БНХАУ-ын бодлогоор Өвөр Монголын Өөртөө засах орны Тунляо хотын бага, дунд сургуульд монгол хэлийг заахгүй болсон нь өвөрмонголчуудын хувьд соёлын гол өвөө гээх аюулд хүргэж болзошгүй талаар ид яригдаж байна. Энэ талаар Япон улсын Шизү-Ока их сургуулийн багш, зохиолч О.Цогттой ярилцлаа.
-Амгалан сууж, сайхан зусч байна уу та? Ярилцлагын эхэнд та өөрийгөө манай уншигчдад танилцуулна уу?.
-Миний нэрийг О.Цогт гэдэг, би Өвөр Монголын Ордос нутгийн Өөшин хошууны хүн. Манж Чин улсын үед бол Хэцүү аймаг гэж нэрлэгдэж байсан. Харин ургийн овгийн хувьд бол би Хэрэйд овогтон хүн.
Би одоо Япон улсын Шизү-Ока их сургуулийн угсаатан зүй, нийгмийн ухааны тэнхимд угсаатан зүй, Монголын түүхийн хичээл заадаг. Голчлон монголчуудын XX зууны түүх, монголчуудын нийгэм, хэлний тухай судалж, хичээл зааж байна. Түүнээс гадна би Ордост байдаг Чингисийн онгоны тайлга, тахилгын ёслолыг зохион байгуулдаг хүн.
Ар Монгол нутгуудаар би бас их сайн явсан. Тухайлбал, 1993 оноос хойш жил бүр Монголд очиж байна. Гэвч энэ жил цар тахлаас болоод очиж чадсангүй.
–Та эх хэл үсэг бичгээ судлах, сурталчлах, хамгаалах, хойч үедээ зааж сургах энэ ариун сайхан үйлсэд хэчнээн жил зүтгэж ирэв?
-Эрдэм шинжилгээний судалгаа, шинжилгээ хийж эхэлснээсээ хойш гэж бодвол 39 жил болж байна. Харин монгол хэл, соёл, түүхийн талаар сонирхож, анхаарч эхэлсэн минь бүүр бага насных.
Би 1964 онд төрсөн хүн. Тухайн үед буюу 60-аад оны эхэн үеэс Өвөр Монголд их ширүүн улс төрийн хөдөлгөөн, соёлын хувьсгал өрнөсөн хэцүү цаг байлаа. Тэр үед Өвөр Монголд их олон монгол хүн хэлмэгдсэн юм. Ийм түүхийг би нүдээр үзэж, биеэр туулсан учир монгол хэл, түүх, үсэг бичиг, соёлыг улам илүү хайрлах сэтгэлтэй өссөн.
1960-аад онд Ордост л гэхэд сургуулийн хичээлүүд монгол хэлээр ордог байсан ч Бээжин үүнийг эсэргүүцэн бүх хичээлийг хятад хэлээр оруулж байсан удаатай. Түүнээс болж олон монгол хүүхдүүд 60,70-аад онд эх хэлээ сурж чадалгүй үлдсэн гашуун түүх бий. Тэр үеэс хойш Хятадын бодлого эргэн суларч, Өвөр Монгол сургуулиуд дахин монгол хэлээрээ хичээл заасаар ирсэн ч энэ жилээс асуудал дахин сөхөгдөж, монгол хэлээр хичээллэхийг хязгаарлаж эхлэх гэж байна.
–Манай хоёр (ар, өвөр) монголчууд саланги тусгаар амьдраад хэчнээн жилийн түүхийг өнгөрөөв? Энэ бүх хугацааны турш өвөр монголчууд босоо монгол бичиг үсгээ алдалгүй хэрэглэж ирсэн нь чухам хэний, юуны гавьяа байв?
-Ар, өвөр хоёр Монгол улс ХХ зууны эхэнд нэг улс болж, тэр бүү хэл хамтдаа социализмын шугамаар явж байсан. Цаашлаад хойд хөршийнхөө ачаар Бүгд Найрамдах Монгол Ард Улс гэж дэлхий дээр хоёр дахь социалист орон болж байлаа. Гэвч удалгүй том гүрнүүдийн ашиг сонирхлоос шалтгаалан эрхгүй тус, тусдаа улс болцгоосон юм.
Улмаар 1920-оод оноос эхлэн ар монголчууд Оросоос кирилл үсгийг нь авч хэрэглэх болсон. Удалгүй өвөр монголчууд ч гэсэн энэ жишгийг дагаж, 1940-өөд оноос эхлэн 1957 он хүртэл Монгол улсын кирилл бичгийн зөв бичих дүрмийг давхар сурч байсан. Учир нь, тухайн үеийн Өвөр Монголын улс төрийн удирдагч бол н.Улаанхүү гэх хүн байлаа. Тэр н.Улаанхүү гэж хүн бол Ю.Цэдэнбал даргын сайн найз, Х.Чойбалсан жанжныг дагаж, дэмждэг хүн байсан юм. Тиймээс тэдгээр удирдагчид нийлээд цаашдаа нэгэн улс болж хөгжихийн тулд оросын бичиг, соёлыг хамт дагаж, сурах хэрэгтэй гэж үзсэн байгаа юм. Тийнхүү нэг цустай, нэг шашинтай, нэг үзэл баримтлалтай, нэг хэл соёлтой хүмүүс нэгдэх хэрэгтэй хэмээгээд н.Улаанхүүгийн заавраар өвөр монголчууд ар монголчуудтай хамтдаа кирилл үсэг сурч байсан. Гэхдээ үүнийхээ зэрэгцээ өвөр монголчууд хуучин монгол үсгээ ч гэсэн алдалгүй хадгалж байлаа.
Гэсэн хэдий ч энэ сайхан төрийн бодлого 1958 оноос эхлээд алга болсон. Үүний учир юу гэвэл Сталин нас барснаас хойш Орос, Хятад хоёр улс хоорондоо зөрчилдөөнтэй болж, хоёр Монгол улс аль ч талыг нь хэт дэмжихгүй гэдэг байр суурьтай байв. Тухайн үед өвөр монголчууд ар монголчуудтай ижил бичиг үсэг сурах нь Бээжинд ашиггүй байсан тул бодлогоор өвөр монголчуудын кирилл үсэг сурах явдлыг бүрмөсөн зогсоосон байдаг. Миний ээж, аав болон тэдний үеийнхэн бол бүгд кирилл үсэг сурч байсан хүмүүс. Тэр байтугай тухайн үед кирилл үсгээр хичээллэж байсан дэвтэр нь ч одоо надад байдаг юм. Ингээд харахад манай үндэстний хэл, соёл хоёр том гүрний дунд хавчигдаж, үл ойлголцлынх нь шуурганд өртөж их зүдэрсэн санагддаг.
–Манай халх монголчууд тусаар тогтносон улс атлаа орос (кирилл) үсэг авчихсан байхад өвөр монголчууд босоо монгол үсгээ хэрэглэсээр байгаад их бахархдаг. Гэтэл өнөөдөр босоо монгол үсгийг өвөрмонгол хүүхдүүдэд зааж сургахад асуудал тулгарч байгаа нь цахим орчинд олны анхаарлыг татаж эхэллээ. Яагаад ийм зүйл болов?
-Босоо монгол бичиг бол монголчуудын эрт дээр үеэс эхлэн хэдэн зууны турш хэрэглэж ирсэн түүхт бичиг үсэг. Ар Монголд ч гэсэн сүүлийн үед Ерөнхийлөгчийн зарлигаар монгол бичгийг төрийн бичиг болгосныг жил бүрийн тавдугаар сарын эхний Ням гаригт тэмдэглэдэг болж, тодорхой бичиг баримтуудыг заавал монгол бичгээр бичсэн хувилбартай нь хамт хэвлэдэг болж, монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх талаар арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байгаа нь сайшаалтай.
Харин Бээжингийн талаас харвал хоёр Монгол ижил бичиг үсэгтэй байх нь зөвшөөрч боломгүй зүйл юм. Тэдний үзэж буйгаар хоёр улсын бичиг үсэг өөр байснаараа хэл яриа ч төдий чинээ ондоошиж, тэр тусмаа тэдэнд ашигтай гэнэ. Тиймээс ар монголчууд босоо монгол бичгээ хэрэглээд эхэлмэгц өвөр монголчуудын монгол бичгийн хэрэглээг зогсоох бодлого хэрэгжүүлж эхэлж байгаа нь энэ юм.
-Өнөөдрийн байдлаар Өвөр Монголын хэдэн хотод дээрх шийдвэр хэрэгжиж эхэлж байна вэ? Энэ нь ойрын хугацаанд хэрхэн тэлэх аюултай вэ?
-Энэ оны хичээлийн шинэ жил буюу 2020 оны есдүгээр сараас эхлэн Тунляо хотын бага, дунд сургуулиудад дээрх бодлогыг хэрэгжүүлж эхлэх гэж байна.
Гэхдээ энэ төрийн бодлого огт шинэ зүйл биш юм. Тухайлбал, энэ бодлогыг 2018 онд аль хэдийн Шинжаанд эхлүүлчихсэн юм. Шинжаан Уйгурын Өөртөө Засах оронд бол Баянгол, Хөх сайр, Хонго сайр, Бор тал гэх мэт хэд хэдэн газарт амьдардаг монголчууд монгол бичиг, тод үсгээрээ хичээллэж ирсэн ч үүнийг нь 2018 онд зогсоосон. Тухайн үед өвөр болон ар монголчууд ямар ч хариу үйлдэл үзүүлээгүйд Бээжин урамшиж, улмаар энэ жилээс тэр бодлогоо Өвөр Монголд хэрэгжүүлж эхэлж байна. Энэ бодлого нэгэнт хэрэгжээд эхэлбэл цаашлаад Шилийн гол, Ордос, Алшаа гээд олон газарт тус бодлогыг тэлэн хэрэгжүүлэхэд бэлэн харагдаж байна.
–Үүнийг өвөр монголын хүүхэд, залуучууд яаж хүлээж авч байна?
-Өвөр Монголын хүүхэд залуучууд үүнд их дургүй байгаа. Гэхдээ олон хүний бодол мэдээж өөр өөр байгаа. Жишээ нь, зарим хүн бол нэгэнт хэлээ алдсан, монгол хэл сурсан ч түүгээрээ ярьдаггүй болсноос хойш за яах вэ хэмээгээд, хятад хэлийг сайн сурах тусмаа л ирээдүйн амьдралд хэрэгтэй гэх байр сууриар төдийлөн анхаарал хандуулахгүй байгаа. Гэхдээ олонх залуучууд, хүүхдүүд бол өөр бодолтой. Хятад хэлээр өндөр боловсрол эзэмшиж, их сургуульд сурч, ажилд орох бол Хятад бодлого.
Харин монголчуудад өөрсдийн гэсэн бодлого байх ёстой, монгол хүүхдүүд монгол хэлээ сайн сурах хэрэгтэй гэж олонх нь үзэж байна.
Жишээ татвал хоёр жилийн өмнө Тунляо хотын сурагч хүүхдүүд хичээлийн дэвтэр дээрээ Монгол улсын төрийн далбааг зурсныхаа төлөө цагдаад баригдсан. Долоо, наймхан настай хүүхдүүд ийнхүү Монгол улсын далбааг зурсны төлөө баригдана гэдэг байж боломгүй хэрэг шүү дээ.
–Дээрх асуудалд тантай үйлс нэгтэй багш, эрдэмтэн судлаачид яах нь зөв зүйтэй, хэрхэн хандах, ямар аргаар тэмцэх хэрэгтэй гэж үзэж байна? Дахин ийм асуудал гаргахгүйн тулд хэрхэх хэрэгтэй вэ?
-Өвөр Монголын залуучууд дээрх бодлогыг эсэргүүцэж цахим сүлжээнд өөрсдийн үгийг хэлж байна, сумын сонин сэтгүүлүүдэд үзэл бодлоо илэрхийлж байна, Өвөр Монголын Багшийн их сургууль тэргүүтэй их сургуулиудын эрдэмтэд, академич нар дуу хоолойгоо өргөж байна. Миний хувьд бол өдгөө Япон улсад ажиллаж, амьдарч байгаа 20 мянган ар монголчууд, 80 мянган өвөр монголчууд гээд нийт 100 мянган монголчуудыг нэгтгэж дуу хоолойгоо өргөхийг зорьж байна.
Уг зорилгоо биелүүлэхийн тулд цахим хуудсаар дамжуулан гарын үсэг цуглуулж, цугларсан гарын үсгүүдийг өргөх бичигт хавсарган БНХАУ-ын боловсролын яам,ӨМӨЗО-ны боловсролын тэнхим ба Тунляо хотын боловсролын товчоо зэрэг холбогдох газруудад хүргүүлэх уриалга эхлүүлэн ажиллаж байна.
Энэ бол зөвхөн монголчуудын асуудал биш гэж би боддог. Өдгөө дэлхий дээр бага үндэстний бага хэл гэж 2000 орчим байна. Энэ гэвч өдөр ирэх тусам улам цөөрч, хорогдож, устаж байна, хятад, англи зэрэг том, том хэлэнд дарагдаж байна. Тиймээс энэ бол зөвхөн өвөр монголчуудын хэрэг биш дэлхийн анхаарах ёстой асуудал юм. Тиймдээ ч зөвхөн монголчууд төдийгүй Япон, Герман, Хятад, АНУ, ОХУ зэрэг олон орны учир мэдэх эрдэмтэд энэ уриалгад нэгдэж, гарын үсгээ илгээж байгаа.
Хэдий өнөөдөр монгол хэлийг бага үндэстний бага хэл хэмээж байгаа ч үнэн хэрэгтээ монгол хэл бол дэлхийн хэл юм. Монгол хэл бол эрт дээр Хүннүгийн үеэс эхэлж байсан, хамгийн олон жил оршсон хэлнүүдийн нэг. Түүнээс хойш XIII зуунд Чингис хааны ачаар монгол хэл бол дэлхий нийтийн хэл болсон. Их Монгол улс мөхсөний дараа ч XIX зууны сүүл үе хүртэл монгол хэл бол төв Азийн дипломат хэл байсан. XIX зууны төгсгөл хүртэл Манж Чин гүрний элч төлөөлөгчид Энэтхэг, Пакистан, Турк зэрэг улсад зорчихдоо төрийн хэргийг монгол хэлээр хэлэлцдэг байж.
Тиймээс өдгөө хэрэглэдэг хүний тоо цөөн, бага хэл хэмээгдэж буй ч улс төр, түүх гээд олон талаас авч үзвэл монгол хэл бол дэлхийд нэр хүндтэй, асар их ач холбогдолтой, том хэлний тоонд зайлшгүй ордог. Ийм том түүхтэй, ач холбогдолтой сайхан хэлийг ингэж хүчээр устгахыг бид яагаад ч зөвшөөрч болохгүй.
–Ер нь энэ хоригоос ч өмнө өвөр монгол залуус эх хэлнээсээ гадна хятад хэлээр өндөр боловсрол эзэмшихгүй л бол ажил хийх амьдрахад хүчиртэй болдог байсан байх. Ар монголчууд ч гэсэн эх хэлнээсээ гадна заавал гадаад хэлийг сайн судалж, гадаад оронд суралцах, ажиллах, тэгж байж сайхан амьдардаг асуудал үүсээд удаж байна. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?
-Энэ бол миний бодлоор их сайн зүйл. Учир нь, монголчууд хоёр том гүрний дунд олон жил аж төрлөө. Энэ хооронд ар, өвөр монголчууд хэчнээн тасарсан ч хаана ч хоорондоо ойлголцож чадна. Нэг цус, шашин, үзэл бодолтой зэрэг нийтлэг чанарууд бол хэзээ ч арилахгүй. Энэ мөн буриад монголчууд, халимаг монголчуудад ч гэсэн ижил байх. Тиймээс нөгөө талаар монгол хүмүүс гадаад хэлийг чадварлаг эзэмшээд, олон улсад тархах тусмаа ашигтай болов уу.
–Өвөр монгол гэдэг нэрийг англи хэлээр (Inner Mongolia) Дотоод монгол гэх юм. Энэ бас л их гүрний бодлого байхдаа. Хэзээнээс эхлээд ингэж орчуулах болов?
-Сайхан асуулт байна. Мэдээж Өвөр Монгол гэдгийг Inner Mongolia хэмээн орчуулах нь маш буруу. Өвөр, ар гэх хоёр үг бол Монгол улсын Өвөрхангай, Архангай гэх нэртэй яг ижил утгатай. Жишээ нь, Өвөрхангайг Inner khangai, Архангайг Outer khangai гэж орчуулж болохгүй шүү дээ. Монгол хүн газар нутгаа өөрийн бие шиг санаж ийнхүү ар, өвөр гэж нэрлэсэн болохоос биш гадаад, дотоод гэдэг санаа огт байхгүй.
Ингэж орчуулан хэрэглэж байгаа нь бүүр Манж Чин гүрний үеэс тусгайлан хэрэгжүүлсэн улс төрийн бодлоготой холбоотой. Тэд ийнхүү Inner хэмээж буй нь цаанаа манайх, дотоод нутаг гэх утга илэрхийлж байна.
Түүнээс гадна өвөр монгол хүний паспортыг үзвэл Inner Mongolia байтугай Nei Mongol гэж бичээстэй бий. Nei гэж ийнхүү монгол хэлэнд ч, англи хэлэнд ч байдаггүй үг тусгайлан оруулснаараа тухайн хүнийг хагас хятад, хагас монгол хүн гэх санааг шингээж өгч байгаа юм.
–Албан ёсны орчуулгандаа South Mongolia гэх талаар ямар ажил хийгдсэн байдаг юм бол?
-Ийм ажил одоохондоо хийгдээгүй байна. Би өөрөө хийх санаатай алхам алхмаар урагшилж байна. Оросын нутагт оршин суугаа Буриад Монгол улсын нэрээс монгол гэдэг үгийг 1958 онд хассан гэдэг. Энэ ч дээрх асуудалтай тун төстэй бодлогын үр дүн. Тиймээс энэ ажлыг эхлүүлэх зайлшгүй шаардлага бий гэж бодож байна.
–Одоогийн байдлаар өвөр монголчуудын хэл ярианд үгийн сангийн хэчнээн хувь хятад хэлнээс ормол үг эзэлж байна?
-Өвөр монголчуудын ярианд хятад хэлнээс орж ирсэн үгс арвин байна. Гэхдээ энэ хоёр хэлийг үгийн сангийн талаас авч үзвэл маш их ялгаатай. Тухайлбал, хятад хэлийг маш бүдүүлэг хэл гэж хэлж болно. Учир нь, одооны хятад хэл бол XX зууны үед энгийн ард иргэдэд зориулан шинэчилсэн маш энгийн зохион байгуулалттайгаас гадна маш их хараалын үгтэй хэл. Харин монгол хэлийг үзвэл уран зохиолын, уран сайхны, уран яруу үгс олонтой, үгийн сан нэн баялаг, хараалын үг цөөтэй, ерөөлийн үг ихтэй, эртний түүхтэй, соёлтой хэл. Гэсэн хэдий ч өвөр монголчуудын ярианд хятад үгс орж ирснээр өвөр монгол хэл бол зэрлэг, бүдүүлэг, соёлгүй хэл болж хувирч байна.
Өнөөдөр хятадууд монгол хэлийг эртний, хуучирсан, орчин үеийн нийгэмд зохимжгүй хэл гэлцдэг. Цаг хугацаа өнгөрөх тусам ч үүнд нь зарим залуус итгэж, үнэмшиж эхэлж байна. Энэ бол маш том асуудал. Харин гэтэл 1980-аад онд Өвөр Монгол багш нар анх компьютер дээр ажиллаж, монгол бичгээрээ шивж байхад ч хятадууд компьютер гэж юу болохыг мэддэггүй байлаа. Тиймээс монгол хэл байтугай монгол бичиг ч орчин үеийн нийгэмд зохимжгүй үсэг огт биш юм.
-Одоогийн байдлаар та болон таны хамт олны зохион байгуулж буй гарын үсэг цуглуулах, өргөх бичиг барих үйлс хэр үр дүнтэй байх бол? Хүссэн хэмжээнд үр дүн гарахгүй бол ямар аргаар тэмцэх вэ?
-Одоо цуглуулж байгаа гарын үсгүүдээ наймдугаар сарын 10-даар цуглуулж дуусан, эмхлээд, өргөх бичигтээ хавсаргаж БНХАУ-ын Соёлын яманд, АНУ, ЮНЕСКО, Токио дахь Хятадын Элчин сайдын яаманд гээд олон газарт явуулна. Гэхдээ ингээд зогсохгүй энэ хөдөлгөөнийг цаашдаа ч үргэлжлүүлж, олон нийтийн анхаарлыг энэ асуудалд татахын тулд ажиллана.
Олон улсын хэмжээнд Хятад улс цар тахал тэргүүтэй олон асуудлаар шүүмжлэл дагуулсаар байгаа. Тэр байтугай АНУ-ын зүгээс БНХАУ-ын коммунист нам бол хүн төрөлхтний дайсан мөн гэж тодорхойлж байгаа. Эдгээр шалтгаанаас үүдээд ойрын ирээдүйд Хятадын улс төрийн байдал ихээр өөрчлөгдөнө гэж би таамаглаж байна. Дэлхийн олон эрдэмтэн ч надтай ижил бодолтой байгаа.
Өнөөдрийн энэ асуудал бол зөвхөн Өвөр Монголд монгол бичиг сурахыг болиулах гэхээс илүү Монгол улсын ирээдүйтэй маш их хамаатай асуудал. Тухайлбал, АНУ, БНХАУ хоёр улсын үл ойлголцол энэ янзаараа улам дэвэрвэл маш олон хятад иргэн Өвөр Монголд орж ирнэ. Улмаар цаашлаад Монгол улсын хилээр ч гэсэн олон тооны хятадууд чөлөөтэй нэвтрэх, үндэсний аюулгүй байдалд халтай хэмжээнд очиход нэн ойрхон болно. Тиймээс энэ асуудалд хүн бүр анхаарлаа хандуулж, гарын үсгээ зурах хэрэгтэй.
-Танд баярлалаа.
Холбоотой мэдээ