Д.Нямхүү: Нэг хүнээс Covid-19 илэрч, дөрвөн хүн эдгэлээ

Хуучирсан мэдээ: 2020.07.28-нд нийтлэгдсэн

COVID-19

Д.Нямхүү: Нэг хүнээс Covid-19 илэрч, дөрвөн хүн эдгэлээ

ЭМЯ: Covid-19-ийн халдварын тархалтын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна

ЭМЯ: Covid-19-ийн халдварын тархалтын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна

Posted by News.mn on Monday, July 27, 2020

 

Эрүүл мэндийн яам /ЭМЯ/ шинэ төрлийн коронавирусийн тархалттай холбоотой асуудлаар ээлжит мэдээллээ хийж байна.

ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ:

Энэ долоо хоногийн сүүлчээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хороо хуралдаж цаашдын зөвлөмж зөвлөгөөг гаргана. Австралийн эрдэмтэд нэг удаагийн амны хаалт нь халдвараас сэргийлэх үр дүнтэй арга гэж үзсэн бол даавуун амны хаалт халдварт өртөх эрсдлийг бууруулна хэмээн үзжээ. Ирак улсын судлаачид коронавирусийн халдвартай холбоотой  мэдээллийг цахим орчноос ямар ч шүүлтүүргүйгээр авах нь сэтгэцийн эмгэгт өртөх эрсдлийг нэмэгдүүлж байгааг тогтоосон.  БНХАУ-ын эрдэмтэд  халдвар аваад эдгэсэн хүмүүсийн цусан дахь эсрэг биеийн түвшинг 2-3 сарын дараа буурч байгааг тогтоосон бөгөөд мөн  халдварын эмнэлзүйн шинж тэмдэг илрэхээс өмнө бусад хүмүүст халдвар тараадаг нь батлагдсан. Тиймээс амны хаалт зүүх нь  ямар чухал ач холбогдолтой  вэ  гэдэг нь харагдаж байна. АНУ гэхэд амны хаалт хаалт  зайлшгүй зүүхийг  шаардаж эхэллээ. Тиймээс иргэд  амны хаалт зүүх дадал хэвшлээсээ няцаж болохгүй. 

 ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.БУЯНЖАРГАЛ:

Долдугаар сард тусгай үүргийн 13 нислэгээр  нийт 2726 иргэнийг хүлээн авч эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэн ажиллажээ. Мөн Замын-Үүдийн  боомтоор 232, Алтанбулагийн боомтоор 191 иргэнээ татаж авсан. Тусгаарлан ажиглах байранд өнөөдрийн байдлаар 2487 иргэн байгаагаас Өмнөговь аймагт 154, Дорноговь аймагт 164, Сэлэнгэ аймагт 39 иргэн байна. Үүнээс 0-5 хүртэлх насны 175 хүүхэд, 49 жирэмсэн эмэгтэй, хорт хавдарын оноштой есөн иргэн, хөгжлийн бэрхшээлтэй арван иргэн, бусад хавсарсан эмгэгтэй 282 иргэн ажиглалтад бий.

Гэрийн тусгаарлалтад нийслэлд нийт 1096 хүн байгаа бол Баян-Өлгий аймагт 11, Орхон аймагт 22 иргэн байна. Гэрийн тусгаарлалтын хугацааг үргэлжлүүлэн 14 хоног цэргийн төв эмнэлэгт байсан иргэнийг ХӨСҮТ-рүү шилжүүлсэн. Тухайн иргэн  хорт хавдрын улмаас тус эмнэлэг рүү шилжсэн бөгөөд вирусийн шинжилгээ нь сөрөг гарсан. Цэргийн төв эмнэлэгт өнөөдрийн байдлаар 47 хүн эмчлүүлж байна. Харин ХӨСҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт  хавдар болон гэдэсний түгжрэлийн улмаас  мэс засалд орсон зургаан хүн хэвтэн эмчлүүлж байна. Мөн ар гэрээс нь сахих боломжгүй  байгаа иргэнд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс тусгай сувилагч гарган сахиулж байгаа. Улсын хэмжээнд нийт өссөн дүнгээр 33457 хүнд шинжилгээ хийж оношийг батлах, үгүйсгэх бүх үйл ажиллагааг зохион байгуулаад явж байна. Бид төрийн 23 байгууллагатай хамтран эрсдлийн 10 дахь үнэлгээ хийхэд коронавирусийн халдвар хүн амын дунд  гарах цаашлаад тархах эрсдэл маш өндөр байгаа гэж гарсан. Өнөөдөр 14.00 цагаас Улсын Онцгой комисс хуралдана. Цаашид сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэхээр болбол  ямар үйл ажиллагаа явуулах талаарх зөвлөмжийг БСШУСЯ-тай хамтран  боловсруулж байна.

ХӨСҮТ-ийн захирал Д.НЯМХҮҮ:

Долдугаар сарын 27-ны өдөр нийт 686 хүний сорьцод шинжилгээ хийхэд  нэг хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Тухайн хүн нь өчигдөр /2020.07.27/ Франкфурт-Улаанбаатарын тусгай үүргийн онгоцоор ирсэн хүн байсан. Тус нислэгээр ирсэн 266 хүний сорьцод дахин шинжилгээ хийнэ.

Дорноговь аймагт тусгаарлагдсан 116 хүний шинжилгээ, долдугаар сарын 8-нд Сөүл-Улаанбаатарын нислэгээр ирсэн  256 хүнд гурав дахь давтан шинжилгээг хийхэд халдвар илрээгүй. Тандалтын зорилгоор түүврийн аргаар сонгож авсан  долоон хүн, ХӨСҮТ-д тусгаарлагдсан есөн хүн, Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 14 жолоочийн сорьцод мөн халдвар илрээгүй.

Өнөөдөр ХӨСҮТ-ээс дөрвөн хүн эдгэрч дараагийн хяналт руу шилжиж байна. Ингээд Монгол Улсад батлагдсан тохиолдол 289 байгаагаас 222 хүн эдгэрсэн бол  ХӨСҮТ-д 67 хүн эмчлүүлж байна. Эдгээр хүмүүсийн биеийн байдлыг үнэлэх юм бол 62 хүн хөнгөн, хүндэвтэр таван хүн байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж