Авто тээврийн албан татвар, агаарын бохирдол, зам ашигласны төлбөрөө 1-6-р саруудад төлнө

Хуучирсан мэдээ: 2016.01.18-нд нийтлэгдсэн

Авто тээврийн албан татвар, агаарын бохирдол, зам ашигласны төлбөрөө 1-6-р саруудад төлнө

Нийслэлийн Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажлын хэсгээс өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж,  Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах ажлыг хэрхэн зохион байгуулах талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
 
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 28 дугаар тогтоолоор батлагдсан “Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар,агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах” журмын дагуу Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар,агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах ажлыг зохион байгуулах тухай” А/33 дугаар захирамж гаргалаа. Тус захирамжаар Нийслэлд авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах, техникийн хяналтын үзлэгт хамруулах ажлыг зохион байгуулах Төв комиссын бүрэлдэхүүнийг баталж, даргаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал ажиллаж байна.
 
Энэ жилийн ажлыг зохион байгуулах чиглэлээр Төв комисс дараахь үүргийн дагуу ажиллана.

  1. Нийслэлийн төсвийг бүрдүүлэх ажлын холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгоор нийслэлд бүртгэлтэй бүх төрлийн авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах ажлыг хуулийн дагуу 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 05 дугаар сарын 31–ний өдрүүдэд зохион байгуулах

  2. Албан татвар, төлбөрөө хуулийн хугацаанд төлөөгүй тээврийн хэрэгсэл эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллагын дутуу төлөлтийг хураан барагдуулах, хариуцлага тооцох хяналт шалгалтыг 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал зохион байгуулах

  3. Нийслэлийн хэмжээнд авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах ажлыг зохион байгуулж, төсөвт хууль тогтоомжийн дагуу төвлөрүүлэн ажиллахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, Улаанбаатар хотын Цагдаагийн газар, нийслэлийн Татварын газар, нийслэлийн Авто замын газар, дүүргүүдийн Засаг дарга нар

  4. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 28 дугаар тогтоолын 3.4 дэх заалтын дагуу авто тээврийн болон өөрөө явагч хэрэгсэл эзэмшигч иргэний тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн орон нь

-1, 6 тоогоор төгссөн бол Нэгдүгээр сард
-2, 7 тоогоор төгссөн бол Хоёрдугаар сард
-3, 8 тоогоор төгссөн бол Гуравдугаар сард
-4, 9 тоогоор төгссөн бол Дөрөвдүгээр сард
-5, 0 тоогоор төгссөн бол Тавдугаар сард албан татварт хамрагдахаар зохион байгуулж, тухайн сардаа албан татвар, төлбөр төлөөгүй авто тээврийн хэрэгслийг 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 06 дугаар сарын 30-ны өдрийн хооронд хяналт тавьж, замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх арга хэмжээ авч ажиллахыг нийслэлийн Татварын газар , Улаанбаатар хотын газар

  1. Албан татвар, төлбөр хураах ажилтнуудыг томилон, удирдлага арга зүйгээр ханган татварын албаны нэг цэгийн үйлчилгээгээр дамжуулан албан татвар, төлбөр төлөгчдөд хүндрэл чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлэх, Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Авто тээврийн үндэсний төвийг холбогдох мэдээллээр хангаж ажиллахыг нийслэлийн Татварын газар

  2. Албан татвар, төлбөр төлөөгүй, албан журмын даатгал, техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй замын хөдөлгөөнд оролцож буй авто тээврийн хэрэгслийг гудамж замд суурилуулсан камерын тусламжтайгаар илрүүлж, Улаанбаатар хотын Цагдаагийн газар, нийслэлийн Татварын газрыг мэдээллээр хангаж хамтран ажиллахыг Замын хөдөлгөөний удирдлагын төв

  3. Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төвийн зүгээс нийслэлийн хэмжээнд авто тээврийн болон өөрөө явагч тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах, техникийн хяналтын үзлэгт хамруулах ажлыг зохион байгуулах хугацааны явцад зөрчил гаргасан тээврийн хэрэгсэл эзэмшигчид хүргэгдэх “Зөрчлийг баримтжуулсан торгуулийн мэдэгдэх хуудас”-ны ард талд сануулга, анхааруулга хавсарган хүргүүлж ажиллахыг Замын хөдөлгөөний удирдлагын төв

  4. Нийслэлд бүртгэлтэй авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрөө төлсний дараагаар өмчлөгчийн нэр шилжүүлэх, техникийн хяналтын үзлэг оношлогоонд хамруулж ажиллахыг Авто тээврийн үндэсний төв

  5. Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах дүүргийн Салбар комиссыг байгуулан ажиллуулах, авто тээврийн хэрэгсэл эзэмшигчдийн авто тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах ажлыг улсын дугаарын сүүлийн оронгийн тоогоор ангилж, нутаг дэвсгэрийн зарчмаар нэг цэгийн хэлбэрээр зохион байгуулж, хуулийн хугацаанд бүрэн хамруулахыг дүүргүүдийн Засаг дарга нар

  6. Нийслэлд бүртгэлтэй идэвхтэй тээврийн хэрэгслийн бүртгэлийн нэгдсэн санг бий болгож, “Smartcar” мэдээллийн системийн хэрэглээг дотоод нөөц бололцоогоо ашиглан өргөжүүлж, Улаанбаатар хотын Цагдаагийн газар болон Замын хөдөлгөөний удирдлагын төвийн программтай уялдуулах; албан татвар, төлбөрийг онлайн, интернэт, мобайл банкаар шууд төлдөг тогтолцоонд шилжүүлэх; албан татвар, төлбөрийн орлогын төрөл бүрээр тус бүр нэг данстай болгон орлогын мэдүүлгийг нэг загварт оруулах ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Мэдээллийн технологийн газар, нийслэлийн Татварын газар, Авто тээврийн үндэсний төв, Улаанбаатар хотын банк

  7. Албан татвар, төлбөр хурааж байгаа нэг цэгийн үйлчилгээн дээр Улаанбаатар хотын банкны салбар байрлуулж ажиллуулахыг Улаанбаатар хотын банк

  8. Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах,  ажлыг зохион байгуулахад шаардагдах зардлыг 2016 оны нийслэлийн замын сангийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд батлагдсан 396.0 төгрөгийн эх үүсвэрээс санхүүжүүлэхийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтэс

  9. Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах ажлыг зохион байгуулахад зарцуулагдах зардлын батлагдсан төсвийг холбогдох хууль тогтоомж, заавар журмын дагуу хугацаа алдалгүй санхүүжүүлж, үйл ажиллагааг тасралтгүй хэвийн явуулах нөхцөл бололцоог  ханган ажиллахыг нийслэлийн Авто замын газар

  10. Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрийг хураах төвлөрсөн үйлчилгээний цэгүүдийг тогтмол ажиллуулахыг нийслэлийн Татварын газар, нийслэлийн Засаг даргын Тамгын газар

  11. Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах, албан журмын даатгал, техникийн хяналтын үзлэгт хуулийн хугацаанд хамруулан зохион байгуулж, үр дүнг нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд Төв Комиссд хариуцан танилцуулна.

Хэвлэлийн бага хурлын үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга, зохион байгуулах Төв комиссын дарга Б.Бадрал “Автомашины улсын дугаарын сүүлийн оронгоор татвар төлөх шинэ журам хэрэгжсэнээр иргэдийн дараалал үүсч, цага хугацаа алдахгүй байх бүх боломжийг хангаж байна. Иргэд авто тээврийн хэрэгслийн албан татвар болон агаарын бохирдлын төлбөрийг хугацаандаа төлснөөр хуульд заасны дагуу таны төлсөн төлбөрийг нийслэлийн авто замын нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх, зам дагасан тохижилт, ногоон байгууламж, цэвэрлэгээ зэрэг ажилд зарцуулж байгаа юм. Жишээ нь өнгөрөн жил өрнөсөн хамгийн том ажлаас зуслангийн чиглэлийн автозамын бүтээн байгуулалтыг дурдаж болно. Иргэд маань үүргээ биелүүлж, шинэчлэгдсэн журмын дагуу татвараа төлөхийг уриалж байна” гэлээ.

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН ЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж