүүдийн дэмжлэгийг түлхүү авдаг сөрөглдөгч улстөрийн намаас илүү гарсан билээ. Ингэснээр Иракийн парламентад 91 суудалтай экс-ерөнхий сайд Айяд Аллавигаар толгойлуулсан суннитуудын эвсэл болон 89 суудал аваад байгаа Нури Маликийн толгойлсон шийтүүдийн эвсэл хоёрын аль нь Иракийн Засгийн газрыг толгойлох вэ гэдэг дээр маргаан үүсчээ. Энэ маргаан шийдэгдэхгүй өдийг хүрсэн нь ийнхүү үндэстэн хоорондын тэмцэл, хүчирхийлэлд хүргээд байна.
•2010.07.18. Багдадын орчим амиа золиослогчдын үйлдсэн дэлбэрэлтэд 43 суннит үндэстнүүд амь үрэгдсэн.
•2010.07.7 Мөн Багдад хотод шийт үндэстнүүдийн мөргөлийн баярын үеэр болсон цуврал дэлбэрэлтээр 40 хүн амиа алдав.
•2010.05.10 Иракийн хэд хэдэн газар бөмбөг тэсэлж, зэвсэг хэрэглэсэн цуврал аллагын улмаас 100 хүн нас барав.
•2010.04.23 Багдад хотод болсон цуврал дэлбэрэлтийн улмаас 58 хүн амиа алдав.
•2010.04. 04 Багдад дахь элчин сайдуудын байрны ойролцоо дэлбэрсэн бөмбөгөнд өртөж 41 хүн амиа алдав.
•2010.03.26 Иракийн Диял мужид болсон хоёр дэлбэрэлтэд өртөн 40 хүн амиа алдав.
Чухам энэ бүхнээс сэргийлэх үүрэг хүлээсэн гэх АНУ-ын цэргийн хүчний энхийг сахиулж, Иракийг сэргээн босгох ажиллагаа одоогоор хүссэн үр дүндээ хүрэхгүй байгааг дээрхи хүчирхийллийн тоо баримтууд харуулж байна.
Энэ бүхний хажуугаар Иракийн сэргээн босголтод зориулсан байх ёстой их хэмжээний хөрөнгөний 96 хувь буюу 8.7 тэрбум ам.долларыг чухам юунд зарцуулсан талаар АНУ-ын цэргийнхэн тайлбар өгч чадахгүй байгаа гэнэ. Энэ талаар Иракийн сэргээн босголтыг хянаж байх үүрэгтэй Ерөнхий хянагч мэдэгдэл хийсэн бөгөөд дээрхи олон тэрбум долларыг Иракт хэвийн нөхцөл байдал тогтоох төрөл бүрийн төслийг санхүүжүүлэхэд зориулах ёстой байсан гэж хэлжээ. Гэвч 2004-2007 оны хооронд Пентагон дээрхи олон тэрбумыг чухам ямар зүйлд зарцуулсан талаархи баримтууд одоо болтол олдоогүй байгаа аж. Харин энэ хооронд Иракт 50 хэм хүртэл халж, хотын иргэдийн цахилгааныг тасалснаас тэд агааржуулагч болон хөргөгч нь ажиллахгүй байгаа талаар гомдол тавьсаар гудамжны сүүдэр бараадан сууцгаах болсон гэнэ. Гэвч тэднийг дайны сүүдэр болох алан хядлагаас эмээх айдас хаана ч явсан дагасаар байх болсон нь хамгийн том асуудал болж байгаа аж.
Афганистан
Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Нидерландын Вант улс Афганистан дахь энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож байгаа өөрийн цэргийг гаргалаа. Ингэснээр тус улс НАТО-ийн эвслийн орнуудаас өөрийн цэргийг тэндээс гаргаж байгаа анхны улс болж байна. Нидерландчууд тус улсаас 1950 цэргээ аван гарч одох хүртлээ эгнээнээсээ 20 дайчнаа алдаж, 140 цэрэг нь шархадсан байна. Ялангуяа сүүлийн хоёр сар буюу 6,7 саруудад НАТО-ийн удирдлаган дор байгаа олон улсын энхийг сахиулах хамтарсан хүч (ISAF) болон АНУ-ын армийн бие бүрэлдэхүүн урьд өмнөхөөс илүү их хохирол амссан нь Нидерландын парламентыг цэргээ татахад хүргэсэн байж болох юм.
Афганистаны зуны сарууд өрнөдийн дайчдад үнэхээр “халуухан” болж бараг л өдөр бүхэн зэвсэгт мөргөлдөөн эсвэл тэсрэлт дэлбэрэлттэй тулгаран тэдний эгнээнээс улам бүр хорогдсоор ирэв. Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт АНУ-ын гурван цэрэг бөмбөгний дэлбэрэлтэд өртөн алагдсан бол баасан гаригт олон улсын хүчний нэг цэрэг зэвсэглэсэн этгээдүүдтэй буудалцах үеэр эрсдэж, хоёр нь зам дээр тавьсан бөмбөгний тэсрэлтэд амиа алдсан байна. Эдгээр тоо баримтууд энэ оны 7-р сарыг 2001 оноос АНУ болон олон улсын цэргийн хүч үүрэг гүйцэтгэж эхэлснээс хойшхи хамгийн цуст сар болгон түүхэнд тэмдэглүүлж байна. Зөвхөн 7-р сард л гэхэд АНУ-ын 66 цэргийн албан хаагч амиа алдсан бол энэ тоог олон улсын хүчний хохиролтой нийлүүлбэл нийтдээ 107 болж байна. Өдий тооны олон улсын энхийг сахиулагч “хилийн чинадад” эрсэдсэн байгаа нь өрнөдийнхөнд доргилт өгсөн байж болзошгүй ажээ.
Хэдий тийм боловч Иракийн цэргийн тоог бууруулах тухай ярьж байгаа энэ үед Афганистан дахь цэргийн тоогоо 30 мянгаар нэмэх тухай Барак Обамагийн баталсан төлөвлөгөө хэрэгжиж эхлэх бололтой. Хэдийгээр мөн л ирэх жил Афганистанаас АНУ-ын цэргийг гаргах ажиллагаа эхэлнэ гэж байгаа боловч хэмжээний хувьд маш бага байх бололтой. Тэгээд ч Барак Обама уржигдархан хэлсэн үгэндээ Афганистанд явуулж байгаа үйл ажиллагаандаа ихэд өөдрөг хандаж байгаагаа харуулахыг хүсч байгаагаа илэрхийлж байлаа. Ноён Обама ялангуяа өрнөдийн зэвсэг нэгт нөхөддөө илүү найдлага тавьж байгаа ч Нидерландын үлгэр жишээг дагах өөр хэн нэгэн ойрын хугацаанд гарч ирж болзошгүй гэж шинжээчид дурсаж эхэлжээ. Хэдийгээр нефтийн хар толбоор харилцаагаа бага зэрэг халтартуулчихсан ч үндсэндээ АНУ-ын хамгийн дотно түнш болж байдаг Их Британи улс мөн л ирэх онд Афганистанаас цэргээ гаргах талаар ярьж эхэлж байгаа юм. Энэ талаар Их Британийн Ерөнхий сайд Жеймс Кэмерон тайлбар өгөхдөө “ Ийм зүйл болно гэж хүлээж болох юм. Гэхдээ нөхцөл байдал шийдвэр гаргахад чухал нөлөөтэй” гэж хэлсэн байна. Ерөнхий сайдын хэлж байгаагаар бол афганчууд олон улсын хүчнийхний тогтоогоод байгаа хяналтыг хэдий чинээ түргэн өөртөө авч чадна, британичууд төдий чинээ хурдан гэртээ харих болж байгаа аж.
Харин америк цэргүүдийн хувьд 2014 оны дунд хүртэл Афганистанаас буцах тухай бодохын ч хэрэггүй байж болзошгүй. Учир нь мөн л дотоодын хагарал тэмцлээсээ болж афганчууд өөрийн нутагтаа хяналтыг тийм ч хурдан бие даан тогтоож чадахгүй төлөвтэй байна. Мөн “жанжлалын” талбар дээр АНУ-ын албан бус өрсөлдөгч болдог ОХУ зэрэг орон Афганистаны ирээдүйд үүрэг гүйцэтгэх боломжтой гэдгээ илэрхийлж эхэлсэн нь АНУ-ын удирдлагуудыг гаргах шийдвэрээ дахин дахин хянаж үзэхэд хүргэж мэдэхээр байна.
М.Наст