Төр ч хүчирдэггүй, иргэдэд ч дийлддэггүй газрын маргаан

Хуучирсан мэдээ: 2020.07.27-нд нийтлэгдсэн

Төр ч хүчирдэггүй, иргэдэд ч дийлддэггүй газрын маргаан

Төр ч хүчирдэггүй, иргэдэд ч дийлддэггүй газрын маргаан

Төр ч хүчирдэггүй, иргэдэд ч дийлддэггүй асуудал нь Улаанбаатар хотын хэмжээнд газрын маргаан болж хувирав.

Нэг өглөө сэрэхэд үл таних этгээд орц гарц хаагаад, эс бол ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбайд барилгын суурь ухах ажил эхлүүлсэн байдаг. Иргэд хүчээ нэтгэн тэмцэл өрнүүлж, шүүхэд зарга мэдүүллээ ч нэмэргүй ялагдана.

Газрын зөвшөөрөлтэй тул мөнгөө төлсөн нь хөгжмөө захиалдаг “дүрэм”-ээр Улаанбаатар хотод төлөвлөлтгүй барилгууд хэдэн арваараа сүндэрлэсээр…

Уг нь хотын захиргаа орц, гарц хаасан барилгуудыг нураах, зөвшөөрлийг нь цуцлах зэргээр өнгөрсөн хоёр жилийн турш ажилласан ч үр дүн багатай байна. Учир нь, нэгийг нураавч, нөгөө талд нь шинээр барилга баригдсаар…

Ойрын жишээ татвал, Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороонд, “Ханбогд” хорооллын дунд барилгын ажил эхэлснийг оршин суугчид нь эсэргүүцсэнээр өнгөрсөн Ням гариг (2020.07.06)-т тус дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын албанаас нээлттэй сонсгол зохион байгуулав. Барилга барих зөвшөөрөл авсан компани, оршин суугчдын төлөөллийг оролцуулан нээлттэй сонсгол хийсэн ч ойлголцолд хүрч чадсангүй.

“Ханбогд” хороолол нь 10 мянга гаруй өрхтэй. Төрийн өмчит сургууль, цэцэрлэг ойр орчимд нь байдаггүй тул эцэг, эхчүүд хүүхдүүдээ хотын төв рүү зөөх шаардлага үүсдэг байна. Оршин суугчдын хэлж буйгаар анх барилгын компани нь “Төр сургууль, цэцэрлэг барьчих тул хүүхдээ сургахад асуудалгүй” гэх зүйл ярьж, байрны захиалга авчээ. Хэдэн жил болоход орон сууц нэмэгдэж баригдсанаас биш автомашин тавих зогсоол ч баригдаагүй.

Ийм байтал дахин барилга барих болсныг иргэд нь эсэргүүцэж, дүүрэгтээ гомдол гаргахад барилга барих зөвшөөрөл нь 2008 онд гарсан тул зөвшөөрлийг нь цуцлах боломжгүй таг гацаанд оржээ. Дүүргээс мөн ойр орчимд нь сургууль, цэцэрлэг баръя гэвч газар олддоггүй. Бүгд хувийн эзэмшилд очсон. Гэтэл барилга баригдахын хэрээр сургууль, цэцэрлэгийн хэрэгцээ нэмэгдэх болсон байдаг.

“Ханбогд” хорооллын оршин суугчид барилгын компанид хандан “Ганц цэцэрлэг бариад өгөөч” гэсэн хүсэлт тавьсаар ирсэн ч боломжгүй гэдэг хариулт сонссоор өдий хүрчээ.

Боломжгүй шалтгаанаа 100 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай цэцэрлэг барья гэхэд байрны орц шахан барих шаардлагатай болно гэж тайлбарладаг байна. Өөрөөр хэлбэл, анхнаасаа хот төлөвлөлтийн бодлогод захирагдаж, газар олголт хийгээгүйгээс нэг л компанийн эрх ашигт хөтлөгдөн, нийтийн эрх зөрчигдөж байна гэж үзэх үндэслэл бий болж буй юм.

Гэхдээ мөнгөө төлөөд зөвшөөрөл авсан компанийг буруутгах аргагүй. Хамгийн гол буруутан нь төр өөрөө.

Анх газрын зөвшөөрөл хүсэхэд нь хэдэн компанид хэчнээн хүн амьдрах хүчин чадалтай орон сууц барих зөвшөөрөл хүсэв,  хаана нь сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг нийгмийн зайлшгүй шаардлагатай үйлчилгээ нь байх ёстой вэ гэдгийг бодолцож олгодоггүй. Байр сонгож байгаа иргэд ч хүүхдээ хаана сургаж, хүмүүжүүлэх вэ гэдгээ тооцдоггүй.

20, 30 жилийн хугацаатай зээл авч, байранд орсон хойноо сургууль, цэцэрлэг шаардаж эхэлдэг. Дүүрэг нь иргэдийнхээ хүсэлтийг биелүүлье гэхэд газар нь хэзээний хувийн эзэмшилд шилжчихсэн.

Зарим тохиолдолд зөвшөөрөлгүй барилга барьсан байх тохиолдол ч бишгүй. Буулгах болоход иргэд банкнаас зээл аваад, байрыг нь худалдаж авсан байдаг тул хохирол нь хэдэн арван тэрбумаар яригдах болдог аж.

Одоо энэхүү төлөвлөлтгүй ажлаа зогсоож, норм стандартынх нь дагуу ажлаа төлөвлөж, зөвшөөрөл олгодог болж, хариуцлагатай хандах цаг нь болжээ.

Нөгөө талдаа нийслэлийн хэмжээнд газрын зөвшөөрөлд хязгаартай хандахаас аргагүй болж байна.

Нэг хэсэг нь эрх мэдэл, танил талаараа газрын зөвшөөрөл авч, дамлан зардаг тухай асуудал хөндөгддөг бол нөгөө хэсэг нь орон сууцны үнэ өндөр байгаагийн гол шалтгаан нь газрын үнэд авлига шингэсэнтэй холбоотой гэж үздэг.

Уг нь Улаанбаатар хотод ашиглалтын хугацаа нь дууссан 300 гаруй орон сууц бий. Газар хөдлөлтийг тэсвэрлэх боломжгүй дээрх барилгыг буулгаж, шинээр барих жагсаалтад орсон байдаг ч энэ ажил руу орох барилгын компани олон биш байгаа нь ашиг бага тусдагтай нь холбоотой юу, эсвэл энд төрийн хүнд суртал нөлөөлөөд байна уу.

Шинэ газрын зөвшөөрөл рүү барилга барьдаг компани бүхэн хошуурдаг хэрнээ гэр хорооллын дахин төлөвлөлт рүү орох сонирхолгүй нь бас л хардлага төрүүлдэг. Нийслэлийн гэр хороололд 220 мянган өрх бий. Бэлээхэн газрыг нь ашиглаад орон сууцжуулах бодлогыг төр хэрэгжүүлж чаддаггүйн цаад зовлон юу вэ.

Унац өгөхгүй хуучин газрыг дахин төлөвлөлтөд оруулах гэж үйлээ үзэж сууснаас шинэ газрыг үнэ хүргэн зарж, хэтэвчээ түнтийлгэх нь төрийнхөнд ашигтай тусаад байгаа юм биш биз.

Л.ОЮУ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж