ОХУ-ын Алс Дорнодын Хабаровск хотод тус улсын Ерөнхийлөгч Путин болон түүний засаг захиргааг эсэргүүцсэн олон мянган иргэн гурав дахь долоо хоногтоо жагсч, эсэргүүцлээ илэрхийллээ. Нийт 600 мянга хүн амтай Хабаровскийн оршин суугчид долдугаар сарын 9-нд олон жилийн өмнө болсон хүн амины хэрэгт буруутгагдан баривчлагдсан мужийн амбан захирагч Сергей Фургалыг суллахыг шаардан жагсч байгаа юм.
Сергей Фургалын баривчилгаа нь улс төрийн зорилготой байсан гэж энгийн иргэд үзэж байгаа ба цар тахлыг дарахаар ажиллаж буй Кремлийн хувьд энэхүү жагсаал цуглаан толгой өвтгөсөн асуудлуудын нэг болоод байгаа аж.
Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр Бямба гаригт /2020.07.25/ болсон жагсаал цуглаанд 20 мянга орчим хүн оролцсон бөгөөд жагсагчид Сергей Фургалыг суллахыг шаардахаас гадна Путинд итгэхээ больсон тул түүнийг огцрохыг шаардсан уриа лоозон барьсан байв. Хамгийн эхний буюу долдугаар сарын 10-нд болсон жагсаалд 40 мянга орчим хүн оролцсон нь тус мужийн түүхэнд бичигдэх их хэмжээний хүн нэг дор цугларсан явдал болжээ.
Либерал Ардчилсан Намын гишүүн Сергей Фургал нь хоёр жилийн өмнө эрх баригч Нэгдсэн Орос намын нэр дэвшигчийг сонгуульд ялж, мужийн захирагч болж байсан ба иргэдийн хувьд эрх баригчид түүнийг зайлуулахын тулд хүн амины хэрэгт буруутгаж байна гэж үзэж байгаа юм. Тэрбээр төрийн албан хаагчдын тоог бууруулж, өмнөх захирагчийн тансаг завийг дуудлага худалдаагаар зарах зэрэг шинэчлэлт хийж эхэлсэн нь иргэдийн итгэлийг олжээ.
Эх сурвалж: REUTERS