Испанийн хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг болон Барселона багийн амьд домог Шави өнгөрөгч долоо хоногт шинэ коронавирусийн халдвар авсан гэдгээ зарласан билээ. Тэгвэл өдгөө 40 настай Катарын хөлбөмбөгийн Аль Садд багийн ахлах дасгалжуулагч Шави багийнхаа албан ёсны цахим хуудсанд ярилцлага өгчээ.
Тэрбээр “Хэдэн өдрийн Катарын хөлбөмбөгийн Стар лигийн журмын дагуу би шинэ коронавирусийн шинжилгээ өгч, хариу маань эерэг гарсан. Азаар би сайн байгаа. Гэхдээ эдгэрэх хүртлээ өөрийгөө тусгаарлах хэрэгтэй болсон. Би Катарын хөлбөмбөгийн лиг, хөлбөмбөгийн холбоо болон Аль Садд багтаа талархал илэрхийлмээр байна. Тэдний ачаар л халдвар авсан гэдгээ эрт мэдэж, бусдад халдаах аюулаа багасгаж чадлаа. Та бүхэн ч гэсэн биеэ бодоорой, удахгүй талбай дээр уулзъя” хэмээжээ.
Шави энэ улирлаас эхлэн Аль Садд багийн ахлах дасгалжуулагчийн албан тушаалд томилогдсон.
Шавигийн эзгүйд түүний туслах дасгалжуулагч Давид Пратс ирэх Бямба гаригт багаа удирдан Аль Хор багийн эсрэг тоглохоор болжээ. Катарын хөлбөмбөгийн лиг өнгөрөгч гуравдугаар сард түр зогсоод байсан ч энэ долоо хоногоос эхлэн үргэлжлэн явагдах ажээ.
Шави Испанийн шигшээ багтайгаа 2008-2012 онуудын хооронд Европын аваргаар хоёр удаа, дэлхийн аваргаар нэг удаа шалгарч, Барселона багийнхаа төлөө нийт 767 тоглолтонд оролцож хүртэж болох бүхий л шагналыг хүртсэн нэгэн.
Холбоотой мэдээ