Тэрбумаараа ч “тоглодог” байж дээ

Хуучирсан мэдээ: 2016.01.17-нд нийтлэгдсэн

Тэрбумаараа ч “тоглодог” байж дээ

Шилэн дансны хуулиар төрийн байгууллагуудын 5 сая төгрөгөөс дээшхи бүх л хөрөнгийн зарцуулалтыг олон нийт үзэх боломжтой болсон. Ямарсайндаа л өнгөрсөн намар МАН-ынхан хотын дарга Э.Бат-Үүлийг ямар их мөнгөөр ярьдаг юм бэ гэж дайрцгаасан. Үнэндээ бол энэ нь хотын даргын утасны ярианы төлбөр ч биш иргэдээс хотынхонд хандан ирсэн санал, хүсэлтийнх нь хариуг буцаан өгч, зөвлөгөө өгдөг утасны төлбөрийг л мушгин шуугиулсан хэрэг л дээ.

Уг нь энэ хууль МАН-ынхныг Засгийн эрх барьж байх үед гарсан бол мөн ч олон юм “Шилэн данс”-аар ил болж, хумигдах байсан бололтой. Учир юу вэ гэвэл гишүүний гэх тодотголтой нэг тэрбум төгрөгийг улсын төсөв хэлэлцэх үеэр гишүүн бүр тойрогтоо тодорхой ажил хийхээр болж, хуваарилуулдаг ч тухайн үедээ сургуулийн дээврийн засвар, нийтийн эзэмшлийн орон сууцны дээврийн засвар зэрэгт зарцуулагдан дашийн шоог болдог байсан.

2004 онд 10 сая төгрөгөөс эхэлж байсан дээрх мөнгө нь хэдхэн жилийн дотор 1 тэрбум төгрөг болтлоо өссөн гэдэг. Ойрмогхоноос зарим мэдээллийн хэрэгсэл эл асуудлыг сөхөн тойргийн гэх тодотголтой 1 тэрбум төгрөгийг юунд зарцуулж байсныг сөхөж тавьжээ. Түүгээр бол 2010 онд УИХ-ын гишүүн  Ж.Энхбаяр тэрбум төгрөгийнхөө 500 шахам сая төгрөгийг орон нутагт жижиг, дунд бизнес, өрхийн үйлдвэрлэл дэмжихэд зориулсан гэж буй ч ихэнх хэсэг нь хувь хүний данс руу шилжсэн. “Багийн хөгжлийг дэмжих төсөл” нэрээр Дэлгэр суманд таван сая төгрөг зориуллаа гэж тайлагнасан ч 1.6 сая төгрөгөөр нэг л гэр авсан тухай судалгаанд дурдсан байдаг аж. Алтай нутгийнхан гишүүдийн тэрбумаар чанарын шаардлага хангасан худаг бариулах хүсэлтэй байж.

Увс аймгаас удаа дараа сонгогдсон гишүүдийн хувьд ч бас л тэрбум төгрөгөө цэцэрлэгийн барилгын засвар, багийн төв барих гэсэн шалдар бульдир ажилд “цацаад” дашийн шоог болгожээ. “Шилэн данс”-ны хууль хэрэгждэг байсан ч болоосой гэж… Ингэсэн бол тойргийн тэрбум илүү үр бүтээлтэй ажилд зарцуулагдахгүй юу.

Г.ХОРОЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж