Энэ дэлхий дээр хүн бүр дахин давтагшгүй өөрийн онцлогтой төрдөг. Гэхдээ хүн бүр тэгш эрх, тэгш боломжоор хангагдаж чаддагүй. Ялангуяа арьс өнгөөр ялгаварлах үзэл соёлт хүн төрөлхтний ухамсарт илүү гүн суусан гэлтэй. Зөвхөн Барууны орнуудад арьс өнгөөр ялгаварлах үзэл их байдаг гэвэл та буруу бодож байна. Эсрэгээрээ Азид арьс өнгөөр ялгаварлах үзэл илүү хүчтэй байж ч мэдэх. Азийн олон оронд цайвар арьстай хүмүүсийг бусдаас илүү хөөрхөнд тооцогдож, ажилд орох, гэр бүл зохиоход ч давуу тал болдог. Жишээ татвал, Их Британи-Нидерландын “Unilever” компанийн “Fair & Lovely” гэх цайруулах бүтээгдэхүүний брэнд Ази, Африк, Ойрхи-Дорнодод амжилттай худалдаалагдаж, ашиг их олжээ. Тус компанийн сурталчилгаа нь “Хэрэв нөхөр тань таныг тоохоо больж, ажлын хамт олон чинь гадуурхаж, ур чадварыг чинь үнэлэхгүй бол арьсаа цайруулаад амжилтаа ахиулж, хайр дурлалаа эргүүлэн аваарай” гэх үгстэй байв. “Unilever” компанийн зөвхөн Энэтхэг дэх жилийн худалдааны ашиг 500 сая ам.доллар давдаг. Гоо сайхны бусад брэндүүдэд ч “гэрэлтсэн тунгалаг”, “цагаан цайвар” гэх үгсээр “хөөрхөн” хүнийг тодорхойлж, бүтээгдэхүүнээ сурталчлах нь элбэг. Хүмүүс хөдөө аж ахуй, газар тариалангийн хүнд хүчир ажлаас болж халуун нар, хавсарга салхинд гандаж харлаж, борлодог. Тиймээс цайвар арьстай хүн эрх танхи, баян чинээлэг гэх ойлголт Ази, Хойд Африк даяар өргөн тархсан байдаг. Тиймдээ ч Азийн гоо сайхны брэндүүд цайруулах бүтээгдэхүүнд ач холбогдол өгч, ийм бүтээгдэхүүн өндөр борлуулалттай байдаг. Энэтхэгийн соёлд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн гэр бүл бололцсон хосын тухай ярилцахдаа нас, өндөр, боловсролоос гадна цайвар арьсыг нь онцлон дурддаг байна. Учир нь эртний хинди шашны кастын системд бараан арьстай хүмүүсийн биед нь хүрэхээс цээрлэж, голчлон бохир цэвэрлэх гэх мэт ажлыг хийдэг хийлгэдэг байжээ. Түүнчлэн Японы XI зуунаас хойш цонхигор цагаан арьс нь гоо сайхны илэрхийлэл байж ирсэн байна. Японы алдарт “Shiseido” гоо сайхны брэндийн найрлагад арьс цайруулах бодис ихээр агуулагддаг. Өмнөд Солонгост цайруулах, гэрэлтүүлэх гэх үгс 2001 оноос хойш гоо сайхны бүтээгдэхүүнд өргөнөөр хэрэглэгдэх болж, цайруулах төрлийн 1200 орчим гоо сайхны бүтээгдэхүүн зах зээлд худалдаалагдаж байна. Харин цайвар арьст Барууныхны соёлд бор арьс гоо сайхны илэрхийлэл болдог.
Гэхдээ гоо сайхны брэндүүд “хөөрхөн” гэх тодотголыг илүү өргөнөөр харж, “цайвар” гэх үгээс татгалзах болсон нь сайшаалтай. “Unilever” компани дээрх өндөр борлуулалттай “Fair & Lovely” брэндийнхээ нэрийг “Glow & Lovely” болгож өөрчилснөөр цайвар арьсыг сурталчлахаа больжээ. Үүний араас Францын “L’Oreal” брэнд бүтээгдэхүүнийхээ нэрээс “цагаан цайвар” гэх үгсийг хассан байна. Мөн “Johnson & Johnson” компани “Neutrogena” брэндийнхээ цайруулах бүтээгдэхүүнийг худалдаанд гаргахаа зогсоох болжээ. Барууны гоо сайхны брэндүүдэд ийм хувьсгал гарсан нь Жорж Флойд гэх хар арьст залуугийн үхэлтэй холбоотой. Хар арьст залууг “цагаан” цагдаа баривчлах үеэрээ амь насыг нь хохироосноос болж, АНУ даяар төдийгүй дэлхийн бусад олон оронд арьс өнгөөр ялгаварлахын эсрэг жагсаал тэмцэл өрнөсөн. Одоо ч АНУ-ын олон хотод арьс өнгөөр ялгаварлах үзлийг халахын төлөөх тэмцэл үргэлжилж байгаа юм. Египетээс Малайз хүртэл дэлхийн олон оронд арьс өнгөөр ялгаварлах үзлийн эсрэг тэмцэгчид гоо сайхны брэндүүдэд хандан цайвар арьсыг сурталчлахаа зогсоохыг шаарджээ.
Холбоотой мэдээ