Сидней хотод суугаа хятад оюутнуудыг цахимаар сүрдүүлж, их хэмжээний мөнгө нэхэх хэрэг сүүлийн үед олширч байна хэмээн Австралийн цагдаа мэдээлжээ. Сүрдүүлгэд өртсөн оюутнууд мөнгө олохын тулд хулгайлагдсан мэт жүжиглэн бичлэг хийж, Хятадад буй гэр бүл рүүгээ явуулах ч тохиолдол олон гарч байгаа аж. Ийм хэрэг энэ жил нийт найм бүртгэгдсэн бөгөөд тэдний нэг нь гэмт хэрэгтэнд 1.43 сая ам.доллар цуглуулж өгсөн байна.
Цагдаа нарын мэдээлж буйгаар уг гэмт хэргийг маш өндөр нууцлал, зохион байгуулалттай хийж байгаа тул олж авахад бэрх аж. Гэмт хэрэг үйлдэхдээ хэрэгтнүүд Хятадын Элчин сайд юм уу, тэдэнтэй төстэй өөр нэг эрх баригчийн дүр эсгэн хохирогч руу залгаж, өөрийг нь гэмт хэрэгт холбогдсон зэргээр айлган сүрдүүлдэг байна.
Хэрэгтнүүд ихэвчлэн хятад хэлээр гойд сайн ярьдаг байх агаад баривчлагдах, эсвэл хүчээр нутаг буцаалгахгүйн тулд тогтмол төлбөр төлөхийг шаарддаг аж. Зарим тохиолдолд оюутнууд гэр бүл, найз нөхдөөсөө холбоо таслан, зочид буудлын өрөө түрээслэж, тэндээ барьцаалагдсан мэт байдал үүсгэн, ар гэрээсээ мөнгө нэхдэг байна.
Жишээ нь, хэрэгт холбогдсон нэг оюутан охины аав 1.43 сая ам.доллар төлөөд, Сиднейн цагдаад хандахад цагдаа нар охиныг зочид буудлын өрөөнөөс эрүүл саруул, эсэн мэнд олсон байна.
Бусад хэргүүд дээр ар гэрээс нь төлсөн мөнгө 20-30 мянган австрали доллар байх аж. Цагдаагийн мэдээлснээр зарим гэр бүлүүд айсандаа бүх мөнгөө шавхан өгсөн тохиолдол ч бий аж. Ихэнх тохиолдолд оюутнууд удахгүй олдлоо ч хэргийн талаар мэдүүлэхээс хэт их ичдэг байна.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ