“Нийгмийн хог шаарнууд”, “алуурчид” гэж хараалгуулсан, эсвэл “Цаазлуулахад арай л залуу байна даа” гэж бас ч өрөвдүүлсэн тэдгээр дөрвөн залууд өнгөрсөн долоо хоногт шүүхээс ял өгөв. Ялыг дүгнэлтийн талаарх манай www.news.mn веб сайтад гарсан мэдээллийг уншсан иргэд дор бүрнээ нэгийг бодсон биз. Энэ мэдээллийн дор “Цаазаар авсан ч багадана” гэж өширхсөн нэгэн байхад “Хүн буудах болсон цаад учрыг нь ол” гэсэн сэтгэгдэл ч бий. Бүр тэднийг өнчин өссөн араатнууд гэснийг нь ч харж болно. Сэтгэгдлүүдийг уншиж суухад үнэхээр нуруу хүйт даамаар… үзэн ядалтаар дүүрэн үгс хөвөрнө. Энэ эь тэднийг үзэн ядаж байгаа сэтгэл гэхээсээ илүүтэй өнөөгийн харгис нийгмийн олон тусгалын бие даасан нэгээхэн хэсэг гэлтэй.
Хэрэг гарсан өнгөрөгч арваннэгдүгээр сард хал үзэж, хашир суусан офицерүүдийн амнаас ч тэднийг “Дөрвүүлээ эцэггүй өнчин өссөн” гэх хэтэрхий гэхэд багадмаар хялбархан дүгнэлтийг ч хийж байсныг санаж байна. Хэтэрхий туйлшрал биднийг “хэн бэ” гэдгийг усанд ойх адил тодруулж байгаа ч түүнийг харахыг хичээгээгүй нь харамсалтай.
Харин ч туйлшрал дэмийрэл болж тэдгээр дөрвөн залууг эрийн цээнд хүрч, галт зэвсэгээр хүний амь хөнөөхийг мэдсэн эцгүүд нь орхиод явсан аятай ярих боллоо.
Өнчин өссөнд нь залуусыг буруутгах шалтгаан байтугай шалтаг ч баймааргүйсэн. Түүнчлэн байцаалт авахад, “Буудчихаад гүйж явахад “Бригад” кино шиг санагдаж байсан” гэж мэдүүлэг өгсөн гэдэг. Орхиод явсан эцгээ олж хороох санаатай байсан тухай ч мэдээлэл нийтэд хүрсэн. Үнэхээр аймшигтай сонсогдож байж болох ч энэ нь бидний бий болгосон нийгмийг бүрдүүлж буй эд эсүүд шүү дээ.
Бидний ирээдүй болсон залуус орхиод одсон эцгээсээ болж бусдад шоовдорлогдон амьдралын хүнд бэрхийг амсан, элэг бүтэн өсч буй үеийнхэндээ атаархан, бяцхан зүрхээ нийгмийг үзэн ядалтаар дүүргэж өсч байна. Үүний уршигаар хэн рүү ч өршөөлгүйгээр буу шагайж мэдэх төмөр зүрхтэнгүүд бүрэлдэж байна гэдгийг бодохыг ч хүссэнгүй.
Эрийн цээнд дөнгөж хүрч буй тэд нар ээж, ойр дотныхондоо бол алуурчид бус дархан хилээ манахаар одсон хүү нь л байсан…
Тэглээ гээд даргаа буудан хөнөөж, хүн барьцаалж зугтсан залуусыг өмөөрөх гэсэнгүй. Харин ч эсэргээр энэ мэт сэтгэл сэртхийлгэм мэдээллийн ард бид хойч үеэ хэн болгон торниулж байгааг эргэцүүлж нэг бодмоор санагдлаа.
Улсын хэмжээнд 2004 онд 2918, 2005 онд 2955, 2006 онд 2989, 2007 онд 3544, өнгөрсөн онд 3629 гэр бүл салсан хэргийг шийдвэрлэжээ. Ойролцоогоор жилд гэр бүл бологсдын тоо хагас зуугаараа нэмэгдэж байна. Уршгаар нь төдий хэмжээгээр хүүхэд өнчирч, эцэг эхийн хайр халамжаар дутаж, хойд эцэг,хойд эхийн хатуу гарт нухлуулах нөхцөл бүрэлдэж буй гэж ойлгож болно.
Эрдэмтдийн хийсэн судалгаагаар эцэг, эхийн хайр халамжаар дутсан хүүхэд бусдын адил болохын тулд худал хэлэх, бусдад атаархан үзэн ядах, хэн нэгэнд хэтэрхий гүнзгийгээр өс сандаг нь аажмаар сэтгэхүйд нь нөлөөлж, өс хонзонгоо тайлахын тулд ямар ч үнээр, хэнийг ч золиослохоос буцахгүй байдлыг бүрдүүлэх нь бий аж. Хүүхдийн бага насанд таагүй дурсамж үлдээх нь бусдыг үзэн ядах вирусыг үржүүлэх голомтыг бий болгож, даамжирвал эрүүл саруулаар сэтгэх дархлааг ч үгүй хийдэг гэдгийг сэтгэлзүйчид зөвлөдөг.
Нөгөөтэйгүүр нийгмийн тэгш харьцаа алдагдсантай энэ мэт хэргийг холбож болох талтай. Нийгмийг түгшээсэн гэмт хэргийн тоо ч аюултай хэмжээнд хүрэх нь тэгш харьцаа алдагдсанаас л урган бий болдог аж. Эмэгтэйчүүд төдийгүй бага насны хүүхдийг хүчирхийлэх, ойр дотны, дарга, цэргийнхээ амийг нэгэн зэрэг гаж гэмээр бүрэлгэсэн хэргүүдийн тоо олшрох байдлаар энэ нь илрэх хандлага ч бий гэнэ. Учир шалтгаан нь эмэгтэйчүүд, эрчүүдийн боловсролын төвшин, нийгмийн гарал, ангийн ялгаа улам холдохын хэрээр харилцаанд нь ан цав үүснэ. Тэднээс гадна боловсролын төвшин, бие авч яваа байдал, эдийн засгийн боломж зэрэг нь эмэгтэйчүүдийг эрчүүдээс зайгаа барихад хүргэж буйг ч сэтгэл судлаачид анхааруулах болжээ. Хамгийн их анхаарууштай нь энэ мэт нь нийгмийг түгшээх олон хэргийг үйлдэх үндэс суурийг бий болгодгоороо аймшигтай.
Үүнтэй холбоотойгоор нэгэн баримтыг түшихэд, Энэ онд цэрэгт татагдсан залуусын 13 хувь нь бичиг үсэгт тайлагдаагүй, үлдсэн 87 хувь нь бүрэн бус дунд, дээд боловсролтой залуус аж. Харин нийт залуусын 37 хувь нь эрүүл мэндийн хувьд тэнцээгүй хасагджээ. Эдийн засгийн хувьд ч дунд, дундаас доош давхаргынхан цэрэгт татагдах болсон гэсэн төрийн бус байгууллагуудын судалгаа бий. Энэ үзүүлэлтийг өмнөх онуудтай харьцуулбал бичиг үсэг үл мэдэгчид, эрүүл мэндийн хувьд базаахгүй гэх таагүй хувь үзүүлэлтүүд нийт залуусын дунд өсч байна. Өөрөөр хэлбэл дарга нар, дундаас дээш давхаргынхан, мөнгөтэй айлын хүүхдүүд цэрэгт явдаггүй аж.
Аюулын харангыг дэлдэж болзошгүй үзүүлэлтийг бид ярихын оронд гал дээр тос нэмж дөрвөн залууг өнчнөөр нь дуудаж улам бүр үзэн ядах сэтгэхүйг дэврээсээр байх нь цаашид сөрөг үр дагаварт хүргэж мэднэ. Энэ нь маргаашийн дүүжлүүрийн олсыг өнөөдөр чимэг гэж эндүүрэн өөрсдийнхөө толгойд угласантай ялгаагүй.
Өөрөөр хэлбэл манай нийгмийн залгамж халаа ийнхүү харгис хэрцгий хэргийг үйлдэх болсон шалтгаан нь бидэнтэй шууд холбоотой аж. 1990-ээд оноос анхаарал халамж дутсанаас үүдэн гудамжинд гарсан хүүхдүүд өнөөдөр эрийн цээнд хүрч яахаас ч буцахгүй гэмт хэргийн бүлэглэлийг бий болгосон тухай ч хорих ангийн удирдлагууд мэдээлж байна. Хайр халамжаар дутаж өссөн хүүхдүүд өрөөлийг хайрлахгүй нь мэдээж. Тэд олонх болвол нийгмийг түнэр харанхуй ноёлох нь гарцаагүй.
Бидний анхаарал зөвхөн өнөөдөрт л чиглэжээ.
Л.ХАЛИУ