Монголоор дамжих хийн хоолойн төсөл хоосон найдлага уу?

Хуучирсан мэдээ: 2020.07.27-нд нийтлэгдсэн

Монголоор дамжих хийн хоолойн төсөл хоосон найдлага уу?

Монголоор дамжих хийн хоолойн төсөл хоосон найдлага уу?

Манай орны хөгжил урд, хойд хоёр хөршөөс шууд хамааралтай. Хоёр их гүрнийг хооронд нь холбосон дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлвэл Монгол Улсын эдийн засагт асар их ач холбогдолтой билээ. Өөрөөр хэлбэл газар зүйн байршлын давуу талаа ашиглан хөрш хоёр орны хоорондын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны гүүр болох замаар эдийн засгаа хурдацтай хөгжүүлэх боломж бидэнд бий.

Монгол Улсын хувьд БНХАУ-ын “Бүс ба Зам” санаачилга, ОХУ-ын Засгийн газраас Евразийн эдийн засгийн холбооны хүрээнд хэрэгжүүлж буй дэд бүтцийн төслүүдтэй Монголд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг уялдуулах нь бүс нутгийн эдийн засгийн интеграцид нэгдэх чухал ач холбогдолтой юм.

Засгийн газар 2014 онд “Талын зам” төслийг санаачилсан. Уг төсөлд авто зам, төмөр зам, газрын тос болон байгалийн хийн хоолой, эрчим хүчний шугам барих замаар хоёр хөрш орныг дэд бүтцээр холбох, улмаар хоёр улсын нутаг дэвсгэрээр дамжин гурав дахь зах зээлд экспортын бүтээгдэхүүнээ гаргах зорилтуудыг тусгасан. Үүний дагуу хий хоолойн төсөл хэрэгжсэн тохиолдолд манай улс транзит төдийгүй хэрэглэгч орон болно. Цаашдаа байгалийн хий нь манай улсын хувьд эрчим хүчний хямд эх үүсвэр болох давуу талтай.

Хорь гаруй жилийн турш Оросоос Хятад руу хий дамжуулах хоолойг Монголын нутгаар дайруулах тухай яригдсан бөгөөд өнгөрсөн онд төслийн эхлэл тавигдсан. Тодруулбал, 2019 оны есдүгээр сард Владивостокт болсон Дорнын Эдийн засгийн чуулга уулзалтын үеэр, мөн ОХУ-ын төрийн тэргүүний манай оронд хийсэн айлчлалын явцад уг асуудлаар Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхийлөгч Путин нар харилцан ойлголцолд хүрсний дараа яриа хэлэлцээ эрчимжиж эхлэв. Улмаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн оны сүүлчээр ОХУ-д айлчлах үеэр Монгол Улсын Засгийн газар ба Оросын “Газпром” компанийн хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан нь хийн хоолойн төслийн эхлэл болсон билээ.

Covid-19 халдварын улмаас үүдсэн хямралаас гарах гол арга зам нь авто зам, агаарын зам, хийн болон газрын тос дамжуулах хоолой зэрэг томоохон мега төслүүдийг хэрэгжүүлэх явдал хэмээн эрдэмтэн, мэргэжилтнүүд онцолж байна.

Хийн хоолой барьсны эдийн засгийн үр ашгийн хувьд хий дамжуулсны төлбөр улсын төсөвт орж ирнэ. Элчин сайд асан Л.Хангайн ярьснаар, Украин улс 2018 онд Европ руу 86 тэрбум шоо метр хий дамжуулсныхаа төлбөрт жилд 3 тэрбум долларын орлого олсон бол Беларусь улс 1,6 тэрбумыг олжээ. Өдгөө тус хоолойгоор 50 тэрбум шоо метр хий дамжуулахаар төлөвлөж буйг тэрбээр саяхан болж өнгөрсөн Монгол, Хятадын эрдэмтэн мэргэжилтнүүдийн анхны цахим форумын үеэр дахин дурдсан юм.

Элчин сайд асан Л.Хангайн мэдээлснээр, ойрын үед Монголоор хийн хоолой дамжих төсөл хэрэгжих тухай яриа байхгүй байгаа аж.

Хэрвээ улс төрийн дээд түвшинд уг мега төслийг эхлүүлэх шийдвэр гарч, хийн хоолой барих ТЭЗҮ батлагдлаа гэж бодоход Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайрах 1000 км урт хийн хоолойн барилга угсралтын ажлыг маш богино хугацаанд буюу 1.6-2 жилийн дотор барих боломжтой гэж хоёр тал үзэж байгаа аж. Учир нь 2158 км урт “Сибирийн хүч” хийн хоолойг байгаль цаг уурын маш хүнд нөхцөлд, намаг шалбаагтай, өндөр уул нуруудтай, мөнх цэвдэгтэй, хад асгатай, газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд 5 жилийн хугацаанд барьжээ. Орос улсад барилга үйлдвэрлэлийн бааз нь ийн бэлэн төдийгүй хүчин чадлын илүүдэл байгаа учраас гэрээ хэлцэл хийгдсэн тохиолдолд ТЭЗҮ боловсруулахад 1.5-2 жил зарцуулна гэж тооцвол Монголоор дайрах хийн хоолой 2026-2027 онд ашиглалтад орох төлөвтэй байгаа аж.

Элчин сайд асан Л.Хангайн мэдээлснээр, хийн хоолой барих ажлын оргил үед 3700 хүн, барьж дууссаны дараа 1300 гаруй хүн ажлын байртай болох тооцоог ОХУ-ын “Русиа петролиум” компани бүр 2000 онд хийжээ. Хийн салбар дахь нэг ажлын байр нь бусад салбарт 4-6 ажлын байр бий болгодгоос гадна хийн хоолой тавьснаар Сүхбаатар, Дархан, Улаанбаатар, Сайншанд хотуудын агаарын бохирдлыг 90-ээс дээш хувиар бууруулах боломжтой юм байна.

Манайхаар дамжуулан хийн хоолой барих ажил өнөө маргаашгүй эхлэхгүй ч урагштай байгаа ажээ. Монголоор дайруулж Хятадад хий нийлүүлэх энэхүү төслийн ТЭЗҮ, судалгаа, шинжилгээний ажил эхэлсэн байна.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард манай улс байгалийн хийн хоолой барих төслийн хамтын ажиллагааг бодлого, зохион байгуулалтаар хангаж ажиллах үүрэг бүхий Шадар сайд Ө.Энхтүвшинээр ахлуулсан ажлын багийг ҮАБЗ-ийн дэргэд байгуулсан. Түүнээс сарын өмнө буюу гуравдугаар сарын 27-нд “Газпром” компанийн тэргүүн А.Миллер ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзахдаа 2020 онд хийх ажлын төлөвлөгөөгөө танилцуулж, дээрх төслийг эхлүүлэх зөвшөөрөл авчээ.

Азийн хамгийн том зах зээл Хятадад хий нийлүүлэх тухай асуудлыг Орос бараг 10-аад жил ярьж, 30 жилийн хугацаанд 400 тэрбум ам.долларын үнэ бүхий хий нийлүүлэх гэрээтэй “Сибирийн хүч” нэртэй, 2156 км хоолойг дөрвөн жилийн дотор барьж, өнгөрсөн оны 12 дугаар сард ашиглалтад оруулсан.

Хий дамжуулах төсөл хэрэгжсэнээр Монгол Улсын хийн хэрэглээг жилдээ хагас тэрбум шоо метр, яваандаа нэг тэрбум шоо метрт хүргэнэ гэж үздэг. Эхэндээ ахуйн хэрэглээнд яваандаа цахилгаан станц, хийгээр цэнэглэдэг машин хэрэглэдэг болбол тэрбум орчим болох аж. Монголын хамгийн том хэрэглэгч бол Улаанбаатар, Эрдэнэт хотууд бөгөөд хийн хэрэглээ нь утаанаас салах гол арга болохыг дэлхийн туршлага баталжээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ХахаХаха
5
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж