Завхан аймгийн Улиастай суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол энэ сарын 25-ны өдөр илэрсэн билээ. Тодруулбал, Улиастай сумын иргэн, 39 настай Д нь долоо хоногийн өмнө гэр бүлээрээ тарваганы махаар боодог хийж идсэний дараа халуурч, толгой өвдсөн шинж тэмдэг илэрсэн учраас тус аймгийн Нэгдсэн эмнэлэгт ханджээ. Улмаар Говь-Алтай аймгаас түргэвчилсэн оношлуур авчирч, тухайн иргэнийг шинжлэхэд хариу нь сөрөг гарсан учраас Завхан аймгийн онцгой комиссоос Улиастай сумаас гарах, орох нийтийн болон хувийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах тухай шийдвэрийг цуцалсан юм.
Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр (2020.07.27) коронавирусийн тархалттай холбоотой асуудлаар ээлжит мэдээллээ хийх үеэр тус яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Завхан аймагт илэрсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдлын хариу PCR шинжилгээ буюу давтан шинжилгээгээр сөрөг гарсан. Хэдий тийм боловч иргэн Д нь аймгийн төвийн халдвартын эмнэлэгт хэвтсэн. Гэртээ найман хүнтэй хавьтал болсон учраас бүх хүнийг дахин шинжилгээнд хамруулахаар болсон. Хүмүүсийн сорьц өнөөдөр Улаанбаатарт ирнэ. Иргэдэд хэлж сануулсаар байтал эр, эмгүй тарваганы мах идсэн өгүүлэмжтэйгээр эмнэлэгт хандаж байна. Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд эмч нар цаг наргүй ажиллаж байхад тарваган тахлын тохиолдлууд эмнэлгийн байгууллагуудад ачаалал нэмж байна” хэмээн онцолсон юм.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ