Э.Оюунболдын цолыг хурааж, Б.Хурц, С.Баяр нарт хорих ял оноов

Хуучирсан мэдээ: 2020.07.26-нд нийтлэгдсэн

Э.Оюунболдын цолыг хурааж, Б.Хурц, С.Баяр нарт хорих ял оноов

Өнгөрч буй долоо хоногт Улс эх оронд олон нийтийн анхаарлыг татсан хэд, хэдэн шүүх хурал болж, шийдвэрээ танилцууллаа.

Тухайлбал, Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц нарын есөн хүнд холбогдох шүүх хурал долдугаар сарын 16-нд эхэлж, бүтэн таван өдөр үргэлжилж, долдугаар сарын 21-нд шийдвэрээ гаргалаа.

Төв аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ж.Мөнхгал, С.Баярт, Б.Хурц нарт 3 жилийн хорих ял, Э.Өлзийбаярт 1 жилийн хорих ял, Г.Эрдэнэбатад 3 жилийн хорих ял, О.Бямбажавд 2 жилийн хорих ял, Ү.Отгонбаярт 2 жилийн хорих ял оноож, О.Бархасбадь, С.Эрдэнэбат нарыг цагаатгахаар болов.

Тагнуулын ерөнхий газар /ТЕГ/-ын дарга асан Б.Хурц, ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтсийн дарга асан, хурандаа О.Бархасбадь, мөрдөгч Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, С.Эрдэнэбат, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газрын ажилтан Э.Өлзийбаяр, О.Бямбажав, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарыг С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлж байгаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн үндэслэлээр буруутган, шүүсэн юм.

С.БАЯРТ 5 ЖИЛ, Ч.ДАВААНЯМД 2 ЖИЛ ХОРИХ ЯЛ ОНООВ

Ерөнхий сайд асан С.Баяр, “Петровис” компанийг үүсгэн байгуулагч Ч.Давааням нарт холбогдох шүүх хурал нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх танхимд долдугаар сарын 21-ны өдөр эхэлж, гурван өдөр үргэлжилсний эцэст долдугаар сарын 22-нд шийдвэрээ гаргалаа.

Шүүх бүрэлдэхүүн Ерөнхий сайд асан С.Баярт 5 жил хорих, “Петровис” компанийг үүсгэн байгуулагч Ч.Даваанямд  2 жил хорих ял тус, тус оноосон юм.

Ингэхдээ шүүгдэгч С.Баяр нь Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хувийн ашиг сонирхлоо гүйцэтгэх зорилгоор найз Ч.Даваанямын байгуулсан “Петровис трейдинг” компанид шатах тослох материал нийлүүлэх гэрээ байгуулах, 2013 оныг дуустал хүчинтэй байхаар 418 тэрбум 385 сая 173 мянга 982 төгрөгийн орлого олох боломж олгосон. Түүний үр дүнд “Петровис” компанид эдийн засгийн болон давуу байдал үүсгэсэн.

Мөн С.Баярын том охин Б.Нандин, Ч.Давааням нар хамтран үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхэлдэг нэрээр 2010-2014 оны хооронд АНУ-д 4 үл хөдлөх хөрөнгийг худалдан авч борлуулж, орлогыг нь АНУ дахь С.Баярын болон эхнэр Сувдын дансаар 5 тэрбум 580 сая 443 мянган төгрөг дамжуулсан мөнгө угаасан гэмт хэрэг зохион байгуулсан гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Ч.Давааням нь Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баярын эрх мэдэл албан тушаалын байдлыг урвуулан ашиглаж давуу байдлаас бий болсон хөрөнгийн эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор үл хөдлөх хөрөнгийн бизнес үргэлжлүүлэн явуулж байгаа нэрээр 2010-2014 оны хооронд дөрвөн үл хөдлөх хөрөнгийг худалдан авч, АНУ-ын банкин дахь С.Баярын болон эхнэр Сувдынх нь дансаар 2011-2017 оны хугацаанд 5 тэрбум 580 сая 444 мянган төгрөг авч мөнгө угаасан үйлдэлд гэм буруутайд тооцлоо.

С.Баярт албан тушаал эрхлэх эрхийг хоёр жилээс хасч, таван жилийн хорих ялыг нээлттэй дэглэмд эдлүүлэхээр шийдвэрлэв. Ч.Даваанямд хоёр жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв. Мөн Ерөнхий сайд асан С.Баяраас 5 тэрбум 580 сая 440 мянган төгрөгийн орлого хураах шийдвэр гаргасан бол Ч.Даваанямаас  5 тэрбум 766 сая 440 мянган төгрөгийн үнэлгээ бүхий орон сууцыг АНУ-аас хураах шийдвэр гаргажээ.


Ч.САЙХАНБИЛЭГ Х.БАТТУЛГАД ХАНДАН ЗАХИДАЛ ИЛГЭЭВ

Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Сангийн сайд асан С.Баярцогтод 10, Дубайд зурагдсан гэрээтэй холбогдуулж, Б.Бямбасайхан, Да.Ганболд нарт 4 жил, Б.Ариунсан, Бадралд 1.6 жилийн хорих ял оноосон юм. Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хандан, хатуухан үгтэй захидал илгээсэн нь олон нийтийн анхаарлыг татлаа. Захидлын дэлгэрэнгүй ЭНД дарж уншаарай.


ШҮҮХ: Э.ОЮУНБОЛДЫН АВАРГА ЦОЛЫГ ХУРААНА

Шүүх хуралдаанаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Тодруулбал, Үндэсний их Баяр наадмын зохион байгуулах хорооны 08 дугаар тогтоолын Э.Оюунболдод холбогдох хэсгийн “Э.Оюунболдын барилдаж давсан даваа бүрийг хүчингүйд тооцох, Э.Оюунболдод өвдөг шороодсон бөхчүүдийн давааг ахиулж, цол, чимгийг олгуулах, Э.Оюунболдод олгосон Монгол Улсын аварга цолыг хураах санал”-ыг хэвээр үлдээж, 2 дахь заалт болох “түүний барилдах эрхийг 2 жилийн хугацаагаар хасах” (2021 оны 07 дугаар сарын 12-ны өдрийг дуустал) гэснийг 2020 оны долдугаар сарын 12-ны өдрийг дуустал гэж өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Иймээс сэргээшийн золиос болсон бөхчүүд цол, чимэг нэмэх боломж бүрдээд байна. Хэдийгээр шүүхээс шийдвэр гарсан ч Ерөнхийлөгч зарлиг гаргаж, бөхөд цол олгох ёстой.

Тулгар Төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Э.Оюунболдод унасан бөхчүүд, цол, чимэг нэмэх бөхчүүдийн мэдээллийг хүргэе.

  • Нэгийн даваанд: Хэнтий аймгийн залуу бөх М.Баярбаатар,
  • Хоёрын даваанд: Сэлэнгэ аймгийн харьяат, аймгийн начин Т.Лхагвасүрэн,
  • Гурвын даваанд: Төв аймгийн харьяат, аймгийн харцага М.Жамсрандорж,
  • Дөрвийн даваанд: Завхан аймгийн Алдархаан сумын харьяат, аймгийн арслан П.Батсүх,
  • Тавын даваанд: Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын харьяат, аймгийн арслан Н.Мустафа,
  • Зургаагийн даваанд: Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, тухайн жилдээ шинэхэн улсын начин болсон Б.Цэдэнсодном,
  • Долоогийн даваанд: Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, тухайн жилдээ шинэхэн улсын харцага болсон Д.Анар,
  • Наймын даваанд: Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, улсын арслан Ц.Содномдорж,
  • Есийн даваанд: Увс аймгийн Ховд сумын харьяат, улсын аварга Н.Батсуурь зэрэг хүчит бөхчүүдийг давж, Монгол Улсын аварга цолонд хүрсэн байдаг.

Шүүхийн шийдвэрийг үндэслэн Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргавал аймгийн арслан Н.Мустафа Монгол Улсын начин,  Улсын начин Б.Цэдэнсодном Монгол Улсын харцага, Улсын харцага Д.Анар Монгол Улсын заан, Улсын арслан Ц.Содномдорж Үлэмж бадрах чимэг,  Улсын аварга Н.Батсуурь Монгол Улсын Даян Аварга цолны эзэн тус тус болно.


ШҮҮХЭЭС Х.ОРГИЛ-ЭРДЭНЭД ТОРГОХ ШИЙТГЭЛ ОНОГДУУЛАВ

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх долдугаар сарын 22-нд  Зам тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга асан Х.Оргил-Эрдэнэд холбогдох хэргийг хэлэлцээд долоон сая төгрөгийн торгууль ногдуулж, төрийн албанд ажиллах эрхийг таван жилээр хассан байна.

Мөн авлига өгсөн хэрэгт буруутгагдсан БНХАУ-ын иргэн Лиу Хоннианд 14 сая төгрөгийн торгууль ногдуулсан аж.

Х.Оргил-Эрдэнэ нь Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг барьж буй БНХАУ-ын гүйцэтгэгч компаниас 24 сая төгрөгийн хахууль авч байгаад Авлигатай тэмцэх газрынханд баригдсан хэрэг 2019 оны сүүлээр болсон юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
5
ГайхмаарГайхмаар
4
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж