2024 он гэхэд төрийн өмчит компанийн тоог 1,5 дахин бууруулж 961-д хүргэнэ хэмээн ОХУ-ын Сангийн яам мэдээллээ. Энэ зорилт нь 2020-2025 оны Сангийн яамны хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд багтжээ.
Төрийн өмчийн оролцоотой компаниудын тоог шат дараатай бууруулахаар төлөвлөсөн байна. 2020 онд 1465, 2021 онд 1319, 2022 онд 1187, 2023 онд 1068, 2024 онд 961 болгох ажээ.
ОХУ-ын Аудитын байгууллагын тэргүүн Алексей Кудрин өнгөрсөн 2019 оны арваннэгдүгээр сард Оросын эдийн засаг дахь төрийн өмчийн оролцоо сүүлийн 10 жилд 47-48 хувь нэмэгдсэн хэмээн мэдэгдэж байсан юм.
"Эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулах яриа байнга гардаг. Хөрөнгө оруулагчдын сонирхлыг татахуйц аж ахуйн нэгжүүд өнгөрсөн хугацаанд бүгд хувьчлагдсан. Одоо төрийн өмчид үлдсэн компаниуд нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг бага татаж байгаа юм” үндэсний рейтингийн НКР агентлагийн гүйцэтгэх захирал Андрей Пискунов РИА Новости-д хэллээ. Түүний үзэж байгаагаар одоо төрийн өмчит компаниудыг хувийн өмчид шилжүүлэх явц төвөгтэй байж болзошгүй ажээ. Учир нь, нэг талаас Засгийн газрын зүгээс эдгээр компаниудад байгаа хяналтаа алдахыг хүсэхгүй байгаа бол нөгөө талаас сонирхож хөрөнгө оруулагчид нь компанийн үйл ажиллагаанд оролцолгүй ногдол ашиг л авах сонирхолтой гэжээ.
Холбоотой мэдээ