Тарваганы эко системд үзүүлж буй ач холбогдлын талаар доктор Л.Амгалангаас тодрууллаа.
-Тарваганы ач холбогдлын талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Монголд Алтайн, Монгол гэсэн хоёр зүйлийн тарвага байдаг. Монгол тарвага нь тал хээр, өндөр уулын бүсээр, ойн бүсийн доод захаар амьдардаг. Тарвага нь тал хээрийн бүсийн хөрсний бүтцийг зохицуулж байдаг. Гүн нүх ухаж, хөрсийг сийрэгжүүлснээр агаар чийгний горимыг тэнцвэржүүлж байдаг. Тарваганы нүхэн дээр илүү сахлаг, олон төрлийн ургамал ургадаг. Энэ нь хээрийн эко системийн гол зүйл.
-Тарваган тахал зарим жилд гарахгүй, зарим жил маш олон гарч байна. Энэ нь юутай холбоотой вэ?
-Аливаа амьтны өвчлөл, тоо толгойн өсөлт нь байгаль цаг уурын нөхцөлөөс шалтгаалдаг. Үлийн цагаан оготнын тоо толгой олшролт 10-12 жилийн давтамжтай байдаг. Тарвага ч мөн адил. Энэ бүхэн байгаль, цаг уурын өөрчлөлттэй холбоотой. Мэрэгч амьтны онцлог нь өвс ургамал өндөр ургасан үед үржлийн идэвх нь буурдаг. Харин ган гачигтай, өвс ургамал бага ургасан үед үржлийн идэвх нь сайжирдаг. Мөн энэ бүхэнд бэлчээрийн талхагдал нөлөөлж байгаа.
-Тарваганы тоо толгой ихдэхээр тахал их гардаг гэж үнэн үү?
-Орчин нөхцөл, амьдрах нөхцөл, тэжээлийн хүрэлцээ зэргээс шалтгаалаад амьтдын дунд өвчлөл бий болдог. Тоо толгой нь ихэссэн газарт янз бүрийн өвчин үүснэ. Тахлын вирус олон мэрэгчид бий. Тухайн мэрэгч хэвийн тоо толгойтой байхад энэ нь идэвхжихгүй.
-Тоо толгойг хэвийн байлгаж, тахал үүсгэхгүйн тулд механикаар ямар арга хэмжээ авч болох вэ?
-Нэгэнт тоо толгой нь олон болсон тохиолдолд үхэж хорогдож байж тахал хэвийн байдалд шилждэг. Тахлаар үхсэн тарваганы сэг зэмийг чоно, тас, бүргэд зэрэг амьтад идэж, байгалийг цэвэрлэдэг. Энэ хооронд хүн өртөж, нэгэндээ халдвар тарааж, эрүүл мэнд эдийн засгийн их хэмжээний хохирол учруулаад байгаа нь харамсалтай. Нөгөөтэйгүүр, Амьтны тухай хуульд агнуур зохион байгуулалтыг дөрвөн жилд нэг удаа зохион байгуулахаар заасан байдаг. Энэ дагуу агнуурыг тодорхой хэмжээнд явуулах нь зөв.
-Гэхдээ тарвагыг хэт их хэмжээгээр агнаад сүйрэлд хүргэх дөхсөн шүү дээ?
-Манай улсад 1990 оноос хойш тарваганы нөөц эрс хомсдож, тархац нутгийнхаа ихэнх хэсэгт устаж, 15 сая орчим толгой байсан монгол тарвага 2001 оны судалгаагаар таван сая болтлоо цөөрсөн байдаг. Тал хээрийн бүсээр 2000 оны эхээр маш том ган болсон. Энэ үед Төв аймгийн нутагт хэсэг эрдэмтэд судалгаа хийсэн юм. Намар таргалж байж ичдэг амьтад маань гантай жил байсан болохоор маш туранхайгаараа ичээндээ орсон. Бидний судалгаагаар хавар нь 20 гаруй ичээний нүхнээс 2-3 нь л нээгдсэн. Туранхайгаараа ичсэн болохоор бусад нь ичээндээ хайрагдаад үхдэг юм билээ. Гэтэл нээгдсэн хэдэн нүхний ам дээр хүмүүс хавх тавьсан байсан. Ингээд тал хээрийн тарвага ховордсон, зарим газартаа устсан. Уул толгодтой газраар л цөөн тоогоор үлдсэн юм. Тиймээс тоо толгойг нь хэт ихдүүлж өвчин гаргуулахгүй, бас тоо толгойг нь устгахгүй хэмжээнд зохион байгуулах ёстой юм.
-Хүнээс хүнд халдварлах тарваган тахлыг үүсгэхгүй байх өөр ямар арга байна вэ?
-Наадмаар, хөдөө салхинд гарсан бол тарваганы мах, боодог иддэг уламжлалыг зогсоох хэрэгтэй. Хэрэглэгч байхгүй нөхцөлд тухайн хүн тарвага агнахгүй. Хэрэглээ байгаа болохоор тарвага агнаад байна. Тарваганы эд эрхтэн авна гэсэн зарыг олон нийтийн сүлжээнээс устгадаг баймаар байна. Аливаа амьтны эд эрхтэн идэх нь амь дүйсэн үйлдэл.
-Тарваганы тоо толгой хэвийн байгаа газар хаана байна вэ?
-Байгаль цаг уураас гадна тоо толгой нь хэвийн байгаа газарт тарваган тахал гардаггүй. Харин энэ бүхэн алдагдвал хаана ч тахал үүсч болно. Тухайлбал, Говь-Алтай аймгийн Алтай сумын Аж богдын нуруунд тахал гардаггүй, тахалгүй бүс гэж үздэг байсан. Гэтэл тэнд 1990 оны үед тахал илэрсэн. Энэ нь тоо толгой ихэссэнтэй холбоотой байсан. Өндөр уулын бүсэд Монгол Алтайн зоог дагаад Говь-Алтай, Баянхонгор, Ховд, Баян-Өлгийд тарваганы тоо толгой хэвийн байгаа гэдэг ч тарваган тахал гарах эрсдэлтэйг дээрх жишээ нотолно.
-Тарвага нүхэндээ маш зохион байгуулалттай амьдардаг гэж үнэн үү?
-Тарвага яг хүн шиг унтлагын өрөө, “00”-ийн өрөөтэй, маш сайн зохион байгуулалттай амьдардаг. Эм тарч нь ичээндээ мөндлөө гаргадаг. Ичээлэх дөхөхөөр нь ноохойгоо гаргадаг юм. Тарвага ноохойгоо эрт зөөвөл эрт хүйтрэх нь гэж үздэг. Орой зөөвөл энэ өвөл гайгүй сайхан өвөл болох нь гэж дүгнэдэг.
Р.ДУЛАМ
Холбоотой мэдээ