ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоган нар өчигдөр /2020.07.27/ утсаар ярьж, Армени-Азербайжаны хил орчмын нөхцөл байдлыг хэлэлцэж, мөргөлдөөнийг энхийн буюу дипломат арга замаар зохицуулах талаар ярилцсан байна.
Хоёр улсын удирдагч нар бүс нутагт энх тайван тогтоохын тулд тавих хүчин чармайлтаа нэмэгдүүлж, болж буй мөргөлдөөнийг Армени болон Азербайжаны ард түмний ашиг сонирхолд нийцүүлэн, олон улсын эрх зүйт зарчим дээр тулгуурлан зохицуулахаас өөр аргагүй гэдгийг онцлон тэмдэглэсэн байна.
Армени-Азербайжаны хил дээрх нөхцөл байдал өнгөрөгч зургадугаар сарын 12-нд хурцадсан бөгөөд Арменийн тал улс орных нь зэвсэгт хүчний байрлалуудад их бууны цохилт өгөхийг оролдож байгаа ба хариу хамгаалах арга хэмжээ авахаас өөр аргагүйд хүрч байна хэмээн Азербайжаны тал Арменийг буруутгаад байгаа юм. Мөргөлдөөний үеэр аль аль тал нь хүн хүчний хохирол амссан гэж эх сурвалжууд мэдээлжээ.
Хоёр улс 1990-ээд онд тусгаар тогтнолоо зарласнаасаа хойш дайсагналцсаар байгаа бөгөөд тэдний маргааны шалтгаан нь Азербайжаны нутагт хуваагдан үлдсэн Армени үндэстэн голдуу оршин суудаг Уулын-Карабахын нутаг юм. Тус бүсэд үлдсэн Армений цэргүүд Азербайжантай зургаан жил байлдаж байсан ба хамгийн сүүлийн том мөргөлдөөн 2016 оны дөрөвдүгээр сард болжээ. Тус мөргөлдөөн дөрвөн өдөр үргэлжилж, хоёр талаас 90 цэрэг, хэдэн арван энгийн иргэн амь үрэгдэж байжээ.
Эх сурвалж: TASS
Холбоотой мэдээ