Тээврийн цагдаагийн алба (ТЦА)-ны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу долдугаар сарын 25, 26-нд нийт 640 дуудлага мэдээлэл хүлээн авсан бөгөөд 303 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Дээрх ослын улмаас долоон хүн гэмтсэн бол зам тээврийн ноцтой ослын улмаас орон нутагт дөрвөн хүний амь нас хохирсон байна.
Хүн бэртсэн, амь нас хохирсон нийт ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
- Явган зорчигч мөргөх хэлбэрээр – 2
- Мөргөлдөх хэлбэрээр – 5
- Онхолдох хэлбэрээр – 2
- Үл хөдлөх цэг мөргөх хэлбэрээр – 2 тус тус бүртгэгджээ.
Зам тээврийн нийт ослоос дурдвал:
- Долдугаар сарын 25-ны өдрийн 07.00 цагийн орчим Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Хан хошуу гэх газарт асфальтан замд Toyota-Prius маркийн автомашин онхолдож, зорчигч 25 настай, эмэгтэй Д-гийн амь нас хохирсон.
- Мөн энэ өдөр 08.00 цагийн орчим Говь-Алтай Бигэр сумын дөрөвдүгээр баг, Хөх хонд гэх газарт шороон замд Мустанг-5 маркийн мотоцикл онхолдож, жолооч 47 настай, эрэгтэй О-гийн амь нас хохирсон.
МАШИНАА ХӨДӨЛГӨХДӨӨ НЭГ НАСТАЙ ХҮҮХДИЙГ МӨРГӨЖ, АМЬ НАСЫГ НЬ ХОХИРООСОН
- Долдугаар сарын 24-ний 21:00 цагийн орчим Увс аймаг, Тариалан сумын хоёрдугаар баг Хужиртын адаг гэх газарт Kia-Bongo маркийн автомашины жолооч хөдөлгөөн эхлэхдээ 1 настай эрэгтэй хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироосон харамсалтай хэрэг бүртгэгдсэн байна.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 54 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 3 хүнийг шүүхийн шийдвэрээр баривчилж, хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. Явган хүний гарц, уулзварт явган зорчигчид зам тавьж өгөөгүй 100 жолоочид Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.38-д заасны дагуу арга хэмжээ тооцож ажиллажээ. Иймд жолооч нарыг алсын замд хурдаа хэтрүүлэхгүй байх, зорчигч нарынхаа хамгаалах бүсийг бүслүүлж хайртай хүмүүсээ хамгаалах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эхлэхдээ тойрч шалгаж байхыг ТЦА-аас анхааруулж байна.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ