"Улс төрийн бохир тактикаар олон нийтийг удирдаж болохгүй"

Хуучирсан мэдээ: 2020.07.28-нд нийтлэгдсэн

"Улс төрийн бохир тактикаар олон нийтийг удирдаж болохгүй"

"Улс төрийн бохир тактикаар олон нийтийг удирдаж болохгүй"

Коронавирусийн хязгаарлалтаас АНУ-д гацчихаад байгаа иргэн Ц.Уянгатай ярилцлаа.


Эхлээд уншигчдад маань өөрийгөө танилцуулна уу. Монголд ирэх хүсэлтээ гаргасан боловч Улсын Онцгой Комисс /УОК/-ын гаргасан таван шаардлагыг хангахгүй байгаа тул ирж чадахгүй байгаа гэсэн. Хэр удаан хүлээж байна вэ. Гэр орноо санаж буй нь мэдээж. Өөр ямар бэрхшээлүүд тулгарч байна?

-Сайн байна уу? Намайг Б.Уянга гэдэг. АНУ-ын Техасын Технологийн их сургуулийн Олон нийтийн харилцааны докторант. Сан Франциско дахь Монголын консул өчигдөр /2020.07.26/ нутаг буцах хүсэлтэй иргэдийн нэрсийг ил тод болгосон байна. Би өргөдлөө гуравдугаар сарын 24-нд гаргаж байж. Миний нэр жагсаалтын 101-д байна. Өнгөрсөн таван сарын хугацаанд АНУ-аас нийт 900 хүн нутаг буцсан гэж АНУ дахь Элчин сайдын яам мэдээлсэн. Анх ярьж байсан таван шаардлагад нийцсэн хүмүүсээ татаад байгаа бол хэл ам гарахгүй болов уу. Их сургуулийн элсэлтийн шалгалтанд ийм оноо авсан хүүхдүүдийг оруулна гэчихээд арын хаалгаар, тэнцсэн хүүхдүүдийн чинь урдуур мөнгө, танил талтай хүмүүс хүүхдүүдээ чихээд байвал хүмүүс яаж бухимдах бол. Яг л ийм шударга бус зүйл олон болж байна. Бид чинь бүгд адилхан хайрлаж санагалзах аав ээж, ах дүү, хамаатан садантай хүмүүс шүү дээ.

Хүлээж буй хүний хувьд Монгол Улсын Засгийн газрын ковидын эсрэг авч буй арга хэмжээнүүдийг анхааралтай ажиглаж байгаа болов уу. Хэр ажиллаж байна гэж бодож байна?

-Коронавирус анх гарахад хилээ хааж, ард нийтээрээ шахуулж шаардуулахгүй маск зүүгээд манайхан үнэхээр мундаг байсан. Төр засаг хурдтай ажиллаж, зөв шийдвэр гаргаж, олон нийт нэгдэж чадсан. “Монгол Улс маань дотооддоо коронавирус алдаагүй байгаа” гээд би энд багш нар, оюутнууддаа одоо ч  гайхуулаад ярьдаг. Гэхдээ сүүлийн гурван сарын үйл явц, ялангуяа гадаадад гацаасан монголчуудаа эх оронд нь ирүүлэх дээр Засгаас хэрэгжүүлж байгаа бодлого, ажлын арга барил үнэхээр муу байна. Манайд цар тахал дэлгэрлээ гэхэд төр засаг яажшуухан ажиллах вэ гэдгийн жишиг хувилбарыг гадаадад гацаасан иргэдээ татан авах ажлыг ямар муу зохион байгуулж байгаагаас харж болно. Маш удаан, зохион байгуулалт, манлайлалгүй, хамгийн ой гутмаар нь танил тал, авлига хээл хахууль, бас ашиг хонжоо хайх байдлаар үйл ажиллагаагаа явуулж байгаа.

-Гадаадад гацсан монголчуудын бүлэг үүсчихлээ. Тэд хоорондоо нэгдэж, бие биедээ туслан, мэдээлэл солилцож маш хүчтэй ажиллаад эхэлчихэж. Тэднээр үнэхээр бахархаж байна. Ийм иргэний хөдөлгөөнүүдийн үйл ажиллагааг төр засгийн ажилтай хэрхэн уялдуулах вэ?

-Нэг сайн зүйл нь монголчууд нэгдэж, эрх ашгаа хамгаалж, тэмцэж байна. Монголчууд фэйсбүүкээр нэгдэж байна. Манайхан мундаг байгаа. Таван шаардлагаар авна гэж байх үед харваас оюутан, залуу хүмүүс онгоцонд суугаад байна гээд нисэх дээрээс бичлэг хийгээд, фэйсбүүкт тавьж байв. Байрлуулж байгаа байр нь хөгц мөөгөнцөртэй байна гээд зургийг нь аваад, баримт нотолгоотойгоор асуудлыг тавьж, шийдүүлсээр ирлээ. Хилийн чанад дахь монголчуудын холбоо УОК-т төлөөллөө оруулъя гэсэн хүсэлт тавьж, Б.Ууганбаяр хурандаа “Синдикат” ярилцлагын нэвтрүүлэгт орохдоо болно гэж мэдэгдсэн. Тэгэхээр одоо хамтраад, тусгай үүргийн нислэгт багтаж байгаа хүмүүсийг тавьсан таван шаардлага болон хүсэлт гаргасан өдрөөр нь сонгож байгаа эсэхэд хяналт тавиад ажиллах боломж үүслээ гэж харж байна.

Хүмүүс мөн шаардаад УОК-т цугларсан нийт долоон тэрбум төгрөгийн хандив тусламжийг ил болгосон. Хүнд хэцүү цагийг хамтдаа туулахын тулд төр засаг, нутаг нэгтнийхээ эрүүл мэнд, амь насыг аврахаар энэ хандив тусламжийг хувь хүмүүс, аж ахуйн нэгж, байгууллагууд өгсөн байгаа. Үүний зарцуулалтыг харахад 85 сая төгрөгөөр 85 мянган маск авсан, уушигны аппарат худалдан авахаар төлөвлөж, Хятадаас явуулсан тусламж хүлээн авахад тээврийн зардалд хагас тэрбум төгрөг зарцуулсан гэхчлэн дурджээ. Нэг бүрийг нь 1,000 төгрөгөөр үнэлэн улсад маск нийлүүлсэн “Бөртэ” оёдлын үйлдвэрийн газрын даргыг АТГ шалгаж, үр дүнгээ олон нийтэд мэдээлэх хэрэгтэй. Үнэхээр зах зээлийн үнээс өндөр үнээр улсад маск шахсан эсэх, эсвэл цавчаа хийсэн хүмүүсийн золиосонд явж байгааг нь тогтоох хэрэгтэй. Уушигны аппарат авах төлөвлөгөө хийхэд яг хэдэн төгрөгийн зардал гардаг юм? Яагаад хагас тэрбум төгрөгийн зарцуулалттай нийлүүлж төлөвлөгөө хийх зардлыг тайлагнаж байна вэ? Үүнийг нэгбүрчлэн задалж тайлбарла. Хятадаас ямар тусламж ирсэн, тээврийг ямар компани хийсэн, гааль татвар, хураамжаа хөнгөлүүлсэн эсэхийг нэгбүрчлэн шалгах ёстой. Зарцуулалтаа тайлагнахаас гадна хандив тусламж өгсөн хүмүүс, аж ахуйн нэгжийн нэрсийг ил болго. Орлого зарлагын баланс нийцэж байх хэрэгтэй биз дээ. Хамгийн гол нь олон нийт цахим орчинд өөрт байгаа мэдээлэл, баримтаа хуваалцаж, санаа оноогоо уралдуулж, төр засагт шаардлагаа хүргүүлж ажиллаж байна.

Тусламжийн хандив мөнгийг иргэдийнхээ эрүүл мэнд, амь насыг хамгаалахад тэгш зарцуулах хэрэгтэй. Жишээ нь, нутаг буцаж байгаа иргэд хоёр дахин өндөр үнээр билет авч харьж байна. Алдагдлаа нөхөхийн тулд Сөүл-УБ нислэгийн үнээ 900 мянга байсныг цар тахал гарснаас хойш 1,4 сая болгосон гэдгээ МИАТ-ийн захирал нь өөрөө хүлээсэн. Онцгой нөхцөл байдал үүссэн үед хандив тусламжийн мөнгөнөөс тодорхой хэмжээг нь МИАТ-д өгөөд, билетийн үнийг бууруулдаггүй юм гэхэд хуучин үнээрээ ард иргэдээ аврах ёстой болохоос биш их ачаа үүрээд бохирчихсон байгаа нуруун дээр нь нэмж ачаа үүрүүлээд, бүр мөлхүүлээд байж болохгүй шүү дээ. АНУ-аас хийсэн шууд нислэгийн хоёр талын зардлыг АНУ болон Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим, Энэтхэгээс авчирсан ламхай нарын зардлыг ЮНИСЕФ гаргасныг тайландаа бичсэн байсан. Цар тахал гээд иргэд, аж ахуйн нэгжээс хандив цуглуулаад, онцгой нөхцөл байдал гээд олон улсын байгууллагуудаас тусламж аваад байгаа мөртлөө ачааны хүндийг ард иргэддээ үүрүүлээд, алагчилж харьцаад, бас авсан мөнгөний зарцуулалтаа нэг нэгэнгүй тайлбарлаж чадахгүй байгаа нь олон нийт Засгийн газрыг сэрдэж сэжиглэхэд хүргэж байна.

-Гэр орондоо буцаж ирсэн хүмүүсээ УОК-ын мэдээллийн цагаар үхрийн мах иднэ гэлээ, архи уулаа гэхчлэн шүүмжилж хүмүүс энэ мэдээлэл дээр нь талцан маргалдаж байна. УОК иргэдийнхээ төлөө илүү сэтгэлтэй, үр дүнтэй ажиллахад ямар зохицуулалтууд хэрэгтэй вэ. Стратегийн харилцааны мэргэжилтний хувьд саналаа хэлнэ үү?

-Нэгдүгээр ангид билүү үздэг байсан хоёр найз ба баавгайн тухай үлгэр санаанд ороод байгаа.  Санаж байна уу? Хоёр найз ойд явж байтал нэг баавгай гараад ирж гэнэ. Нэг найз нь мод руу авирч гараад, аюулаас зайлж чаджээ. Нөгөө найз нь газар хөдөлгөөнгүй хэвтэж гэнэ. Баавгай ирээд үнэрлэж байгаад явчихжээ. Баавгайг холдсоны дараа модон дээр гарсан найз нь бууж ирээд, баавгай чиний чихэнд юу гэж хэлэв гэхэд “зовох цагт нөхрийн чанар танигддаг” гэж хэллээ гэж гэнэ гээд. Энэ үлгэрийг уншуулаад багш энэ үлгэрийн гол санаа нь зовох цагт нөхрөө орхиж болохгүй шүү, хэцүү үед мод руу үсэрч гарсан энэ хүүхэд бол муу хүүхэд, та нар битгий ийм хүн болоорой гэж заадаг байсан.

Харин одоо Засгийн газар энэ үлгэрийн гол санаа бол мод руу үсэрч гарсан хүүхэд нь мундаг, сэргэлэн хүүхэд шүү гэж зааж байна. УОК, ГХЯ, ЭМЯ-нд биш Засгийн газрын тэргүүнд асуудал байна гэж харж байгаа. Засаг манлайлж чадахгүй байна. Улс төрийн кампанит ажил явуулдаг бохир тактикаар цар тахлын олон нийтийн харилцааг хийж байна. Ард олноо талцуулах, хүмүүст буруу мэдээлэл өгөх, үнэнийг нууж дарах, айдас хүйдэст автуулах зэргээр ажлаа явуулж байна. УОК-ын шуурхай штабын дарга нь тусгаарлах байр хайгаад манай хүмүүс хотын ойролцоох амралтын газрууд руу давхилаа гээд ярьж байсан. Тэр хүмүүс өөрсдийнхөө эрх мэдлийн хүрээнд ажлаа хийж байгаа нь тэр. 50 мянган төгрөгөөр вирустэй газраас авчрах иргэд байрлуулаач гэвэл ихэнх буудал, амралтын газрын эзэд үгүй л гэж хэлнэ. Татгалзсан хариу авахаа мэдсээр байж тэгж ийш тийш давхих хэрэг одоо байхгүй. Харин өдрийн 3 хоолтой ор хоногийн үнэ чинь хэд вэ, ирэх хүмүүс 50 мянгыг нь төлнө, зөрүүг нь улс төлнө. Эсвэл ийм ийм газрууд ийм үнэтэй байна гээд гадаадад гацаасан хүмүүстээ сонголт өгөх хэрэгтэй. Байрлуулаад дууссаны дараа халдваргүйжүүлэлт, ариутгалыг нь мэргэжлийн хүмүүсээр улс хийлгэнэ, танай буудалд хохиролгүй, харин ашигтай гээд ярих хэрэгтэй. Ийм эрх мэдэл УОК-ын гишүүдэд байна уу? Үүний төлөө Ерөнхий сайд, Ерөнхийлөгч хуруугаа ч хөдөлгөсөнгүй өдий хүрлээ.  Тусгаарлалтын байрны зориулалтаар буудлаа ашиглуулахгүй гэж байгаа нэгэнд нь онцгой байдлын хуулиа ярьж танилцуулаад, дайчилж болно. Эрүүл ахуй, халдвар хамгааллын шаардлагад нийцсэн сэндвичэн байрууд хүртэл баривал барьчихаар хугацаа өнгөрлөө шүү дээ.

-Миний хувьд цар тахлын хүрээнд өрнөж буй үйл явдлуудыг хараад иргэд, төр засаг хоёрын дунд гүн ангал, үл итгэлцэл үүссэн байна гэж ойлгож байгаа. Үүнийг хэрхэн засах вэ? 

-Ард иргэдээ ингэж талцуулж, хотынхон, хөдөөнийхөн, баячууд, ядуучууд, гадаадад байдаг монголчууд, дотоодод байдаг монголчууд гэж хувааснаар үндсэн асуудлаа хамтдаа шийдэх биш, варьеньтай талх, мөөгтэй шөлний хэрүүл газар авах нөхцөлийг бүрдүүлж байна.  Ингэж ард иргэдээ хувааснаар цар тахал гарлаа гэхэд Засгийн газар хариуцлагаас мултран, хэн нэгэнд бурууг чихээд, чи бидээ тулсан хэрүүлийг нь хараад сууж байна гэсэн үг. Солонгост манай 40 гаруй мянган иргэн байдаг. Тэдний тал нь богино хугацааны визтэй гэж ГХЯ-ын Консулын газрын дарга нь ярьж байсан. Одоогоор Солонгосоос харих хүсэлтээ гаргасан хүмүүс гурван мянга гаруй байгаа. Цаашид нутаг буцах хүсэлтэй иргэдийн тоо улам нэмэгдэнэ. Засгийн газар ийм менежменттэй ажиллах юм бол баавгайнаас зугтаж чадалгүй газар үхэтхийн хэвтсэн найзын чинь элэг бөөрийг баавгай гаргаад идэж байх болов уу. Ард олноо талцуулж байхын оронд зүй нь засаг маань улс оронд тулгарсан асуудлаа яаж хурдан шийдэх вэ гэдэгт өөрт байгаа бүх хүч энерги, цаг хугацаагаа зарцуулах ёстой. Засаг хүчтэй, хурдтай ажиллаж, хүнлэг энэрэнгүй нийгэм цогцлоож буй гэдгээ бодитоор харуулах хэрэгтэй. Олон нийт ч мөн коронагийн үед танил талаа түрүүлж татаж байна уу, хандив тусламжаар ирсэн нэг төгрөгийг хүртэл эрх мэдэлтнүүд гамтай, зөв зарцуулж байна уу гэдгийг хянаж, шударга бус зүйлд нүд хурц, чих сонор байж, ил тод ажиллахыг төр засгаасаа ямагт шаардаж байж бид сайхан нийгэм цогцлоож, ямар ч асуудал тулгарсан даван туулж чадна.

Ярилцсанд баярлалаа. Гэр бүл, элгэн садантайгаа удахгүй учран золгох байхаа гэж найдаж байгаагаа илэрхийлье.

С.ЭНХЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
ЗөвЗөв
4
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж