30 жилийн дараа Ливерпүүл түрүүлсэн Премьер лиг өндөрлөлөө

Хуучирсан мэдээ: 2020.07.27-нд нийтлэгдсэн

30 жилийн дараа Ливерпүүл түрүүлсэн Премьер лиг өндөрлөлөө

30 жилийн дараа Ливерпүүл түрүүлсэн Премьер лиг өндөрлөлөө

Английн хөлбөмбөгийн Премьер лигийн 2019-2020 улирлын сүүлийн 38-р тойргийн тоглолтууд өчигдөр/2020.07.27/ явагдаж, албан ёсоор өндөрлөлөө. Дэлхийн хамгийн өрсөлдөөнтэй, хамгийн их үзэгчтэй, ашиг орлогоороо тэргүүлдэг тус лигийн энэ удаагиийн улирал ярих зүйл ихтэй зохион байгуулагдлаа.

Өрсөлдөөн ширүүслээ

Өмнөх жилүүдэд Премьер лигт зургаан баг л ноёрхлоо тогтоож, тэдгээр багуудын дунд л аварга авах, УЕФА Аваргуудын лиг болон Европа лигийн эрх яригддаг байсан бол энэ жилээс шинэ өрсөлдөгчид гарч ирлээ. Ливерпүүл, Манчестер Сити, Челси, Манчестер Юнайтед, Тоттенхэм Хотспур, Арсенал зэрэг топ зургаан багтай, Лэйстер Сити, Волверхэмптон, Шеффилд Юнайтед зэрэг багууд хүчтэй өрсөлдөөнийг үзүүлж, сүүлийн 38-р тойрогт л УЕФА Аваргуудын лиг болон Европа лигт дараа жил аль багууд Английг төлөөлөн оролцохыг шийдэв.

Дараа жил УЕФА Аваргуудын лигт Англиас Ливерпүүл, Манчестер Сити, Манчестер Юнайтед, Челси зэрэг багууд өрсөлдөх бол Европа лигт Лэйстер Сити, Тоттенхэм Хотспур зэрэг багууд оролцоно.

Ливерпүүл Английн аваргууд

2019-2020 оны улирлын өмнө ихэнхи хөлбөмбөгийн аналистууд, сэтгүүлчид Юрген Клоппоор удирдуулсан Ливерпүүлийг Премьер лигт түрүүлнэ хэмээн таамаглаж байлаа. Гэхдээ ингэж илт давуу биш. Ливерпүүл Английн хөлбөмбөгийн дээд лигт 30 жилийн дараа түрүүлэхдээ 38-н тойргийн дараах байдлаар 32 ялж, гурав тэнцэж, гурав ялагдаж нийт 99 оноо цуглуулж, ардаа бичигдсэн Манчестер Сити багаас даруй 18 оноо илүү авчээ. Байрлал бүр дээрээ дэлхийн шилдэг хэмээн тооцоогдох тамирчидтай тэд яахын аргагүй Английн Премьер лигийн түүхэнд тодоор бичигдэх баг.

Ливерпүүл баг 2019-2020 оны Премьер лигийн нээлтийн тоглолтоо 2019 оны наймдугаар сарын 10-нд Норвич Сити багтай хийснээсээ хойш бүхэл бүтэн найман сарын дараа Вотфорд багт хожигдож,  энэ улирлын Премьер лигийн анхны ялагдлаа амсчээ.

Шинэ залуу одод мэндлэв

Англи Премьер лигт шинэ залуу одод мэндэлж, нэр алдраа дуурсгалаа. Жишээлбэл, Манчестер Юнайтед багийн Мэйсон Гринвуд, Брэндон Уиллиамс, Челси багийн Мэйсон Маунт, Рийс Жэймс Арсенал багийн Букаёо Сака, Габриэл Мартинелли, Бөрнли багийн Дуайт МакНейл, Астон Вилла багийн Дуклас Луйз, Норвич Сити багийн Тодд Кантвелл, Эвертон багийн Мэйсон Холгэйт, Брайтон Хоув Албион багийн Стивен Алзате, Ливерпүүл багийн Куртис Жонес зэрэг залуу тоглогчид цахиур хагалан Премьер лигийн дараагийн үеийн өнгө төрх гэдгээ харууллаа.

Премьер лигийн 2020-2021 оны шинэ улирал ирэх есдүгээр сарын 12-нд эхэлж, 2021 оны тавдугаар сарын 23-нд өндөрлөнө.

Домгууд сүүлийн тоглолтоо хийв

Премьер лигийн домгууд гэж хүндлэгдэх эрхмүүд өнгөрсөн шөнө сүүлийн тоглолтууддаа оролцлоо. Манчестер Сити багийн төлөө 10 жил зүтгэж нийтдээ 309 тоглолтонд оролцож, дөрвөн удаа Премьер лигт түрүүлсэн Испани хагас хамгаалагч Давид Силва болон Тоттенхэм Хотспур багийн арын хамгаалалтыг найман жилийн турш хариуцсан Ян Вертонген нар багаасаа явж буйгаа зарласан бол Эвертон багийн төлөө 13 жилийн турш хүчин зүтгэж, энэ хугацаандаа Английн Премьер лигийн түүхэнд хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн хамгаалагч гэх амжилтын эзэн болсон Лэйтон Бэйнс хөлбөмбөгөөс зодог тайлж буйгаа зарласан юм.

16 жилийн дараа Лийдс Юнайтед эргэн дээд лигт

Энэ улирлын Премьер лигийн хүснэгтийн сүүлийн гурван байрт Борнмут, Вотфорд, Норвич Сити зэрэг багууд орж, доод лиг рүү унах болзлоо хангасан бол тэдний оронд Чемпионшип дивизоноос Лийдс Юнайтед болон Вест Бромвич Албион багууд шууд Премьер лигт дэвшин тоглох эрхээ авч, Брентфорд, Фулхэм, Кардифф Сити, Суонси Сити зэрэг дөрвөн багийн дунд плэй-оффын тоглолт зохион байгуулж зөвхөн ганц баг нь л дээд лигт дэвшин тоглоно.

1991-1992 оны хооронд Английн хөлбөмбөгийн дээд лигт түрүүлж байсан Лийдс Юнайтед ийнхүү 16 жилийн дараа эргэн дээд лигтээ дэвшлээ.

Кевин Де Брюйне Тьерри Анригийн амжилтыг давтлаа

Манчестер Сити багийн Бельги хагас хамгаалагч Кевин Де Брюйне энэ улиралд тэртээ 2002-2003 оны улиралд Арсенал багийн домогт довтлогч Тьерри Анригийн үзүүлж байсан нэг улиралд хамгийн олон гоолын дамжуулалт буюу 20 гоолын дамжуулалт өгч байсан амжилтыг давтлаа. Энэхүү амжилтаараа Кевин Де Брюйне энэ улирлын Премьер лигийн оны шилдэг плэймейкерийн шагналыг хүртсэн юм. Харин "Алтан шаахай" шагналын эзнээр Лэйстер Сити багийн довтлогч Жейми Варди энэ улиралд 23 гоол оруулсан амжилтаар тодорсон бол "Алтан бээлий" шагналын эзнээр Манчестер Сити багийн хаалгач Эдерсон 16 тоглолтонд хаалгандаа гоол алдалгүй хуурай манасан үзүүлэлтээрээ тодорчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж