Ким Жон Ун том сорилтын өмнө ирээд байна

Хуучирсан мэдээ: 2020.07.28-нд нийтлэгдсэн

Ким Жон Ун том сорилтын өмнө ирээд байна

Ким Жон Ун том сорилтын өмнө ирээд байна

Хойд Солонгосын үе үеийн удирдагч нар хэдэн арван жилийн турш улс эх орноо гаднын ертөнцөөс, капиталистууд, АНУ эсвэл бусад дайсагнасан хүчинүүдээс хамгаална гэсэн үзэл баримтлалаар улсаа удирдсаар ирсэн. Харин саяхан Пёньянд нэгэн шинэ аюул тулгарч магадгүй талаар мэдээллийг тус улсын эрх баригчид албан ёсоор мэдэгдсэн нь тус улсад коронавирусийн халдварын анхны сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн явдал байв. Энэ асуудал удирдагч Ким Жон Уныг ихэд сандаргаж, тэрбээр улс төрийн товчооны яаралтай хурал зарлаж, онц байдал тогтоон, халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн Кэсон хотыг бүрэн тусгаарлаж арга хэмжээ авч, хил гаалиа чангатгахыг тушаав.

Эх сурвалжийн мэдээлснээр, халдвар авсан байж болзошгүй эрэгтэй нь гурван жилийн өмнө Хойд Солонгосоос Өмнөд рүү дүрвэсэн дүрвэгч бөгөөд ням гаригт /2020.07.26/ Хойд Солонгоын цэрэгжсэн бүсээр хил давсан байна.

Хойд Солонгосоос Өмнөд рүү дүрвэсэн дүрвэгчид Өмнөдөд ирээд маш их ялгаварлан гадуурхалд өртдөг, зарим эмэгтэйчүүд нь бэлгийн хүчирхийллийн золиос болдог, ажил төрөл олдоход бэрх, үүнээсээ болоод сэтгэл санааны хямралд орж, гэрээ санаж эхэлдэг бөгөөд энэ шалтгаанаар дүрвэгчдийн зарим нь эх орон руугаа буцдаг байна. Харин буцаж ирсэн дүрвэгчдийн Хойдууд Өмнөдийн капиталист системийг “харлуулах” зорилгоор суртал ухуулгын хэрэгсэл болгох нь элбэг байдаг гэнэ.

Өмнөд Солонгосын Эрүүл Мэндийн Яамны мэдээллээр дээрх хүн нь Хойд Солонгосоос ирсэн дүрвэгч мөн бөгөөд тус улсын хилээр давсан нь ч үнэн гэв. Мөн тэрбээр коронавирусийн халдвартай хүнтэй ойр дотно байгаагүй, халдвар авах нөхцөл маш бага нөхцөлд байсан гэх ба орон нутгийн цагдаагийн газраас энэ хүнийг бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгт шалгагдаж байсан нэгэн гэдгийг мэдээлжээ.

Харин Хойд Солонгосын талын мэдээлснээр, халдвар авсан байж болзошгүй эрэгтэйд коронавирусийн шинж тэмдэг илэрч байсан ба түүнийг оношилгоонд хамруулсан эсэх нь одоог хүртэл тодорхойгүй байна. Түүнчлэн тухайн хүнтэй харьцсан хүмүүсийг бүгдийг нь тусгаарласан ч Пёньян “үхлийн аюул занал” ойртон ирсэн талаар мэдээллэж, анхааруулсаар байна.

Зарим судлаачдын үзэж буйгаар Хойдууд тоног төхөөрөмж, оношилгоо хомсдолтой байгаа учир цар тахлыг дотроо алдсан ч илрүүлж чадахгүй байж магадгүй, эсвэл аль хэдийн дотроо алдсан ч хав даран нууж байж болзошгүй гэжээ.

Хэрэв энэ удаагийн сэжигтэй тохиолдол халдвар авсан нь тогтоогдож, дотоодод нь халдвар тараасан байх юм бол энэ нь тус улсыг есөн жилийн турш удирдаж буй Ким Жон Уны хувьд тулгарах хамгийн том сорилт, заналхийлэл болох юм.

Зөвхөн Ким гэлтгүй дэлхийн бүхий л түвшний улс орнуудын удирдагчдын “толгойны өвчин” болоод буй цар тахал нь Хойд Солонгост нэг л тархчихвал дэлхийн цорын ганц хаалттай улсыг сүйрүүлж ч мэдэх гамшиг юм.

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар дэлхийн болон олон улсын эрүүл мэндийн нийгэмлэгүүдэд харьяалагддаггүй, эрүүл мэндийн тогтолцоо муу Хойд Солонгос улс цар тахалтай тэмцэхэд хүчин мөхөсдөх нь дамжиггүй. Энэ нь Кимийн дэглэм коронавирусийн асуудалд маш онцгой ач холбогдол өгч, хатуу тэмцэж байгаагийн илрэл юм.

Пёньян эдийн засгаа тогтвортой байлгахын тулд Бээжинтэй нягт харилцаа холбоотой байдаг ч цар тахал эхлэх сургаар хилээ хаасан. Одоогоор зөвхөн гадаадын дипломатууд, тусламжийн ажилчид хилээр нэвтрэхийг зөвшөөрч байгаа ба хилээр давж орж ирсний дараа маш хатуу чанга хорио цээрийн дэглэмд тусгаарлаж байгаа гэнэ.

Цар тахал тус улсад дэгдвэл ямар их хор хөнөөл учруулахыг Ким мэдэж байгаа. Учир нь тус улсын түүхэнд үүнтэй төстэй аюул зовлон тусгарч байсан юм. Магадгүй 1990-ээд онд их хэмжээний үед болон, ган гачигаас үүдсэн их өлсгөлөн нь Кимийн гэр бүлд тулгарч байсан хамгийн том аюул байсан болов уу.

Хойд Солонгосын Засгийн газар хоол хүнсний хомсдолоос болж 235,000 хүнээ амиа алдсан гэж албан ёсны тоо баримтад дурдсан байдаг ч шинжээчид энэ тоог 3,5 сая орчим гэж тооцоолдог. Энэ үе бол тус улсын түүхэн дэх хамгийн эмзэг үе гэж хэлж болох юм. Харин 21-р зуунд Кимийн гэр бүлийн манлайллыг сүйрүүлж болох аюул занал гарч ирсэн нь коронавирусийн цар тахал гэж судлаачид дүгнэж байна.

Эх сурвалж: CNN

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ХахаХаха
6
ГайхмаарГайхмаар
4
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж