Ялалтандаа эрдэв үү, ямбандаа ташуурав уу?

Хуучирсан мэдээ: 2020.07.28-нд нийтлэгдсэн

Ялалтандаа эрдэв үү, ямбандаа ташуурав уу?

Ялалтандаа эрдэв үү, ямбандаа ташуурав уу?

Ялалтандаа эрдэв үү, ямбандаа ташуурав уу, У.Хүрэлсүхийн танхим өнгөрсөн Лхагва гаригт /2020.07.22/зарим агентлагийн дарга нарыг томилохдоо хоёр ч яамны Төрийн нарийн бичгийн дарга нарыг “хавчуулсан” нь хууль зөрчжээ.

УИХ-аас 2017 онд баталсан Төрийн албаны тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд яамны Төрийн нарийн бичгийн даргыг Төрийн албаны тухай хуулийн 25, 26, 27 дугаар зүйлд заасан журмын дагуу сонгон шалгаруулж, Засгийн газар 6 жилийн хугацаагаар томилж, чөлөөлөхөөр, мөн улираан томилж болохоор заасан юм.

Гэвч Хууль зүй, дотоод хэргийн яам, Соёлын яам хоёр Төрийн албаны зөвлөлд Төрийн нарийн бичгийн дарга нарыг сонгон шалгаруулах захиалга ч ирүүлээгүй, сонгон шалгаруулалт ч зарлаагүй байхад Засгийн газраас Б.Баасандорж, Г.Эрдэнэбат нарыг Төрийн нарийн бичгийн даргаар томилсон нь хууль зөрчсөн ноцтой үр дагавар дагуулж буй юм. Өөрөөр хэлбэл, төрийн алба тогтвортой, мерит зарчимд үндэслэх тухай ойлголт байхгүй боллоо гэсэн үг юм. Өчигдрийн /2020.07.27/ байдлаар Төрийн албаны зөвлөлийн албан ёсны цахим сайтад ганцхан, буюу Гадаад харилцааны яам Төрийн нарийн бичгийн даргынхаа сонгон шалгаруулалтыг зарлажээ.

Уг нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Надаас болон миний тэргүүлсэн Засгийн газраас хууль бус зүйл битгий хүсээрэй, хууль бус зүйл хийлгэх гэж битгий шахаж шаардаарай. Би зөвхөн хуульд захирагдаж ажиллах болно” гэх үгийг чуулганы танхимд хэлж байсан удаатай.

Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г. Занданшатар нарт байхгүй давуу эрх Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон ч тэр нь хууль зөрч гэсэн үг биш юм. Хуулиар олгогдсон  эрх мэдлээ хэнтэй ч хуваалцалгүйгээр гагцхүү хуулийн хүрээнд хэрэгжүүлээд ажилла л гэсэн үүрэг хариуцлага ногдсон.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Монгол Улсын гавьяат хуульч Х.Нарангэрэлийг хуулийн зөвлөхөөр дэргэдээ авсан ч томилгоо нь эхнээсээ хуулиа зөрчих болсон нь энэ салбараас олон зүйл хүсэх хэрэггүйн баталгаа болов.

Мөн тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон Б.Баасандорж хууль мэдэх хүн. УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд олон жил ажилласан ч хууль зөрчсөн томилгооны эзэн болж буйгаа мэдсээр байж, тус албан тушаалд очсон нь МАН хэчнээн хууль мэддэг ч өөрийн толгойгүй хүнийг тоглоомоо болгож болохын тод жишээ болов.

Хэрэв Ардчилсан нам Засгийн эрх барих үед хууль зөрчин ийм томилгоо хийгдсэн бол дотроосоо энэ асуудлыг сөхөж тавиад өдийд түймэр тавьчихсан сууж байна. МАН-д харин чин үнэнийг хэлээд сэлэмтэй хүнтэйгээ үзчих зоригтон байхгүй нь төрийн хуулийг дээдлэх зарчим алдагдсаны илрэл юм. Хэн сайн “бөгс” долооно, тэр нь албан тушаалд хүрч, ирэх дөрвөн жилийн амьдралаа залгуулах хууль  энэ намд үйлчлээд эхэлжээ гэж ойлгож болохоор байна.

Ерөнхий сайд өөрт олгогдсон эрх мэдлийнхээ хүрээнд Соёлын яамыг шинээр байгуулсан  ч далимдуулаад хууль зөрчих эрх мөн л олгоогүй. Төрийн албанд тавигддаг шаардлагынхаа хүрээнд сайд нь ажиллах ёстой ч эхний томилгоо нь мөн л хууль зөрчөөд байна.

Зөвхөн төрийн яамдын Төрийн нарийн бичгийн даргын томилгоо нь хууль зөрчөөд зогссонгүй, хариуцлага хүлээх ёстой хүмүүс нь төрийн онцгой албанаас яваагүй нь бас л хачирхал төрүүлсэн томилгоо болж буугаад байна.

Учир юу вэ гэвэл Төрийн тусгай хамгаалалтын газрын даргаар П.Батааг томилжээ.

Жил гаруйн өмнө Төрийн ордонд УИХ-ын гишүүн асан, Дэд бүтцийн хөгжлийн сайд асан Г.Батхүү амь насаа алдсан. Энэ хэрэг явдал Төрийн тусгай хамгаалалтын газрын даргад хариуцлага тооцох хангалттай үндэслэл болно. Гэтэл  хэрэг явдлын дараа П.Батааг үүрэг гүйцэтгэгч болгож, дүр эсгэн нүд хуураад, олон нийт энэ аймшигт явдлыг мартсан гэж бодсон уу, өнгөрсөн долоо хоногт жинхэлж, албан тушаалд нь хэвээр үлдээжээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх түүнд өртэй байж болно, төр харин түүнд өргүй байх шүү.  Харин ч ард түмэн түүнд хэзээ хариуцлага тооцож, албан тушаалаас нь чөлөөлөх вэ гэдгийг хоног тоолон хүлээж буй.

Уг нь Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга нар нэгнийхээ аминд хүрсэн аймшигт хэрэг явдал болсны дараа сайд нь, дэд сайд нь, Төрийн нарийн бичгийн дарга нар нь албан тушаалаасаа огцорч, хариуцлага хүлээж байв. Энэ зарчим хаана гээгдчих вэ? Ерөнхий сайд аа!.

Хүний амь эрсэдсэн хэрэг явдалтай холбогдуулж, Төрийн нарийн бичгийн даргаасаа чөлөөлөгдөж байсан Ж.Бат-Эрдэнийг Зам тээврийн хөгжлийн дэд сайдаар томилох нь зөв шийдэл юм уу. Дэд сайд нь улс төрийн албан тушаал байж болох ч өр төлдөг томилгоо биш л байлтай.

Л.ОЮУ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
61
ТэнэглэлТэнэглэл
16
ЗөвЗөв
7
БурууБуруу
6
ХахаХаха
4
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж