Дуулиант хэргүүд ба шүүх хурлын шийдвэрүүд

Хуучирсан мэдээ: 2020.07.28-нд нийтлэгдсэн

Дуулиант хэргүүд ба шүүх хурлын шийдвэрүүд

Нийгэмд  төдийгүй улстөрийн хүрээнд дуулиан тарьж байсан хэргүүд хууль хяналтын байгууллагаар шалгагдаж, зарим хэргүүд нь шүүхээр шийдэгдсэн. Сар хүрэхгүй хугацаанд  зургаан хэрэгт холбогдуулан нийт 21 хүнд ял оноов. Хорих ял сонссон 21 хүний гурав нь Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан ба С.Баярыг Оюутолгойн гэрээ болон “Петровис” ХХК-д давуу байдал олгосон хэргээр, М.Энхсайханыг Тавантолгойн асуудлаар, Ж.Эрдэнэбатыг албан тушаалын давуу байдлаа ашиглан хайгуулын талбай зарж борлуулсан хэргээр тус тус яллав.

Хорих ял сонссон нийт 21 хүнийг Оюутолгой, Тавантолгой, С.Зориг агсны хэрэг зэрэг зургаан төрлийн хэрэгт буруутгажээ. Өнөөдрийн байдлаар шүүхээр шийдэгдсэн болон шүүхийн шатанд яваа хэргүүдийг тоймлон хүргэж байна.


ЕРӨНХИЙ САЙД АСАН С.БАЯРТ ТАВАН ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООВ

Ерөнхий сайд асан С.Баяр,  "Петровис трейдинг” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ч.Давааням нарт холбогдох эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх долдугаар сарын 22-23-нд хянан хэлэлцээд Ерөнхий сайд асан С.Баярт таван жилийн хорих ял, Ч.Даваанямд хоёр жил хорих ял оноосон билээ.  Мөн С.Баяраас таван  тэрбум 580 сая төгрөг, Ч.Даваанямаас таван тэрбум 766 сая төгрөгийн эд хөрөнгийг хураан авч улсын орлого болгохоор шийдвэрлэсэн юм. Ингэхдээ С.Баярыг Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Монгол Улсын Засгийн газрын 2009 оны аравдугаар сарын 6-ны өдрийн “Гарын үсэг зурах эрх олгох тухай” 308 дугаартай тогтоолоор стратегийн орд болох “Оюутолгой” төслийн хүрээнд Айвенхоу Майнз Монголия Инк, Айвенхоу Майнз Лимитед, Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед компаниудтай хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэх эрхийг нэр бүхий Засгийн газрын гишүүдэд олгож, мөн өндөр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах нөхцөлийг бүрдүүлсэн гэх үндэслэлээр таван жилийн хорих  ял оноосон байна. Харин Ч.Даваанямыг  Монгол Улсын ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баярын эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад бий болгосон давуу байдлаас үүссэн хөрөнгийн эх үүсвэрийг нуун далдалсан гэх үндэслэлээр хоёр жилийн хорих ял оноожээ.

Б.ХУРЦАД ГУРВАН ЖИЛИЙН ЯЛ ОНООВ

Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Б.Хурц нарт холбогдох шүүх хурал  Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон. Тэднийг С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргээр ял авсан Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт буруутган Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн юм. Уг хэргийн шүүх хурал таван өдөр үргэлжилсний эцэст Б.Хурц, Ж.Мөнхгал, С.Баяр, Улсын ерөнхий прокурорын орлогч асан  Г.Эрдэнэбат нарт гурван жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр болсон. Харин О.Бямбажав, Ү.Отгонбаяр нарт хоёр, ШШГЕГ-ын ажилтан  Э.Өлзийбаярт нэг жилийн хорих ял оноож, мөрдөгч О.Бархасбадь, С.Эрдэнэбат нарыг цагаатгасан билээ.

С.БАЯРЦОГТОД 10, Д.ГАНБОЛД, Б.БЯМБАСАЙХАН НАРТ ТУС БҮР 4 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООВ

С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан, Б.Бадрал, Д.Ганболд нарт холбогдох шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд долдугаар сарын 6-ны өдрөөс хойш зургаан  өдөр үргэлжилж, долдугаар сарын 17-ны өдөр шүүхээс дараах шийдвэрийг гаргасан байдаг. Шүүх хуралдаанаар, С.Баярцогтод арван жил хорих, нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хасах, гурван байрыг улсын орлого болгох, 1.6 тэрбум төгрөг хураах ял оноосон байна.Харин Б.Бямбасайхан, Д.Ганболд нарт нийтийн албанд томилогдох эрхийг тус бүр гурван жилээр хасч, дөрвөн жил хорих ял, Б.Ариунсан, Б.Бадрал нарт нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасч, 1.6 жил хорих ял тус тус оногдуулжээ.Мөн шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг тус тус нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

С.Баярцогтыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, "Оюутолгой” ордыг ашиглах хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх Ажлын хэсгийн орлогчоор томилогдон ажиллахдаа албан тушаалын байдлаа урвуулан, албаны чиг үүргийн дагуу олж авсан мэдээллээ хувийн ашиг сонирхлоо гүйцэтгүүлэх зорилгод ашиглан Монгол Улсад хүнд хор уршиг учруулсан гэж шүүх үзжээ. Харин шүүгдэгч Б.Ариунсан нь Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байхдаа, шүүгдэгч Б.Бадрал нь Татварын ерөнхий газрын Татварын удирдлага, хамтын ажиллагааны газрын даргаар тус тус ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Ажлын хэсгийн гишүүн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ганболд нартай бүлэглэн 406.50 тэрбум төгрөгийн татварыг аваагүй үйлдэлд яллагдсан юм.

Д.Ганболдыг  2015 онд “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа “Оюутолгой” ХХК-д давуу байдал бий болгон Монгол Улсад орж ирэх боломжтой байсан татвар, татвар ногдох орлогыг бууруулсан, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулахаас гадна төр, нийтийн ашиг сонирхлыг зөрчсөний улмаас хүнд хор уршиг учруулсан хэрэгт гүйцэтгэгч, хамжигчаар хамтран оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцжээ.

Ж.ЭРДЭНЭБАТАД ЗУРГААН ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООВ

Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан долдугаар сарын 6-ны өдөр болсон.Шүүхээс Ж.Эрдэнэбатыг улс төрд нөлөө бүхий этгээд өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглах гэмт хэргийг зохион байгуулагчаар хамтран оролцсон, Б.Отгонбаатарыг бусдадтай бүлэглэн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг зохионбайгуулагчаар хамтран оролцсон, Д.Ганбатыг бусадтайгаа хамтран эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэгт хамжигчаар оролцсон, Д.Түвшинжаргалыг мөн хамжигчаар оролцсон гэм буруутайд тус тус тооцсон байна. 

Ийнхүү Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар нарт тус бүр нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилийн хугацаагаар хасч, зургаан жил хорих ял оногдуулсан. Харин Д.Түвшинжаргалыг нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасч, таван жил хорих ялаар, Д.Ганбатыг нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасч, гурван жилийн хорих ял тус тус оногдуулсан байна.  Дээрх дөрвөн хүн оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр болсон.

М.ЭНХСАЙХАНД 4.6 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООВ

Ерөнхий сайд асан М.Энхсайханд хорлон сүйтгэх, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргээр 4.6 жилийн хорих ял оноов. Шүүхээс М.Энхсайханыг Таван толгойн нүүрсний ордод хөрөнгө оруулагчийг сонгох нээлттэй шалгаруулалтыг зохион байгуулах, гэрээ байгуулах Ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байхдаа Монгол Улсын Засгийн газрын “Таван толгойн ордын талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг хэрэгжүүлэх Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн удаа дараагийн зөвлөмж, Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогыг баталсан Улсын Их Хурлын тогтоол зэргийг зөрчиж, “Шинхуа Энержи, Энержи Ресурс болон Сумитомо корпорац”-ийн түншлэлд давуу байдал бий болгон Монгол Улсын эдийн засагт илт хохиролтой гэрээг батлуулах зорилгоор эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан,

“Таван толгойн цахилгаан станц” төслийн нэгжийн захирлаар ажиллаж байхдаа төрсөн дүүгийнхээ болон түүний хүүгийн нэр дээр үүсгэн “ЕАС” ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй Тоёота Лексус 570 маркийн тээврийн хэрэгслийг тухайн үеийн зах зээлийн ханшнаас 55.000.000 төгрөгөөр илүү үнээр буюу 130.000.000 төгрөгөөр “Таван толгойн цахилгаан станц” төслийн нэгжид худалдан авч эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан  хэргээр яллажээ.

УИХ-ын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд  асан Н.Номтойбаярт сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, худал мэдүүлэг өгсөн гэх үндэслэлээр 5.5 жилийн хорих ял оноосон юм. 

ШҮҮХИЙН ШАТАНД ЯВАА  ЗАРИМ ХЭРГҮҮД:

Ш. БАТХҮҮ, Ч.ГАНЗОРИГ НАРЫН ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЭВ

Нийслэлийн прокурорын газраас “Жаст групп” ХХК -ны захирал Ш.Батхүүг  залилах, эрх мэдлээ урвуулан  ашиглах, хуурамч бичиг баримт үйлдсэн, нотлох баримт хуурамчаар үйлдэх, мөнгө угаах гэмт хэрэгт, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ны Ерөнхий захиралаар ажиллаж байсан Ч.Ганзоригийг эрх мэдлийг урвуулан ашиглах гэмт хэрэгт, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ны Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Мөнхжаргалыг эрх мэдлийг урвуулан ашиглах гэмт хэрэгт, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ны Худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Амарбатыг эрх мэдлийг урвуулан ашиглах  гэмт хэрэгт, "Алтжин групп” -ын Ерөнхий захирал ажилтай Г.Алтжинг  нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах мөн залилах гэмт хэрэгт  холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.  Шүүх хуралдааны тов хараахан гараагүй байгаа юм.“Жаст групп” ын захирал Ш.Батхүү нар нь хуурамч бичиг баримт, тамга тэмдэг, хэвлэмэл маягт ашиглан Англи улсын “Стандарт” банкнаас 109 сая долларын зээл авч бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа нь энэ юм.

Д.ЭРДЭНЭБАТ НАРТ ХОЛБОГДОХ ШҮҮХ ХУРАЛ ХОЙШЛОВ

Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбат болон Н.Золжаргал, Д.Доржханд, Б.Болор, Б.Минжбадам, Л.Санжаадорж, Д.Ганбат нарын долоон хүнд холбогдох нийт 188 хавтаст эрүүгийн хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дөрөвдүгээр сарын 8-ны өдөр хүлээн авчээ. Тэднийг “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг хууль бусаар шилжүүлж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон гэх үндэслэлээр шалгаж буй.

Шүүгдэгч Д.Эрдэнэбат нарт холбогдох шүүх хуралдааныг  долдугаар сарын 1-ний өдрийн 10.00 цагт товлон зарласан боловч шүүхэд дуудагдсан гэрч, шинжээч нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул шүүхээс тэдгээрийг албадан ирүүлж, шүүх хуралдаанд оролцуулахаар шүүх хуралдааныг хойшлуулж өчигдөр /2020.07.27/ 10.00 цагт  товлосон. Улмаар шүүх хуралдаанд шинээр сонгогдсон шүүхийн иргэдийн төлөөлөгч хэргийн материалтай танилцаагүй шалтгаанаар шүүх хуралдааныг наймдугаар сарын 17-ны өдрийн 10.00 цаг хүртэл хойшлуулсан юм.

УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Г.СОЛТАНД ХОЛБОГДОХ ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫГ ТОВЛОВ

Нийслэлийн прокурорын газраас улс төрд нөлөө бүхий этгээд өөрт болон бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж, хатгагчаар хамтран оролцсон гэмт хэрэгт  УИХ-ын гишүүн асан Г.Солтанд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж зургадугаар сарын 17-ны өдөр шүүхэд шилжүүлжээ. Шүүгдэгч Г.Солтанд холбогдох гэм буруугийн шүүх хуралдааныг  долдугаар сарын 20-ны өдөр зарласан боловч түүний өмгөөлөгч шүүх хуралдаан давхацсан шалтгаанаар шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт ирүүлсэн байна. Улмаар шүүхээс шүүгдэгч Г.Солтаныг өмгөөлүүлэх эрхээр хангаж, шүүх хуралдааныг долдугаар сарын 29-ний өдрийн 09.00 цагт товлож, шүүгдэгч Г.Солтанд урьд авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн байна.

“ЭРЭЛ"-ИЙН Б.ЭРДЭНЭБАТАД ХОЛБОГДОХ ШҮҮХ ХУРАЛ ХОЙШЛОВ

Хан-Уул дүүргийн прокурорын газраас “Эрэл” ХХК-ны ТУЗ-ийн дарга ажилтай Б.Эрдэнэбатыг залилах, мөнгө угаах гэмт хэрэгт, “Эрэл” ХХК-ны хувьцаа эзэмшигч Д.Сэргэлэнд  залилах мөнгө угаах хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх  зургадугаар сарын 2-ны өдөр хүлээн авчээ. Б.Эрдэнэбат, Д.Сэргэлэн нар нь 2016 оны 11 дүгээр сард компанидаа хөрөнгө оруулалт хийх нэрээр 20 тэрбум төгрөгийг “Номин холдинг” ХХК-иас залилан авсан гэх гэмт хэрэгт холбогдоод буй.

Долдугаар сарын 10-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг долдугаар сарын 24-ны өдрийн 13.30 цагт товлосон ч шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Цэцэгмаа өвчтэй, мөн шүүгдэгчид нэмж өмгөөлөгч авсан тул өмгөөлөгч хэргийн материалтай танилцах, мөн өмгөөлөгч Д.Отгонбат шинжээч болон хохирогч оролцуулах хүсэлт гаргасныг хүлээн авч, шүүх хуралдааныг наймдугаар сарын 05-ны өдрийн 1330 цаг хүртэл хойшлуулжээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж