Завхан аймгийн Улиастай сумаас гарах, орох хөдөлгөөнийг нээлээ

Хуучирсан мэдээ: 2020.07.26-нд нийтлэгдсэн

Завхан аймгийн Улиастай сумаас гарах, орох хөдөлгөөнийг нээлээ

НЭМЭЛТ:

Завхан аймгийн онцгой комисс дахин хуралдаж, хөл хорио хэсэгчлэн тогтоох, Улиастай сумаас гарах, орох хөдөлгөөний нээх шийдвэр гаргажээ.

Тус аймгийн Улиастай суманд өчигдөр /2020.07.25/ тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, Улиастай сумаас гарах, орох хөдөлгөөнийг хаасан бөгөөд Говь-Алтай аймгаас түргэвчилсэн оношлуур авчирч, тарваган тахлаар өвчилсөн байж болзошгүй хүнд шинжилгээ хийжээ. Шинжилгээний хариу өнөөдөр /2020.07.26/ өглөө 07.00 цагт гарч, урьдчилсан байдлаар сөрөг гарсан байна.  Эрүүл мэндийн сайдын А/160 тоот тушаалын 12.2.3-т "Дараах тохиолдолд булчирхайн хэлбэрийн үeд хөл хориог үргэлжлэх хугацааг богиносгож болно" гэж заажээ. Иймд:

  • Нэгдүгээрт, Урьдчилсан шинжилгээний хариу сөрөг гарсан
  • Хоёрдугаарт, тарваган тахлын уушгины хэлбэр байх магадлал багатай
  • Гуравдугаарт, 1-р хавьтлын иргэдийг бүрэн хяналтад авсан тул Эрүүл мэндийн сайдын дээрх тушаалыг үндэслэн Аймгийн Онцгой комисс дараах шийдвэрийг гаргалаа.

Үүнд:
1. Улиастай сумаас гарах, орох нийтийн болон хувийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах тухай шийдвэрийг цуцлах
2. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасаг, нэгдүгээр хавьтлын иргэдийн амьдарч буй хэсэгт хэсэгчилсэн хязгаарлалт тогтоохоор тус тус шийдвэрлэв.

Оношийг эцэслэн тогтоох үйл ажиллагаа үргэлжилж байна.


ЗАВХАН АЙМГААС ГАРАХ, ОРОХ ХӨДӨЛГӨӨНИЙГ ХААЖЭЭ

Тарваган тахлын сэжигтэй тохиолдол Завхан аймагт илэрсэн тус аймгийн Улиастай сумын нутаг дэвсгэрээс гарах, орох нийтийн болон хувийн тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг өчигдөр /2020.07.25/ 21.00 цагаас эхлэн тодорхойгүй хугацаагаар хаажээ.

Манай улсын 17 аймгийн 137 сум тарваган тахлын байгалийн голомттой нутаг дэвсгэрт тооцогддог. Энэ долдугаар сарын 14-нд Говь-Алтай аймгийн Төгрөг суманд 15 настай хүүхэд тарваган тахлын өвчлөлөөс болж нас барсан. Мөн Ховд аймгийн Цэцэг суманд хоёр тохиолдол гарч, улмаар биеийн байдал нь хүндэрсэн ч цаг алдалгүй эмчлүүлсний дүнд биеийн байдал нь сайжирч байна. Мөн Булганы Хишиг-Өндөр сумын иргэн тарваганы мах идсэн гэх өгүүлэмжтэй тусгаарлалтад орсон бөгөөд тарваган тахал өвчин илрээгүй. Хэдийгээр тарваган тахал илрээгүй ч нийслэл хот руу зөөвөрлөн орж ирэх тохиолдол гарахыг үгүйсгэхгүй. Учир нь тарваган тахал нь шууд хавьтал, дам халдвар, агаар дусал, хоол хүнсээр дамжин халдварладаг учир өвчин туссан хүн бусдад тараах магадлал их. Өөрөөр хэлбэл, байгалийн голомтод гоц аюулт халдварт өвчин болох тарваган тахал нь “Ковид-19” халдварт цар тахлаас дутахгүй аюулт өвчин гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй гэдгийг албаны хүмүүс учирлаж байна.

Тарваган тахал халдвар дамжих зам :

  • Шууд хавьтал (тахлаар өвчилсөн тарвага агнах, арьс өвчих, мах эвдэх..)
  • Агаар дусал
  • Дам халдвар (мэрэгч амьтдын бөөс, бүүрэгт хазуулах)
  • Хоол боловсруулах зам (тарваганы түүхий эд, эрхтэн залгих, дутуу чанасан   мах идэх)

Нууц үе : Хэдэн цагаас 6 хоног, дунджаар 2-3 хоног
Эмнэл зүйн хэлбэр :

  • Арьсны хэлбэр
  • Булчирхайн хэлбэр
  • Уушгины хэлбэр
  • Үжил хэлбэр
  • Гэдэсний хэлбэр
  • Залгиур хоолойн хэлбэр

Шинж тэмдэг :

  • 380-400хэм хүрч халуурах
  • Суга, цавь, хүзүү, тунгалгийн булчирхай цочих, хөдөлгөөнгүй маш их эмзэглэлтэй болох
  • Бүх бие булчингаар шархирч өвдөх
  • Толгой өвдөх
  • Ханиалгах
  • Цустай цэр гарах
  • Амьсгалахад хүндрэлтэй болох
  • Бөөлжих
  • Хэвлийгээр өвдөх
  • Суулгах

Урьдчилан сэргийлэх :

  • Тарвага агнахгүй байх
  • Тарваганы мах идэхгүй байх
  • Түүхий эд, эрхтэнг хэрэглэхгүй байх
  • Тарвагыг нохойгоор бариулахгүй байх, урхи, хавхаар агнахгүй байх
  • Тарваганы түүхий мах эд, эрхтэнг хот суурин газарт оруулахгүй байх
  • Хүүхдийг тарваганы дошон дээр тоглуулахгүй, унтуулахгүй байх
  • Шимэгчид хазуулахаас сэргийлж дайжуулагч хэрэглэх
  • Тарваган тахлын эсрэг вакцин тариулах
  • Гэр орондоо агнасан тарвага, арьс хадгалахгүй байх
  • Гэр орондоо мэрэгч амьтан орохоос сэргийлж тор хийх, май тавих..,
  • Нохойг байнга уяатай байлгах
  • Үхсэн, хөдөлгөөн удааширсан тарваганд хүрэхгүй байх
  • Үхсэн тарвага, мэрэгч амьтдын тухай зоонозын өвчин судлалын төвд  яаралтай мэдээлэх (70282853, 70284393)
  • Тарваган тахлын эрсдэлд өртсөн, эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд харьяа эрүүл мэндийн байгууллагад яаралтай мэдээлж дуудлага өгөх.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХарамсалтайХарамсалтай
5
БурууБуруу
4
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж