Вьетнамд анхныхаасаа олон дахин хувьсан өөрчлөгдсөн илүү өндөр халдвартай, илүү хүнд хэлбэрээр өвчлүүлдэг коронавирус дэгдэж, халдварын тохиолдол өссөөр буйг өчигдөр/2020.07.27/ Вьетнамын эрх баригчид мэдээлжээ. Тус халдварын голомт нь жуулчдын ихээр очдог Данан хот болоод байгаа аж.
Хамгийн сүүлд тус вирусээр халдварласан нь тогтоогдсон 11 хүн ямар нэг байдлаар Дананы эмнэлэгтэй холбоотой байжээ. Вьетнамын Эрүүл мэндийн яамны мэдээлж буйгаар тэдний дөрөв нь эмнэлгийн ажилтан, бусад нь өвчтөнүүд байсан бөгөөд бүгд эмнэлгээс халдвар авсан аж. Ийнхүү шинэ, илүү аюултай Covid-19 өвчний халдвар авсан хүний тоо нийт 15 болсон байна.
Хүмүүсийг айдаст автуулаад байгаа хувьссан коронавирусийн нууцыг эрдэмтэд хараахан тайлж чадаагүй байгаа аж. Тэдний үзэж буйгаар тус коронавирус нь өмнөхөөсө илүү хурдаар үржих чадвартай болсон нь халдварын эрсдлийг төдийгүй өвчтөний биеийн байдлыг улам дордуулахад нөлөөлж буй гэнэ.
Тус асуудалтай холбоотойгоор эрх баригчид Дананы хэд хэдэн дүүргийг хааж, олноор цугларахыг хориглож, маск зүүхийг шаарджээ. Улмаар жуулчид голдуу 80 мянган хүнийг ойрын хэд хоногийн дотор хотоос нүүлгэн шилжүүлэх гэнэ.
"Супер" коронавирус дэгдэхээс өмнө Вьетнамд гурван сарын турш халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй байсан билээ.
Эх сурвалж: RT.COM
Холбоотой мэдээ