“ПИ АЙ ЭМ ЭМ” ХХК нь ногоон байгууламж төлөвлөгдсөн газар орон сууц барихаар барилгын ажил эхлүүлсэн нь Ханбогд ресиденс хорооллын оршин суугчдын эрх ашгийг хөндөж байгаа тухай тус хорооллын иргэдийн гаргасан өргөдлийн дагуу 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэн Нийтийн сонсгол зохион байгуулах тухай 30 дугаарт тогтоолыг гаргасан.
Тогтоолын дагуу 2020 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны 34 дүгээр сургуулийн зааланд хяналтын сонсголыг зохион байгууллаа.
Сонсголыг Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн даргалж Хан-Уул дүүргийн Засаг даргын 1-р орлогч Г.Батсайхан, 4-р хорооны засаг дарга О.Ганхуяг, дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч О.Баярсайхан нар болон "Пи Ай Эм Эм" ХХК-ийн захирал Н.Мэндсайхан, барилгын инженер Н.Сандагдорж, Ханбогд хорооллын оршин суугчдын төлөөлөл 393 иргэд оролцсон.
ИТХ-ын дарга Б.Цэрэн Нийтийн сонсголын тухай хууль, Нийтийн сонсгол зохион байгуулах дэгийг танилцуулснаар үйл ажиллагаа эхэллээ. Ханбогд ресиденс хорооллын оршин суугчид ногоон байгууламж төлөвлөсөн газар хууль зөрчиж орон сууцны барилгын ажил эхлүүлсэн нь иргэдийн эрүүл аюулгүй амьдрах эрх зөрчигдсөн, машины зогсоол байхгүй, оршин суугчид нэмэгдсэнээр цэцэрлэг сургуулийн хүртээмж улам хүрэлцэхгүй болох зэргээр уг барилгын ажлыг эсэргүүцэж байна. Тус компани анхны хорооллыг барихад цэцэрлэг барихаар төлөвлөсөн байсан ч өндөр төлбөртэй хувийн цэцэрлэг барьсан тул оршин суугчдын шаардлагыг хангахгүй байгаа юм. Мөн энэ газар улсын цэцэрлэг бариулах хүсэлтэй байгаа тухай өөрсдийн байр сууриа илэрхийлж байсан юм.
Оролцогчид саналаа сонсголын явцад амаар болон санал асуулгын хуудас, онлайн хуудсуудад коммэнт хэлбэрээр өгсөн.
Нийт санал өгсөн иргэдийн 78.5 хувь нь барилга бариулахыг дэмжихгүй, 15.2 хувь нь дэмжиж, 6.3 хувь нь санал тэмдэглээгүй хуудас өгсөн байна.
Иргэд 203 болон 302 дугаар байрны гадна талбайд орон сууц барих асуудлыг дэмжихгүй газрын зөвшөөрлийг цуцлуулах хүсэлт гаргасан байна.
Дүүргийн Засаг даргын 1-р орлогч Г.Батсайхан ногоон байгууламж сүйтгэж, иргэдийн эрх, ашиг хөндөгдсөн хэд хэдэн газрын зөвшөөрлийг хүчингүй болгуулсан. Бид иргэдийнхээ ая тухтай амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэхийн төлөө ажилласаар байгаа. Тиймээс Хан-Уул дүүргийн Засаг даргын “Пи Ай Эм Эм” ХХК-ын орон сууц барих зөвшөөрлийг цуцлах тухай албан бичгийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгаланд хүргүүлсэн гэв.
ИТХ-ын дарга Б.Цэрэн нийтийн сонсгол нь үйл ажиллагааны талаар байр сууриа илэрхийлэх боломжийг олгохын зэрэгцээ, шийдвэр гаргагчдад өөрсдийн дуу хоолойгоо хүргэх томоохон шийдэл юм. Иймээс энэхүү сонсголын үр дүнд иргэд олон нийтийн хүсэлтийг харгалзан цэцэрлэг бариулах тал дээр анхаарах болно гэдгээ илэрхийллээ.
Холбоотой мэдээ