Төвөдийн дааврын дасгал

Хуучирсан мэдээ: 2020.07.27-нд нийтлэгдсэн

Төвөдийн дааврын дасгал

Энэхүү эртний төвөд дасгалыг хийж байхдаа нэг удаадаа 1-2 өдрөөр тасалж болдог ч түүнээс илүү удаан завсарлавал өнгөрсөн бүх үр дүн нь алга болдог учраас аль болох таслахгүй, тууштай тогтмол хийхийг анхааруулсан байдаг. Аливаа энергийн дасгалаар хичээллэхэд баттай, тогтвортой сайн үр дүнд хүрэхийн тулд урт удаан хугацааны хөдөлмөр зарцуулах шаардлагатай байдаг. Гэвч хичнээн олон жилээр тасралтгүй хийсэн байлаа ч орхих л юм бол хуримтлуулсан энерги нь маш хурдан сарниж алга болдог. Энэ бол тухайн хүний өнгөрсөн бүх хөдөлмөр талаар болно гэсэн үг. Нөгөө талаас, нэг хэсэг хийж байснаа орхиод дахин хийх маягаар явдаг бол мэдээж хийх бүрт тодорхой үр дүн гардаг ч гайхамшигтай үр дүнд хүрэх боломжоо тэр хэмжээгээр алдаж байгаа хэрэг юм.

Дасгалыг хийж эхэлснээс хойш ялангуяа эхний хэдэн долоо хоногт ужиг болон хараахан илрээгүй бүх өвчин хууч хөдөлж байгаад удалгүй эдгэдэг байна. Жишээлбэл, даралт хөдөлдөг хүний даралт нь хүчтэй савлах, толгой өвдөх, хөл гар, нүд чих, ходоод өвдөх зэргээр олон газар зэрэг өвдөх нь бий. Мөн дасгалыг хийж байх явцад халуу дүүгэх, энергийн хий урсгал биен дээгүүр явж өнгөрөх зэрэг шинж тэмдэг мэдрэгдвэл энэ нь бөглөрсөн энергийн сувгууд цэвэрлэгдэж онгойж байгаагийн шинж юм.

Ерөнхийдөө энэ дасгалын үр дүн маш хурдан гардаг бөгөөд эхний 6 сарын дотор бүх төрлийн хөнгөвтөр өвчнүүд эдгэдэг гэж үздэг. Ялангуяа эдгэшгүй гэгддэг дааврын өвчин, мөн даавартай холбоотой чихрийн шижин мэтийн өвчин хурдан илааршдаг байна. Харин хүнд архаг явцтай өвчнүүдийн хувьд нэгээс хоёр жилийн дотор эдгэдэг. Дээр дурьдсанчлан хэрэв дасгалыг удаан хугацаагаар тасалдуулбал хуучин байсан бүх өвчин нь дахин хөгжиж гарч ирдэг бөгөөд анх дасгалыг хийж эхлэх үедээ ямар байсан тэр байрандаа буцаж очдог нь хүний генд бүх мэдээлэл хадгалагдсан байдагтай холбоотой. Мөн тэр үед бие махбод байх ёстой насандаа очдог учраас энэ дасгалын ачаар залуу харагддаг байсан бол тэр нь үгүй болно гэсэн үг. Энэ дасгал хүний амьдрах хугацааг дор хаяж 25 жилээр уртасгадаг гэж үздэг.

Дасгалыг тогтмол хийснээр хүн сэтгэл гутралд автахаа больж, бүхэл өдрийн туршид эрч хүчтэй, сэтгэл санаа өөдрөг, эерэг хандлагатай байдаг байна. Мөн тархины үйл ажиллагаа сэргэж, ой тогтоолт сайжирдаг ажээ. Харин дасгал хийх явцдаа архи, тамхи зэрэг донтуулагч зүйл хэрэглэвэл дасгал үр дүнгүй болдог. Гэхдээ тогтмол хийснээр яваандаа донтох өвчин, элдэв муу зуршлууд аажим аажмаар арилдаг байна. Харин мэс засал хийлгээд удаагүй байгаа бол шархаа эдгэсэн хойно дасгалыг хийж эхлэх хэрэгтэй гэж зөвлөдөг. Өөр нэг анхаарах зүйл гэвэл дасгалыг өглөө хийх нь чухал байдаг. Учир нь хүний биеийн даавар өглөө 6 цагаас ялгарч эхэлдэг учраас үүрийн 6 цагаас өмнө хийвэл хамгийн үр дүнтэй байдаг. Гэхдээ өглөө хийж амжаагүй бол өдөр юмуу орой хийж болох ч үр дүн нь сулхан байдаг гэж үздэг. Ерөнхийдөө дасгалыг өглөө сэрэнгүүтээ орноосоо босохын өмнө, болж өгвөл нүдээ нээхээсээ өмнө хийдэг бөгөөд хийж байх явцдаа элдэв бодолд дарагдалгүй дасгалдаа анхаарлаа төвлөрүүлж хийх хэрэгтэй байдаг. Төвд лам нар сүүлчийн дасгалаас бусдыг нь хэвтээ байдлаар хийж үзүүлсэн гэдэг.

Дасгалыг тогтмол хийдэг хүн өвчин тусдаггүй, хүчтэй дархлаатай болдог нь булчирхайнууд хүний дархлааны системийг хариуцдагтай холбоотой. Өөрөөр хэлбэл, энэхүү дасгал нь хүний биеийн бүх дотоод шүүрлийн булчирхайн үйл ажиллагааг зохицуулдаг. Харин даавар нь бүх эрхтний үйл ажиллагааг удирддаг. Дасгалыг тууштай тогтмол хийснээр хүний дааврын ялгарал нь хорин жилийн дараа гэхэд 25-30 настай залуу хүнийх шиг ялгардаг гэжээ. Дотоод шүүрлийн булчирхайнууд нь дааврыг байх ёстой хэмжээнээс нь өчүүхэн л их юмуу багаар ялгаруулахад хүний биед өвчин үүсдэг байна. Дааврууд маш бага хэмжээгээр ялгарч байдаг ч асар өндөр идэвхтэй биологийн нэгдлүүд байдаг учраас бие организмд тэр даруйдаа хүчтэй үйлчилгээ үзүүлдэг ажээ. Жишээ нь цадах даавар хэмжээнээсээ бага ялгарахад хүн цадахаа мэдэхгүй идсээр таргалдаг байна. Дасгалыг хийснээр богино хугацаанд жин ихтэй хүн турж, хэт туранхай хүн байх ёстой хэмжээндээ хүртэл жин нэмдэг ажээ.

Энэхүү дасгалын тухай нэмэлт мэдээлэл авах, видео бичлэгийг интернэтээс харахыг хүсвэл Youtube дээрээс “Тибетская гормональная гимнастика”, “Tibetan hormonal gymnastics” /https://www.youtube.com/watch?v=fWg6UG3tLlE/ гэж бичээд хайгаарай.

Одоо эл цогц 10 дасгалыг хийх зааврыг та бүхэнд танилцуулъя. Дасгалыг яг дарааллын дагуу хийх ёстой бөгөөд дарааллыг нь өөрчилж болохгүй. Энэ дасгал нь булчирхайнуудад энергийн иллэг хийдэг учраас зарим дасгалыг хийхдээ арьсандаа заавал гар хүрэх шаардлагагүй байдаг. Дасгалын үргэлжлэх хугацаа нь 10-15 минут байдаг ч, хэт яарч хурдан хийлгүй өөрийнхөө хөдөлгөөний хурданд тохируулна.

Бэлтгэл үе. Дасгалаа хийж эхлэхээсээ өмнө 7-10 орчим секунд гараа үрж халаана. Ингэснээр гарын алган дахь энергийн суваг идэвхждэг. Дасгалуудыг хийж байх явцад дахиж алгаа үрэх шаардлагагүй. Алгаа үрж байхдаа одоогийн гэрлэн бүрхүүлээ хэр байгааг мэдэж болно. Хэрэв алга тань хуурай, халуун байвал таны гэрлэн бие бүтэн гэсэн үг. Алга бүлээн байвал энергийн бүрхүүл суларсны шинж. Алга халахгүй, дээрээс нь нойтон байвал биед ноцтой өвчин байгааг илтгэнэ. Гэхдээ дааврын дасгалаа тогтмол хийвэл энергийн сувгууд цэвэрлэгдэж нээгдэн гэрлэн бүрхүүл аяндаа бүтэн болдог байна. Ингээд нүдээ аньж анхаарлаа дотогш төвлөрүүлээд дасгал бүрийг 30 удаа хийнэ. Эхний байрлалдаа буцаж ирэх нэг бүтэн эргэх хөдөлгөөнийг нэг гэж тоолох ба нэг бүтэн хөдөлгөөнийг 1 секундэд багтаан хийнэ.

1-р дасгал. Үрж халаасан гарынхаа алгаар, ялангуяа алганыхаа доод хагасыг нүдэндээ тааруулан 30 удаа зөөлхөн дараад, дараа нь алганыхаа хонхор хэсгээ нүдэн дээрээ тавиад 30 секундээс 2 минут хүртэл байлгана. Энэ үед алганы хонхор дахь энергийн сувгаар нүд өөртөө энерги шингээж авдаг байна. Хараа муутай юмуу нүдний өвчтэй бол хоёр минут хүртэл байлгаарай. Энэ дасгал нь хараа сайжруулж, нүдний өвчин эдгээхээс гадна үсний төрөлх өнгийг сэргээдэг байна.

 

2-р дасгал. Гарынхаа хуруунуудыг чанх арагш нь харуулж дагзан дээрээ тавиад алгаараа чихээ 30 удаа дарж авна. Өвдөх мэдрэмж төрж байвал чихээ эхэндээ зөөлхөн дараарай. Чих мөн өөртөө алганаас энерги сорж авдаг бөгөөд энэ дасгалын үрээр сонсгол сайжирдаг.

 

3-р дасгал. Эрхий хуруугаа чихнийхээ ард байрлуулж гараа зангидаад эрүүний шонтонгоос дээш чих рүүгээ нүүрээ дээш татаарай. Тодруулбал, эрхий хуруугаа арагш гозойлгож бусад хурууг дотогш атгахдаа алганы хонхор дахь энергийн сувгийг хаахгүй байхаар атгаад, эрүүнээс чихээ хүртэл дээш нь эрүүний ясыг дагуулан чанга дарж үрэхдээ эрхий хуруунуудаа чихнийхээ араар оруулаад буцаагаад эрүү рүүгээ зөөлхөн гулсуулж авчрах маягаар 30 удаа хийнэ гэсэн үг. Ингэснээр нүүрний арьс татагдаж, тунгалгийн урсгал сайжирдаг.

 

4-р дасгал. Баруун гарынхаа алган дээр зүүн алгаа тавиад хоёр чамархайн хооронд духнаас 4-5 см зайтайгаар 30 удаа гүйлгэнэ. Духны үрчлээсээ арилгахыг хүсвэл арьсандаа хүрч илж болно. Энэ дасгал хамрын хөндийг эрүүлжүүлж, булчирхайнуудыг удирддаг өнчин тархины үйл ажиллагааг идэвхжүүлдэг.

 

5-р дасгал. Давхарласан алгаа салгалгүйгээр духнаас толгойн чанх ар хүртэл 30 удаа нааш цааш гүйлгэх ба толгойноос 4-5 см зайтайгаар хийнэ. Гараа ардуур нь оруулахын тулд хүзүүн дороо хуйлсан дэр ч юмуу ямар нэгэн зүйл тавиад толгойгоо өндөрлөж болно.

 

 

6-р дасгал. Давхарласан гараа хоёр чихний хооронд толгойноос 4-5 см зайтай мөн л 30 удаа хоёр тийш нь гүйлгэнэ. Энэ дасгал нь өндөр болон бага даралттай хүмүүст маш сайн нөлөөтэй бөгөөд даралтыг хэвийн хэмжээнд барьдаг. Түүнчлэн мөрний үений хөдөлгөөнийг сайжруулж мөрний хөшилт өвдөлт арилгахаас гадна гарын булчинг хөгжүүлдэг. Өмнө нь гараа өргөж чаддаггүй байсан бол амархан өргөдөг болно.

 

7-р дасгал. Баруун гараараа бамбай булчирхайгаа зөөлөн атгаад зүүн гараа дээр нь тавина. Тэгээд зүүн гараараа хүйсний доод талд хүрээд буцаад бамбай булчирхай дээр хөдөлгөөнгүй тавьсан баруун гартаа хүрэх хөдөлгөөнийг 30 удаа хийнэ. Ингэхдээ зүүн гараа биенээсээ 4-5 см зайтайгаар дээгүүр нь нааш цааш хий гүйлгэх ба энэ хөдөлгөөнөөр 2-р хүрдийг хоолойн хүрдтэй холбодог. Гучин удаа хийж дуусмагцаа эхний байрлалдаа буцаж очоод 5-10 хором хоёр гараа давхарлаж барина. Ингэснээр гарын сувгаар орж ирэх энергиэр бамбархай булчирхай тэжээгддэг. Энэ дасгалын үед хэвлийгээрээ амьсгалбал дасгалын үр дүн олон дахин нэмэгддэг байна. Хэвлийгээрээ амьсгалж сурахын тулд хоёр гараа хүйсээ тойруулан тавиад цээжээ хөдөлгөлгүй зөвхөн хэвлийгээ хөдөлгөж амьсгалах хэрэгтэй. Хамраар авч буй амьсгал шууд хэвлий рүү очиж дүүрч байна гэж төсөөлнө. Хэдэн хоногийн туршид албаар ингэж амьсгалбал аяндаа рефлекс болж тогтдог. Хэвлийгээр амьсгалахад хүч бага зарцуулдгаас гадна амьсгал илүү гүн болж уушигт орох агаарын хэмжээ нэмэгддэг байна.

8-р дасгал. Давхарласан гараа салгалгүйгээр доошлуулаад 30 удаа хүйсээ нар зөв тойруулж эргүүлнэ. Энэ дасгалын үрээр архаг өтгөн хаталт арилж, ходоодны үйл ажиллагаа хэвийн болно.

9-р дасгал. Энэ дасгал нуруунд ачаалал өгдөг учраас хатуу орон дээр юмуу шалан дээр хийх нь зүйтэй. Эхлээд хоёр гараа дээш нь 90 градусын өнцөг үүсгэхээр цэх өргөөд бугуйгаар нь нар зөв болон нар буруу тав таван удаа эргүүлж бугуйн үеэ халаасныхаа дараа 20 секунд орчим хүчтэйхэн сэгсэрнэ. Дараа нь хөлөө дээш нь цэх шулуун өргөөд шагайгаараа мөн нэг тийш нь тав, нөгөө тийш нь таван удаа эргүүлээд 20 секунд хүчтэй сэгсэрнэ. Эсвэл хөл гараа зэрэг өргөөд дээрх хөдөлгөөнийг цугт нь хийж болно. Энэ үед хялгасан судаснуудын цусны урсгал сайжирч энергийн жижиг сувгууд цэвэрлэгдэж онгойдог.

10-р дасгал. Энэ нь орон дээрээ өндийж хагас суугаад хийдэг бүлэг дасгал юм. Эхлээд хоёр хөлөө нэг тийш нь нугалаад хөлийн улаа 15 удаа, нөгөө тийш нь нугалаад 15 удаа илэх юмуу эсвэл хоёр хөлөө дотогш өвдгөөр нь нугалаад хөлийн улаа 30 удаа илнэ. Дараа нь хөлөө урагш жийгээд зүүн хөлөө хоёр гараараа атгаж бариад шагайнаас гуя хүртэл дээш чиглэлтэйгээр чангахан илэх ба түүний дараа баруун хөлөө дээш нь илэх энэ хөдөлгөөнийг ээлжлүүлэн тус бүр 10 удаа хийнэ. Тэгээд хоёр өвдгөө нар зөв болон нар буруу тойруулж тус бүр 10 удаа илнэ. Эцэст нь хоёр хөлөө доороос нь дээш гараараа гадна талаас нь дотогш чиглэлтэйгээр 10 удаа илнэ. Үүгээр цогц дасгал өндөрлөнө.

М.Болормаа

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж