"Монгол иргэдэд туслахыг хүсч, 55 улсад ноот бичиг илгээсэн"

Хуучирсан мэдээ: 2020.07.24-нд нийтлэгдсэн

"Монгол иргэдэд туслахыг хүсч, 55 улсад ноот бичиг илгээсэн"

"Монгол иргэдэд туслахыг хүсч, 55 улсад ноот бичиг илгээсэн"

Гадаад харилцааны яамнаас өнөөдөр /2020.7.24/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тус яам долоо хоног бүрийн Баасан гаригт “Мэдээллийн цаг” арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ.

ЭЛЧИН САЙДЫН ЯАМДАД ӨДӨР БҮР ХИЙСЭН АЖЛАА ТАЙЛАГНАХЫГ ҮҮРЭГДЖЭЭ

ГХЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын захирал Ш.Одонбаатар мэдээллийн эхэнд Covid-19-тэй холбоотойгоор ГХЯ нь гадаадад байгаа иргэдийн асуудлыг тэргүүн чиглэл болгосныг дурдлаа. Энэ хүрээнд оршин суух зөвшөөрөл, виз, хөрөнгө санхүүгийн тал дээр монгол иргэдийг дэмжиж ажиллахыг дипломат газруудад үүрэг болгосон байна. Мөн Гадаад харилцааны сайд Н.Энхтайван үүрэгт ажлаа хүлээж авснаас хойш Монгол Улсад суугаа Элчин сайдуудтай уулзаж, тодорхой асуудлуудыг шийдвэрлэснийг онцлов.

Тэрбээр “Шинэ сайд маань дэлхийн 55 улсын Засгийн газарт хандаж, цар тахалтай холбоотойгоор тухайн оронд амьдарч, ажиллаж байгаа монгол иргэдийг дэмжиж ажиллахыг хүссэн ноот бичиг илгээсэн. Шинжилгээ өгөх, эмчилгээнд хамрагдах шаардлагатай болсон, санхүүгийн бэрхшээлтэй байгаа иргэдэд тухайн улсын Засгийн газраас дэмжлэг үзүүлэхийг хүссэн. Тухайн улсын эрх баригчидтай уулзаж, энэ чиглэлээр ажил зохион байгуулна” гэв.

Түүнчлэн Монгол Улсаас гаднын оронд суугаа дипломат төлөөлөгчийн 44 газарт үүрэг өгчээ. Үүнд цар тахалтай холбоотойгоор бүх дипломат төлөөлөгчийн газар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж, 24 цагаар ажиллах, гадаадад байгаа иргэдэд мэдээллийг цаг алдалгүй шуурхай хүргэж байх үүрэг өгчээ. Мөн удаан хугацаанд гадаадад байгаа иргэдийн оршин суух эрх, визийн асуудал хүндэрч, иргэд торгуульд холбогдож байгаа тул Элчин сайдын яамдад холбогдох байгууллагуудтай хамтарч ажиллахыг үүрэгдсэн байна. Элчин сайдын яамдад төвдөө буюу Гадаад харилцааны яаманд өдөр бүр хийсэн ажлаа тайлагнах үүрэг өгчээ.

ЯПОНООС ХОЁР САЯ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТ ОЛГОСОН

ГХЯ-ны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал Э.САРАНТОГОС:

-Гадаад харилцааны сайд энэ долоо хоногт Япон, Энэтхэг, БНСУ, ХБНГУ, Франц, БНАСАУ зэрэг орны Элчин сайдуудтай уулзсан. Монгол Улсыг Covid-19-ийн халдварыг даван туулахад зориулан Япон Улсын Засгийн газраас 2 сая ам.долларын санхүүжилт олгоод байгаа. Мөн төслийн бус буцалгүй тусламжаар 9.3 сая ам.долларын үнэ бүхий эмнэлгийн төхөөрөмжийг нийлүүлэхээр ажиллаж байна. Япон улсын Засгийн газраас зарим улсад яаралтай хөнгөлөлттэй зээл олгохоор судалж байгаа бөгөөд эхний орнуудын жагсаалтад манай улс багтсан. Удахгүй Японы Засгийн газар хэр хэмжээний зээл олгохоо шийдвэрлэнэ. Уг зээл нь эдийн засгийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой байх болно. Япон руу зорчих горимыг өөрчлөх, хөнгөвчлөх хэлэлцээр хийж байгаа бөгөөд энэ 10 орны тоонд Монгол Улс багтаж байна. Энэтхэгт улстай дипломат харилцаа тогтоосны 65, БНСУ-тай 30 жилийн ой тохиож буй бөгөөд ойг цахимаар явуулах бодолтой байна.

ЕВРОПЫН ХОЛБООНЫ УЛСААС 50.8 САЯ ЕВРО, ХБНГУ-ААС НЭГ САЯ ЕВРОГИЙН ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛЖ БАЙНА

ГХЯ-ны Европын газрын захирал М.ЦЭНГЭГ:

-Гадаад харилцааны сайд Н.Энхтайван энэ долоо хоногт Европын холбооны улс, Герман, Франц улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдуудтай уулзаж ярилцсан. ХБНГУ-ын Засгийн газраас Covid-19-тэй тэмцэхэд зориулан нэг сая еврогийн тусламж үзүүлж буйгаа мэдэгдсэн. Европын холбооны улсаас манай улсын төсөвт дэмжлэг үзүүлж, 50.8 сая еврогийн туслалцаа үзүүлж байгаа. Үүний эхний 16 сая евро ойрын хугацаанд хийгдэнэ. Ойрын болон дунд хугацаанд нийт 37.5 сая еврог төслүүдээр дамжуулан олгохоор болсон. Франц улстай дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг шинэ хэлбэрээр зохион байгуулна.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж