Дэлхий дахиныг нөмөрсөн Covid-19 цар тахал нь гадаад харилцаанд ч өөрчлөлт оруулж, улс орнуудын хамтын ажиллагаанд шинэ төсөл, шинэ санаачлагуудыг хэрэгжүүлэх шаардлага тавьж байна. Энэ хүрээнд Монгол Японы харилцаа нь Covid-19 цар тахалтай хамтран тэмцэх, харилцан туслалцах чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлээд байна.
Токиод суугаа Монголын ЭСЯ-аас Covid-19 цар тахлын улмаас үүссэн нөхцөл байдалтай уялдуулан цаг алдалгүй, шуурхай арга хэмжээ авч ажилласны үр дүнд эмнэлэгийн тусламж үйлчилгээнд чухал хэрэгцээтэй оношлуур, эм, эмнэлгийн хэрэгслийг нийлүүлж чаджээ.
Шинэ төрлийн короновирусыг оношлох “PCR” шинжилгээнд хэрэгцээт урвалж материалыг Япон улсын мэргэжлийн байгууллагаас хүлээн авч илгээснээр Монгол Улс нь цар тахлыг анх удаа баталгаатай оношлох боломжтой болжээ.
Мөн Япон улсаас дээрх оношлуурын урвалж материал болох 43,000 хүн-тунг авч эх орон руу илгээсэн. Эдгээрийн 7000 ширхэгийг ДЭМБ-ын хандиваар Японы Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс авсан болно. Үлдсэн 36,000 орчмыг нь “Ивай кэмикалс” компаниас худалдан авч, нийт 5 удаагийн нислэгээр Монгол руу хүргүүлэх ажлыг шуурхай хэрэгжүүлжээ.
Мөн олон улсад цар тахлын эмчилгээнд үр ашигтай хэмээн мэдээллэсэн, Япон Улсын “Fujifilm Toyama Chemical” компанийн зохион бүтээж, үйлдвэрлэж буй “AVIGAN” эмийг Монгол Улсад нийлүүлэх яриа хэлэлцээ хийж, 25 000 ширхэг эмийг ЭМЯ-ны захиалгаар худалдан авах ажлыг хэрэгжүүлж, 4 дүгээр сарын 3-ны өдөр тусгай үүргийн онгоцоор эх орондоо хүргүүлжээ.
Япон Улсын Засгийн газраас НҮБ-ын Төслийн үйлчилгээний байгууллага (United Nations Office for Project Services)–ын шугамаар “AVIGAN” эмийг дэлхийн улс орнуудад үнэгүй нийлүүлэх хөтөлбөрт хамрагдах тухай мэдээлэл гарсан даруйд Токио дахь ЭСЯ-ны зүгээс шуурхай арга хэмжээ авсаны үр дүнд 12,000 ширхэг эмийг үнэ төлбөргүй нийлүүлэхээр болсон. Мөн нэмэлтээр Монгол Улсын Эрүүл мэндийн яамны захиалгаар 45,000 ширхэг “AVIGAN” эмийг худалдан авч, 6 дугаар сарын 11-ны өдөр Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр Монгол Улс руу илгээсэн байна.
Цар тахлын улмаас Япон улсад гацсан 1310 иргэнийг эх орондоо буцаах ажлыг УОК болон холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулжээ.
Монгол улс, монгол хүний өмнө аливаа бэрхшээл тулгарахад ямагт гараа сунгаж, тусалж дэмжиж ирсэн Япон улс энэ цаг үед монгол түмний найдвартай түнш, хамтрагч нь байсаар байна.
Монгол улсад илгээх шинэ төрлийн “коронавирус”-ын халдварт өвчний оношлуурыг элчин сайд Д.Батжаргал хүлээлгэж өгсөн нь
Элчин сайд Д.Батжаргал Япон Улсын Халдварт өвчин судлалын үндэсний төвийн дарга Т.Вакида-тай уулзах үеэр.
Холбоотой мэдээ