“Монголын алт “(МАК) ХХК-иас “Миний мөрөөдлийн байшин” төслийн хүрээнд тус компанид тасралтгүй 10 жил ажиллаж байгаа “Нарийн сухайт”-ын уурхайн засварын мастер Б.Батцогийнд 57 ам метр амины орон сууц барьж өглөө. Үндэсний мэргэжилтнүүдийн гараар үйлдвэрлэсэн Евро стандартын “МАК Евро Блок”, “МАК Евро Цемент”, “МАК Евро ВинДоор” үйлдвэрийн барилгын материалыг ашиглан тохилог, утааг бууруулсан, хөрсний бохирдол үүсгэдэггүй эко амины орон сууцыг хэрхэн барьж болохыг харуулахын зэрэгцээ ажиллагсдаа орон сууцжуулахад энэхүү төслийн зорилго оршжээ. Энэхүү “Миний Мөрөөдлийн байшин”-гийн түлхүүр гардуулах ёслол өнөөдөр /2020.7.27/ боллоо.
“Монголын алт “(МАК) ХХК-ийн Бодлогын Зөвлөлийн дарга Б.НЯМТАЙШИР
-Танай компани ажилчдынхаа нийгмийн асуудлыг хэрхэн шийддэг вэ?
-Манайх 2600 гаруй ажиллагсадтай. Өнгөрсөн хугацаанд компанийн хөрөнгөөр 100 гаруй ажилтныг орон сууцаар хангасан. Харин өнөөдөр анх удаа өөрийн үйлдвэрлэсэн Евро стандартын барилгын материалыг ашиглан байшин барьж, компанидаа тасралтгүй 10 жил үр бүтээлтэй ажилласан Б.Батцогийн гэр бүлд үнэ төлбөргүй, түлхүүрийг нь гардуулан өглөө.
-Энэ байшингийн онцлогийг дурдахгүй юу?
-МАК-ийг олон лиценз эзэмшдэг гээд нийгмийн сүлжээгээр буруутгаж ярьдаг. Гэтэл энэ барилгын материалыг үйлдвэрлэхэд Монголын эрдэс түүхий эд болох 20 орд газрын лицензийг ашиглаж, эрдэс түүхий эдээр Европын стандартын дагуу үйлдвэрлэсэн Монгол Улсын цаг агаарт нийцэхүйц бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Европын хамгийн шилдэг техник, тоног төхөөрөмжийг монгол залуус чадварлаг эзэмшээд, Евро стандартын бүтээгдэхүүнийг гаргаж байна гэсэн үг. Үүнд “МАК Евро Цемент”, “МАК Евро Блок”, “МАК Евро ВинДоор” үйлдвэрийн цонх, хаалга шилэн фасадны үйлдвэрүүд маань багтаж байгаа. Монголын эрдэс түүхий эдийг ашиглан хийсэн бүтээгдэхүүнээр байшин бариад, хашаандаа сайхан амьдрах боломжийг бүрдүүлж байгаа юм. Иргэд төвийн орон сууцанд амьдрахаас илүү хашаандаа тохилог орон сууцтай болохыг мөрөөддөг. Улаанбаатарт агаарын бохирдлын асуудал хүндрэлтэй байдаг. Хөрсний бохирдол үүсэхгүйгээр бохирын цооногийг суурилуулсан, халаалтыг бойлераар шийдсэн тул ямар нэгэн утаа гарч, агаарын бохирдол үүсэхгүй, байршлаас шалтгаалан цэвэр усыг төвийн шугамтай холбож өгөхөөс гадна давхар гүний худаг гаргаж, нөөцийн цэвэр ус бий болгосон нь тав тухтай амьдрах боломж бүрдүүлсэн. Хэрэв Улаанбаатарын дэд бүтцийн асуудлыг шийдчихвэл иргэд өөрсдийн эзэмшил газар дээр тухтай сайхан амьдрах боломжтой. Энэ нь агаарын бохирдлыг бууруулах нэг арга. Үүний анхны жишиг байшинг бид барилаа.
-Байшинг барихад хэдэн төгрөг зарцуулсан бэ?
-Энэ байшинг бидний олон жил хамтран ажилласан Ш.Цогтбаатар захиралтай “Түмэн хаш” компани 20 хоногийн дотор барьсан. Энэ байшин нь 56 ам метр талбайтай, нэг ам метрийг нь нэг сая төгрөгөөр барьсан. Гэхдээ инженерийн шугам сүлжээний өртөг үүн дээр нэмэгдэнэ. Улаанбаатарын дэд бүтцийн асуудлыг нэгдсэн журмаар шийдчихвэл иргэд байшингаа хямд өртгөөр барих боломжтой үүсэх юм.
ДУЛААН АЛДАЛТ БАГАТАЙ, ЭКО БАЙШИН
“МАК Евро ВинДоор” үйлдвэрийн дарга архитектурч Д.АЮУШЖАВ
-Эхний бүтээгдэхүүнээс эцсийн бүтээгдэхүүн хүртэл монголчууд, тэр дундаа “МАК”-чууд үйлдвэрлэн өртөг хямд байшин босгосондоо баяртай байна. Миний хувьд зураг төслийг нь боловсруулсан. Евро стандартын “МАК Евро Цемент”, “МАК ЕвроБлок”, “МАК Евро ВинДоор” үйлдвэрийн цонх, хаалга зэрэг компанийн өөрийн үйлдвэрлэсэн бүх бүтээгдэхүүнийг ашиглан барьснаараа олон давуу тал бий болгож байна.
ХАШААНДАА ГЭРТ АМЬДАРДАГ БАЙСАН
МАК-ийн засварын мастер Б.БАТЦОГ
-Миний хувьд 10 жилийн өмнө “Монголын алт “(МАК) ХХК -д усалгааны жолоочоор ажилд орж байлаа. Түүнээс хойш Белазын жолооч, засварчин, засварын мастераар тус тус ажиллаад 10 жил болсон байна. Энэ хугацаанд маш олон зүйлийг сурч, туршлага хуримтлуулсан. Ингээд компанийн ажилчид дундаас шалгарч, шинэ байшинтай болсондоо маш их баяртай байна. Компани өөрийн үйлдвэрлэсэн материалаар байшинг барьснаараа онцлог. Манайх ам бүл тавуул. Бид энэ хашаандаа гэрт амьдардаг байлаа. МАК компани ажилчдаа маш сайн дэмжиж ирсэн, үр шимийг нь хүртлээ. Компанийн зүгээс манайд ийм сайхан байшин барьж өгсөнд маш их баяртай байна. Хамт олондоо ажлын амжилт хүсье.
Холбоотой мэдээ