Өмнөд Солонгосын эдийн засгийн чиглэлээр мэдээ нийтлэл бэлтгэдэг “The Korea Economic Daily” сонины “Hankyung.com” сайтад сүүлийн үед тус улсын нийслэл Сөүл хотын элитүүдийн дүүрэг болох Каннам дүүрэгт гадаадын баячууд болон өндөр албан тушаалтнууд орон сууц худалдан авах болсон талаарх нийтлэл Баасан гаригт /2020.07.24/ гарчээ.
Уг нийтлэлд Каннам дүүргийн орон сууцнууд цар тахлын үед ч үнэ нь буурахгүй байгаа нь эрэлт нь нийлүүлэлтээс их байгаатай холбоотой хэмээн бичсэн байна. Каннам дүүргийн орон сууцнууд нь Нью-Йорк, Лондон, Хонгконг, Сингапур дахь орон сууцнуудтай адил ямар ч үед үнэ цэнээ алдахгүй, дэлхийн хамгийн аюулгүй газруудын нэгт тооцогддог бөгөөд тус дүүрэгт орон сууц авч буй болон авахыг эрмэлзэж буй хүмүүсийн ихэнх нь Азийн орнуудын улс төр болон бусад салбарт нэр нөлөө бүхий хүмүүс байна гэж эх сурвалжийн мэдээлэлд дурджээ.
Өмнөд Солонгосын нэрээ нууцлахыг хүссэн Засгийн газрын эх сурвалжийн мэдээлснээр, саяхан болсон олон улсын цахим хуралдаанд Каннам дүүргийн орон сууцны талаарх мэдээлэл халуун сэдэв болсон байна.
Тэрбээр “Миний сонссоноор Хятадын зарим төрийн өндөр албан тушаалтнууд тус дүүрэгт сүүлийн жилүүдэд хэд хэдэн орон сууц худалдаж авсан байсан. Бас Монголын нэг сайд энэ дүүрэгт гурван орон сууц эзэмшдэг гэж сонссон” хэмээн ярьжээ.
Хонгконгод өнгөрсөн жил өрнөсөн эсэргүүцлийн жагсаал цуглаанаас үүдэн Хонгконгоос хөрөнгөө татах гэсэн Хятадын чинээлэг бүлгийнхэн Өмнөд Солонгосын үл хөдлөх хөрөнгийг сонирхох болсон учир Каннам дүүрэгт эрэлт ихэссэн байна. “Bloomberg”-ийн мэдээлснээр Өмнөд Солонгост үл хөдлөх хөрөнгө худалдан авах Хятад иргэдийн тоо энэ оны эхний улиралд өнгөрөгч оны дөрөвдүгээр хагасаас 180 хувиар өссөн гэв.
А.БОЛД
Эх сурвалж: Hankyung.com
Холбоотой мэдээ