"С.Баяр мөнгө угаасан учир хөрөнгийг нь хураасан"

Хуучирсан мэдээ: 2020.07.27-нд нийтлэгдсэн

"С.Баяр мөнгө угаасан учир хөрөнгийг нь хураасан"

"С.Баяр мөнгө угаасан учир хөрөнгийг нь хураасан"

Эрх зүйч, хууль судлаач Авирмэдийн Эрдэнэбаяртай ярилцлаа.


С.БАЯРЫН АНУ-Д ҮЛДСЭН ДӨРВӨН ОРОН СУУЦЫГ ХУРААХ ЗАХИРАМЖ ГАРСАН

-Сүүлийн үед шүүх хурлуудын шийдвэрүүдэд шүүгдэгчийн хөрөнгийг хураахаар шийдвэрлэсэн тохиолдол цөөнгүй байна. Зарим хүн “Хөрөнгө хурааж байгаа нь 1937 оны хэлмэгдүүлэлтийг давтлаа” гэж үзэж байна. Та энэ талаар хууль зүйн талаас нь тайлбарлаж өгөхгүй юү?

-Монгол Улсын эрх ашгийг үл тоосон, Монгол төрийн өмч, эд хөрөнгийг өөрийн ашиг сонирхолд нийцүүлэн хувьдаа завшсан тул албан тушаалаа урвуулан ашиглах гэсэн зүйл ангиуд байдаг. Энэ утгаараа сая Монгол Улсын Ерөнхий сайд, сайд хийж байсан улсуудыг шүүхээс гэм буруутайд тооцоод, ял оногдуулсан. Хамгийн сүүлд гэхэд Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баярын АНУ-д буй дөрвөн орон сууц, таван тэрбум 850 сая төгрөгийн эд хөрөнгийг хураах шүүхийн шийдвэр гарсан. Энэ нь мөнгө угаасан үйлдэл юм гэж үзсэн байна. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 18.6 дугаар зүйл (Мөнгө угаах), 18.6.1-д “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн; түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан. Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан. Энэний дагуу 18.6.1-ийн 2-оор С.Баярт мөнгө угаах гэмт хэрэг үйлчилсэн байдаг.

-Тодорхой тайлбарлаж болох уу?

-С.Баяр Монгол Улсын Ерөнхий сайд байхдаа “Петровис трейдинг” компаниар дамжуулан 2009-2011 оны хооронд “Айвенхоу Майнз” компанид шатахуун түгээх, нийлүүлэх борлуулахад илүү давуу эрх олгож өгсөн. Эндээс 410 тэрбум төгрөгийн орлого олсон. Тэр орлогын 20 хувийг ашиг гэж үзэхээр 11 тэрбум ам.доллар үндсэндээ ашиг болж хувирч байгаа юм. Тэр мөнгөөрөө АНУ-д 8 ширхэг байр худалдаж авч, 4-ийг нь зараад, мөнгө угаах хэлбэр лүү шилжчихэж байгаа. Өөрөөр хэлбэл эд хөрөнгө худалдаж аваад, дараа нь эргүүлж зараад, Монгол Улсад мөнгөн хэлбэрээр оруулж ирсэн. Тиймээс мөнгө угаах хэлбэрээр ашигласан байна гэдэг үүднээс энэ хүнд ийм хэмжээний ял оногдуулж. АНУ-д байгаа үлдэгдэл дөрвөн орон сууц нь С.Баярын нэр дээр биш, хамсаатан Давааням гэдэг хүний нэр дээр байгаа ч энэ нь өөрөө мөнгө угаах хэлбэрт оролцсон хэлбэрийг бий болгочихсон тул тэр хөрөнгийг хурааж авах анхан шатны шүүхийн шийдвэр гараад байгаа юм.

-Монгол Улсын хууль хяналтын байгууллага АНУ-д байгаа эд хөрөнгийг хурааж авах боломжтой юу?

-Зарим хуульчид ийм асуудал тавьж байгаа. Олон Улсын гэрээ, конвенцоор хүлээн зөвшөөрөгдсөн хуулийн зохицуулалт байна. Аль ч улсын шүүхийн гаргасан шийдвэрийг аль ч орон хүлээн зөвшөөрнө. Түүн дээр гэмт хэргийн шугамаар олж авсан мөнгөөр, мөнгө угаах хэлбэрээр тухайн оронд эд хөрөнгө худалдаж авсан бол туслалцааны шугамаар түүнийг худалдаж борлуулаад, эргээд мөнгөн хөрөнгийг нь тухайн улсад нь шилжүүлэх үүрэг нь байгаа. С.Баярын үйлдэл мөнгө угаах хэлбэр лүү орж ирж байж сая гарч ирж байна. Түүний үйлдэл “өнгө”-ийг нь хувиргаж Монгол Улсад оруулж ирсэн гэдгээр мөнгө угаах хэлбэр лүү орж байна.

-Шүүх С.Баярцогтоос ч адилхан хөрөнгө хураах шийдвэр гаргасан?  

-С.Баярцогтын хувьд арай өөр л дөө. Эд хөрөнгөө тайлбарлаж чадаагүй гэдэг үндэслэлээр хөрөнгийг нь хураах шүүхийн анхан шатны шийдвэр гаргасан. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 22.10 дугаар зүйл (Үндэслэлгүйгээр хөрөнгөжих)-ээр зүйлчилж байгаа юм. Тус хуулийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй бол үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан. Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан. С.Баярцогт эд хөрөнгөө ямар эх үүсвэрээр худалдаж авсан бэ гэдгээ тайлбарлаж чадаагүй болохоор албан тушаалаа ашиглаж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэдэг зүйл ангиар түүний эд хөрөнгийг хураах анхан шатны шүүхийн шийдвэр гарсан.

-Хүмүүс үндэслэлгүйгээр хөрөнгийг нь хурааж байна гэж үзэж байгаа. Та юу хэлэх вэ?

-Биш биш. Хуулийн хүрээнд тухайн сэжигтэн, ялтан өөрөө ямар эх үүсвэрээр хөрөнгөтэй болсноо тайлбарлаж чадаагүй. Өөрөөр хэлбэл ипотекийн зээлээр орон сууцтай болсон гэвэл тэр нь зээл авахдаа бүрдүүлсэн материалаар нь баталгаажаад эргэн төлөлтөөр нотлогдож байх ёстой. Ийм учраас энэ хоёр хүний хөрөнгө Монгол Улсын орлого болох ёстой гээд, хурааж авах шүүхийн анхан шатны шийдвэр гарсан байна гэсэн үг. Шүүх засаглал Монгол Улсын эрх ашгийг нэгдүгээрт тавих ёстой. Тэр үүднээсээ үүднээсээ хууль, эрх зүйн бүх хэм хэмжээг хадгалж үлдэх үүднээс хуулийн бүх зүйл заалтыг авч хэрэглэж байна. Эд хөрөнгөө тайлбарлаж чадахгүй байгаа бол хууль бусаар олсон орлого байна гэж үзнэ.

ХУУЛЬЧДЫН ХОЛБОО МОНГОЛ УЛСАД ХУУЛЬ ХЭРЭГЖИХГҮЙ БАЙХ БОЛОЛЦООГ НЭЭЖ ӨГЧ БАЙНА

-Та “Хуульчдын холбоог татан буулгах ёстой” гэсэн байр суурь илэрхийлдэг хуульчдын нэг. Ямар учраас ингэж шаардсаар ирэв, “тэмцэл” хэр үр дүнтэй байна вэ?

-Монголын хуульчдын холбоо гэж нийтийн эрх ашгийг хангах эрх зүйн байгууллага гэдэг статустайгаар улсын бүртгэлд бүртгүүлсэн байдаг. Өмгөөлөгчдийн холбоо, Прокуроруудын холбоо зэрэг холбоодод ийм давуу эрх байхгүй. Ганцхан Хуульчдын холбоонд ийм давуу эрх олгосон.

-Хуульчдын холбоонд ямар хүмүүс харъяалагддаг вэ?

-Монгол Улсын хэмжээнд ажил эрхэлж буй бүх хуульчийн дээвэр байгууллага. Түүний доор Өмгөөлөгчдийн, Прокуроруудын, Нотариатчдын холбоо гээд салаалаад үйл ажиллагаагаа явуулдаг. Хуульчдын холбоо хуулийг хянах, хуулийн хэрэгжилтийг хангах үүрэгтэй. Гэтэл хууль зөрчөөд, Монголын хуульчдын холбооны зөвлөлийн хурлын 2014 оны Монголын хуульчдын хорооны Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шийдвэрлэх тухай журам батлах тухай 86 дугаар тогтоол гаргасан байгаа юм. Энийгээ Захиргааны хэм хэмжээний актын Улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхгүйгээр хууль зөрчиж, үйл ажиллагаагаа өнөөдрийг хүртэл явуулж байна гэсэн үг. Энэнээсээ болоод 319 өмгөөлөгч, хуульчийн эрхийг түдгэлзүүлж байна. Энэ байгууллага Монгол Улсад хууль хэрэгжихгүй байх бололцоог нь нээж өгч байна.

-Энэ асуудлаар холбогдох байгууллагуудад хандаж байв уу? Ямар хариу өгч байсан бэ?

-Хууль зүй, дотоод хэргийн яамнаас 2020 оны дөрөвдүгээр сарын 04-ний өдөр авсан лавлагаа байна. Яаманд бүртгэлгүй, хууль бус үйл ажиллагаа явуулж байна гэдгийг хэлээд байхад энэ байгууллага хууль бус үйлдлээ засаж залруулахгүй өнөөдрийг хүртэл явж байна. Тэгэхээр хаана захирагдах вэ гэдэг нь тодорхойгүй. Захиргааны хэм хэмжээний актын Улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлсний дараа тэдний гаргасан 86 дугаар тогтоол хүчин төгөлдөр болох ёстой. Гэтэл хуучин 2017 оны хуулийг хэрэглээд байна. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 64.4-т хуучин Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа нь эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны зарчмыг жишиг болгосон журмаар явагдах бөгөөд уг журмыг зөвлөл батална” гэж байгаа. Шинэчлэхдээ “Мэргэжлийн удирдлагын хорооны маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчмыг жишиг болгох журмаар явагдах бөгөөд уг журмыг зөвлөл батална” гэсэн байгаа юм. Гэтэл энийгээ буруу хэрэглээд, 86 дугаар тогтоол гэдэг юмаараа давуу эрх олгоод. Энэ талаар хэд хэдэн өмгөөлөгч, хуульч бид Үндсэн хуулийн цэцэд хандсан. Хууль зүй, дотоод хэргийн яамнаас дахиад бүр дэлгэрэнгүй лавлагаа ирсэн. Бас л хууль зөрчсөн нь одоо хүртэл хэвээрээ байгаа учраас зөрчлөө арилга гэсэн бичиг явуулсан. Засаж залруулж ирнэ гээд тэр чигээрээ одоо болтол байхгүй байгаа юм билээ.

-Цэцээс ямар хариу өгсөн бэ?

-Үндсэн хуулийн цэцээс УИХ-ын дарга Г.Занданшатарт чиглэл өгөөд, энэ асуудлыг журмын хүрээнд шийдэрлэ гэсэн асуудал тавьсан ч шийдэхгүй байсаар өнөөдөр Их хурлын шинэ бүрэлдэхүүнтэй золгож байна. Цэцээс “Иргэн … Таны 2020 оны гуравдугаар сарын 10-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд хандсан Хуульчдын эрх зүйн байдлын тухай хуулийн 85 дугаар зүйлийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх асуудлаар ирүүлсэн мэдээлэлтэй танилцлаа. Дээрх мэдээлэлд дурдсан асуудлыг судлан үзэж, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн дөрөв дэх хэсэгт заасны дагуу шийдвэрлүүлэхээр УИХ-д шилжүүлсэн болохыг үүгээр мэдэгдэж байна” гэсэн байна. Одоо болтол ямар ч асуудал шийдэгдэхгүй байна гэдэг бол Монголын хуульчдын холбоо гэдэг байгууллага улс төрийн нөлөөлтэй байна гэж үзэж байна.

-Улс төрийн нөлөөлөлтэй байгаа гэдгийг нь яаж мэдэж байгаа юм бэ?  

-Монгол Улсын хууль тогтоомжийг улсын хэмжээнд нэг мөр дагаж мөрдөх нөхцөлийг бүрдүүлэх, түүний биелэлтийг хангахтай холбогдуулан хуульд нийцүүлэн хэрэгжиж буй хуулийг нэгмөсөн дагаж мөрдөнө гэж хуульд бичээстэй байгаа. Нэгмөсөн дагаж хэрэгжих заалтыг эд нар хангахгүй, өөрсөддөө ашигтай хувилбар бий болгож өгч байгаа байхгүй юу. Албан тушаалаа урвуулан ашиглах, Монгол төрийн, үндэсний эрх ашгийг зөрчсөн улсууд өмгөөлөл хийх гэж байгаа улсуудын эрх зүйн байдлыг дордуулж байна гэсэн үг. Давхар хүний эрхийн асуудал, эрх зүйн байдал нь дордоод явчихна. Тэр үндэслэлээр хууль бус үйл ажиллагаагаа зогсоогооч ээ гэдэг байр суурийг л илэрхийлж хэлж байгаа юм.

-Хуульчдын холбоо энэ асуудалд ямар байр суурь илэрхийлдэг вэ?

-Хуульчдын холбоо энэ талаар мэдэж байгаа. 2014 оноос хойш энэ байдлаа зогсоогооч ээ гэсэн асуудлыг тавьж ирсэн олон хүн байгаа. Хариу өгөөгүй. Тэд эрх зүйн байдлаа алдахгүйн тулд “Бид хуулийн хүрээнд ажлаа явуулж байна” гэдэг. Хууль зүй, дотоод хэргийн яаман дээр бүртгэл чинь алга байна” гэхээр тодорхой хариулт өгдөггүй. Тиймээс бид дахин хандаж, бичгээр хариу авна гэсэн бодолтой байгаа.

-Тэднийг хэн хамгаалж байна гэж та боддог вэ?

-УИХ хамгаалж байна. Цэцийн дүгнэлт гарчихлаа, энэ асуудлыг УИХ шийдвэрлэ гэлээ. Тэгэхээр эрх зүйн байдлын тухай маргаан шийдвэрлэх журам нь Үндсэн хууль зөрчсөн журам болж таараад байгаа юм. Үүнийг хуулийнхаа хүрээнд шийдээч ээ гээд Цэцээс дүгнэлт гаргачихаад байхад Хуульчдын холбоо гэдэг давуу эрх эдэлсэн байгууллага байгаад байна. Тийм болохоор Хуульчдын холбоо татан буугдах үндэслэлтэй, татан буулгаач гэдэг шаардлагыг тавиад байгаа юм. Улсын бүртгэлд яагаад УИХ тогтоол журам гаргаад, нийтийн эрх ашгийг хангах хуулийн байгууллагын эрх өгчихсөн бэ гэдэг л аюултай.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
4
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж