АНУ-ын Minnesota мужийн Minneapolis хотын Circus Manduhai буюу Мандухай циркийн захирал Халтархүүгийн Эрдэнэчимэг энэ зун жүжигчдийнхээ хамт эх орондоо ирж, хөдөө орон нутгаар үнэгүй тоглолт хийхээр болжээ. Тэрбээр өмнө Монголын циркэд агаарын нислэгийн гимнастикийн жүжигчин байсан ба Америкийн Ringling Bros. and Barnum & Bailey Circus хэмээх циркийнхэн түүнийг урьсанаар Нью Иорк хотод ажиллаж амьдардаг байжээ. Хожим Minnesota мужийн Minneapolis хотод гэр бүлийн хамт шилжиж ирэн Мандухай циркийг үүсгэн эдүгээ найм дахь жилдээ тус улсад мэргэжлээрээ ажиллаж амьдарч байгаа аж. Мандухай цирк энэ удаагийнхаа тоглолтыг Монголын National Center Against Violence төвтэй хамтран зохион байгуулж байгаа ба “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг " гэсэн урианд дор тоглолтоо явуулах аж. Энэхүү тоглолтыг үнэгүй хүргэхийн дашрамд үзэгчидэд гэр бүл дэх дарамт хор нөлөөг таниулан сурталчлах юм байна. Тэрбээр багадаа гэр бүлийн дарамт хүчирхийлэлд өртдөг байсан ба энэ асуудлыг нийгэмд ил гаргаж таниулах, хор нөлөөг нь арилгахад тус нэмэрээ оруулах зорилготой гэнэ.
П.Нара