Японы мэргэжлийн сүмо бөхийн Нагоя башёгийн ес дэх өдрийн барилдаанууд өчигдөр/2020.07.27/ Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд болж өндөрлөлөө. Цар тахлын улмаас 2500 үзэгчийг л ордонд орохыг зөвшөөрч буй Нагоя башёгийн ес дэх өдөр Хакүхо Шоо Аойяаматай тааран барилдсан бол озэки Асанояама Окинумитай учраа таарав.
Ёкозүна Хакүхо нагоя башёгийн ес дэх өдөр Аойяамаг давж, ес дэх ялалтаа авсан бол Аойяама гурав давж, зургаа унасан үзүүлэлттэйгээр башёг үргэлжлүүлж байна.
Ёкозүна Хакүхо башёгийн ес дэх өдөр Ёкозүна цолтой 999 дэх барилдаанаа хийсэн юм.
Харин Ёкозүна Какүрюү Анандын эзгүйд барууныг манлайлж буй шинэхэн озэки Асанояама башёгийн ес дэх өдөр Окинумитай тааран барилдаж, өрсөлдөгчөө давлаа. Асанояама башёг есөн даваатай нэг ч унаагүй Хакүхогийн адилаар башёг тэргүүлж байна.
Тэрүнофүжи Ган-Эрдэнэ энэ өдөр Саданумитай тааран барилдаж улмаар өрсөлдөгчөө давснаар найман даваа нэг унаатай явж байгаа бол Тамаваши Мөнх-Оргил Котошогикүтай тааран барилдсан ч өвдөг шороодож зургаан даваа гурван унаатай болжээ.
Хоёр жил гаруйн дараа Макүүчик зиндаанд эргэн ирсэн Тэрүнофүжи Ган-Эрдэнэ ийнхүү качикоши хийлээ.
Одоогийн байдлаар Хакүхо, Асанояама нар есөн даваатай, нэг ч унаагүй башёг тэргүүлж байгаа бол тэдний араас Шодай, Тэрүнофүжи Ган-Эрдэнэ нар найман даваа нэг унаатай удаалж байна.
Холбоотой мэдээ