
Монгол Улсад Олон улсын шатрын холбооны өндөр зэрэглэлийн эмэгтэйчүүдийн гранпри тэмцээн болж буй энэ өдрүүдэд дэлхийн оюуны спортын “шүтэн бишрэгч”-д манай улс руу бүхий л анхаарлаа хандуулж байна. Нүүдэл бүрийн мэргэнийг ч өрөг бүрийн цэцнийг, шатарчин бүсгүйчүүдийн оюуны чадамжийг шүүн хэлэлцэж буй тэдний хувьд Монгол Улсыг шатар үүссэн өлгий хэмээн нэрийдэх нь олонтаа. Та бидний мэдэхгүй домгийг хүртэл хүүрнэн өгүүлж, дэлхийн оюун ухааны өлгий хэмээн гайхан биширч, дэмжин тэтгэх тэдний дэмжлэгээр энэ тэмцээн Монголд амжилттай өрнөж буй. Төрийн тэргүүнүүдийн хаалттай хотхон болох Их тэнгэрийн аманд цэц мэргэнээ сорих бүсгүйчүүдийн дунд дэлхийн шатарчид домог мэт үнэлэгддэг Майя Чибурданизе тэргүүтнүүд байгаа нь энэ тэмцээнийг яах аргагүй нэр хүндийн илэрхийлэл болохыг нь батална. Ийн Дэлхийн шатарын холбооны ерөнхийлөгч, Халимаг улсын Ерөнхийлөгч К.Илюмжинов тэргүүтэй хүндэт төлөөлөгчид Монгол руу шатрын төлөө ойр ойрмогхон зочлох болсон нь ч та бидэнд нэгийг хэлэх ажээ. Учир нь Монгол Улс өнгөрсөн хугацаанд жүдо болоод боксын төрлөөр дэлхийн тавцанд далбаагаа мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлж байсан бол энэ цагаас хойш шатрын төрөлд дэлхийн аваргатай болж чадлаа. Дэлхийн өсвөрийн шатарчдын тэмцээнээс аваргын цом гардаж, төрийн далбаандаа хэрхэн талархал илэрхийлснээ инээвхийлэн дурсах А.Энхтуул охиноор өдгөө монгол түмэн бахархаж суугаа. Энэ бол оюуны спортын төрлийн эцсийн бус эхний дэлхийн аварга бөгөөд үүнээс цааш олон охид, хөвгүүд монголчуудын оюуны чадамжийг дэлхийд гайхуулна гэдэгт итгэж байна. Олон улсын мастерийн босгыг ойрмогхон хангаж, олон улсын мастер Б.Мөнгөнтуулын өнгөрсөн хугацаанд ганцаараа үүрч ирсэн охидын амжилтыг өнөр бүлтэй болгохоо амлаж буй түүний ирээдүйн зам дардан цагаан байг.
Энэ л өдөр Монголын тэнгэр дор хуран чуулж буй оюуны спортын тэргүүлэгч бүсгүйчүүдэд ч амжилт ерөөх хүн олонтаа биз ээ. Тэр дунд Монголыг төлөөлж, дэлхийн хамгийн шилдэг 12 шатарчны нэг гэдгээ олноо илтгэх Б.Мөнгөнтуулыг гарааны ялагдлаар бус барианы ялалтаар ивээхийг монголчууд ерөөж суугаа нь дамжиггүй. Түүний улс дамнасан их оюуны амжилт бахархам ялалтаар дүүрэн байж, ирээдүйн зам нь гэгээн байхыг ерөөсөн түмэн олны итгэл энэ л өдрүүдэд сүүлчийн өргийн мэдээг хүлээн суугаа нь илэрхий ажээ. Б.Мөнгөнтуул гурван өргийн дараа нэг хожил, хоёр хожигдолтой нэг оноотой есдүгээр байрт бичигдээд байгаа юм.
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин