Ахмад настан, өвчтэй, өлгийтэй нялх үрсийн боломжийг булааж, тусгай үүргийн нислэгээр ирчихээд архи ууж, диксконд орж, тусгаарлалтын дэглэм зөрчин, бусдыгаа ч муухай харагдуулж буй иргэд “танхайрал”-аа зогсооно уу.
Төр иргэддээ чичлүүлэн, хардлага сэрдлэгэд орон байж, та бүхнийг хилийн чанадаас авчирсан шүү.
Улсын Онцгой Комиссын Шуурхай албаны дарга, хурандаа Б.Ууганбаярын мэдээллээр архи ууж, олон нийтийн газар орж бүжиглэн, дэглэм зөрчсөн иргэд нь БНСУ-ын Цагаачлалын албанынханд саатуулагдан Монголдоо иржээ.
Тэд “Баянхангай” амралт сувиллын газар тусгаарлагдах хугацаандаа асуудал тарьсан байгаа юм. Зарим нь бүр ““Бид Солонгосын шоронгоос дор байранд байна. Яах гэж авчирсан юм бэ. Буцаад явна” гэхчлэн “агсам” тавьцгааж…
Цагаачлалын албаныханд ямар иргэд баривчлагддаг вэ гэдгийг хүн бүр мэднэ. Хууль бусаар оршин сууж байгаа иргэд голлодог. Зарим нь бүр хэрэг мандаасан тохиолдол ч байх нь бий. Ийм иргэдээ татан авахгүй бол олон сөрөг асуудал үүсдэг тул хойшид гарах асуудлаас сэргийлж төр татан авсан. Гэтэл эрийн сайндаа ирцгээсэн мэт ааш авир гаргацгаах.
Дэлхий дахин өнөөдөр Covid-19 цар тахлаас болж, олон иргэнээ алдаж байна. Халдвар авагсдын тоо 15 саяыг давлаа. Монгол энэ тахлыг дотооддоо алдаагүй хуруу дарам орны тоонд орж байна. Ийм нөхцөлд байгаадаа эрүүл мэндийн салбарынхандаа талархах ёстой.
Дотооддоо халдварыг тархаахгүй байх ганц боломж нь гадаад орноос ирсэн иргэд тусгаарлалтын дэглэм чандлан сахих. Нэг л хүн сэрэмж алдахад дотоодод халдвар хэдэн зуун хүнийг хамран тархах эрсдэлтэй. Гуравхан сая хүн амын эрүүл мэнд ганц хүний авираас болж, асуудалд орохоор буй. Ийм л учраас нийт 35 хоногийн тусгаарлалтын дэглэм сахих шаардлагатай болоод байна.
Харамсалтай нь, цар тахлын аюулыг мэдэхгүй байна уу, эсвэл мэддэг ч тэнэглэл нь хэтрээд байна уу, УОК, Эрүүл мэндийн яамнаас хийж буй мэдээлэлд тусгаарлалтад байхдаа зөрчил гаргаж буй иргэдийн тухай мэдээлэл тасрахгүй байна.
Гэтэл эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийн тоо өнөөдөр 14 мянгаар яригдаж буй. Бүгдийг нь нэг далайлтаар авах боломжгүй тул тодорхой яриа хэлцэл хийсний үндсэн дээр мөн дотоод дахь байрны хүрэлцээ зэргээ харгалзан үзэж, татан авалт хийж байна.
Олон сар тусгай үүргийн нислэг хүлээн, эх орондоо ирж чадаагүй иргэд гадаад дахь Монгол Улсын Элчин сайдын яамны гадаа “Монгол хүн бүр эх орондоо ирэх эрхтэй” гэдгээ сануулан суулт хийж байна. Тийм ээ, Монгол хүн бүр эх орондоо ирэх ёстой, бас эрхтэй. Ирэх хүн нь олон, татан авах боломж нь хязгаарлагдмал тул цаг хугацаа ч орох шинжтэй. Гэхдээ эх орондоо ирэх хүсэлтэй иргэдээ таван шалгуур хангаж байгаа эсэхээр шийдэж татан авалт хийнэ гэвэл өнөөдөр 4700 шахам нь тэрхүү нөхцлийг хангах боломжгүй байна. Эхний ээлжинд таван шалгуур хангасан хүмүүсээ татаад, дараагийн ээлжинд Монголдоо ирэх хүсэлт гаргасан иргэн бүрээ татна гэж найдъя.
Тусгай үүргийн нислэгээр иргэдээ татан авснаас хойш долоон сарын турш хэл ам таталж байгаа асуудал нь хоолны хүрэлцээ, чанар боллоо.
Тусгаарлалтад байгаа иргэд “Бид мөнгөө төлж, тусгай үүргийн нислэгээр ирсэн, мөнгө төлж, тусгаарлах байранд байршсан. Гэтэл яагаад хоол өгдөггүй юм, хоол нь амтгүй. Хүүхдүүддээ сүү, тараг өгье гэхэд боломжгүй байна” гэхчлэн шаардлага тавьсаар…
Иймээс нэмэлт төлбөрийг нь аваад тусгаарлалтад байгаа иргэдээ тараг, сүүгээр нь хангах ажлыг зочид буудал, амралтын газар нь зохицуулах боломжтой байх нөхцлөөр хангачихаж болдоггүй юм уу.
Энэ тохиолдолд “Гоё” гэдэг тарагны саван дотор гялгар уутанд архи хийгээд тусгаарлах байр руу нэвтрүүлдэг, тортны дотор варьений шилтэй архи хийгээд төрсөн өдөр нь гээд гаднаас нь оруулдаг зэрэг зөрчил гарахгүй болох юм биш үү. Хэрэв ийм зөрчил гарвал зочид буудал, амралт сувиллын газартай л хариуцлага яригдах болно. УОК-ын ажлын хэсгийнхээн толгойгоо жаахан ажиллуулаач…
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ