Шотландын Лох-Несс нуурын талаар сонсоогүй хүн цөөн байх. Усны аймшигт үлэг гүрвэл амьдардаг хэмээн жуулчдын анхаарлыг соронзон мэт татдаг энэ нуурыг үзэх гэж жилд олон сая жуулчин ирдэг. Харин тэр амьтныг харсан нь байхгүй. Үүнээс болж Лох-Несс нуурт эртний амьтан огт байхгүй, харин жуулчдыг татах гэсэн башир арга байж хэмээн зарим хүн хэлдэг байв. Тэгвэл энэ нуурын нууцыг далай тэнгисийн алдарт аялагч Жак Ив Кустогийн хүү Жан-Пьер судалжээ. Тэрбээр нуурыг дөрвөн жил гаруй судалсан бөгөөд тэнд үлэг гүрвэл байхгүйг тогтоосон байна. “Элдэв домог яриа хаа сайгүй байдаг. Эрдэмтэн судлаачид бидний хувьд баримт л чухал байдаг. Тиймээс тэнд судалгаа хийсэн, хүмүүсийн ярьдаг аймшигт амьтан байсангүй. Гэхдээ энэ нь тэнд ийм амьтан өмнө нь огт амьдарч байгаагүй гэсэн нотолгоо биш. Хувьсал, цаг хугацааны явцад юу ч өөрчлөгдөж болно. Лох-Нессийн нууцлагдмал амьтны тухайд бид эрэл хайгуул хийсээр байна” гэж ярьжээ.
Энэ нуур Шотландын Глиморт байдаг бөгөөд зүүн хойд хэсгээрээ Хойд тэнгистэй, баруун хэсгээрээ Ирландын тэнгистэй залгаа. Нийт 64 ам.дөрвөлжин километр талбай бүхий, 230 метр гүн Лох-Несс нууранд олон төрлийн ховор, сонин ургамал, амьтан байдаг. Харин “Несси” хэмээх нууцлаг амьтан л судлаачдын анхаарлыг ихэд татаж байгаа юм. Тийм амьтан үнэхээр байдаг эсэхэд хэн ч бодитой, баримттай хариулт өгч чадахгүй байсан юм. Нессийг харсан гэх хүмүүсийн дүрсэлснээр бол 5-6 метр урт хүзүүтэй, жижигхэн толгойтой, заан шиг том дөрвөн хөлтэй гэжээ. Тэр амьтныг үлэг гүрвэлтэй төстэй гэж ярих нь бий. 1933 онд иргэн Маккей эхнэрийнхээ хамт нуурын эргээр машинтай явж байгаад урьд өмнө огт харагдаагүй нэгэн аварга том амьтан харжээ. Ингэж Маккей Нессийг харсан гэх анхны хүн болжээ. Лох-Несс нууранд сэлэхээр орсон зарим хүн ор сураггүй алга болдог гэж нутгийн иргэд ярьцгаадаг. Үүнийг нуурын ёроолын олон давхарга бүхий сордог лаг шавартай холбож тайлбарладаг.
Эх сурвалж: “Оbrazovaka”
Холбоотой мэдээ