НЭМЭЛТ: 19:30 ЦАГ
Шүүхээс Х.Бат-Ялалтыг бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлсэн гэж үзэн, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 80 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох торгуулийн ял оноолоо.
Эрүүгийн хуулийн 149 дүгээр зүйл, 149.1-д "Өмчлөгч, эд хөрөнгийг итгэмжлэгдэн хариуцаж буюу хамгаалж байгаа этгээдэд болон тэдний ойр дотны хүмүүст хүч хэрэглэх, нэр хүндийг нь гутаасан мэдээ баримт тараах буюу эд хөрөнгийг нь устгахаар заналхийлж, эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхийг шаардсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заажээ.
Х.БАТ-ЯЛАЛТАД ХОЛБОГДОХ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛ ТҮР ЗАВСАРЛАЛАА
15:00 ЦАГ
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2020.07.24/ УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийн гомдлоор "Иргэдийн шударга шүүх" төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалтад холбогдох хэргийн шүүх хурал эхэлсэн.
Х.Бат-Ялалтыг 2002 оны ЭХТА-ын 149.1 дэх хэсгээр гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулах шийдвэр гарч бэлтгэх хугацаа арван минут өгч шүүх хурал завсарлалаа.
Шүүгдэгч Х.Бат-Ялалтыг шүүхээс нэхэмжилсэн барьцааны мөнгөө заасан хугацаанд байршуулаагүй, шүүх хуралдаа хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй гэх үндэслэлээр ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан билээ.
Түүнийг УИХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн өмнө УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан Л.Эрдэнэчимэгийг дарамталж, 50 сая төгрөг авсан хэрэгт яллагдагчаар татаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн юм.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ