Соёлын яам циркээ аврахаас ажлаа эхэлье

Хуучирсан мэдээ: 2020.07.24-нд нийтлэгдсэн

Соёлын яам циркээ аврахаас ажлаа эхэлье

Соёлын яам циркээ аврахаас ажлаа эхэлье

Ерөнхийлөгчийн захиалгатай, захиалгагүй ч бай Засгийн газар Соёлын яамыг бие даан байгуулж ажиллахаар бүтцээ зурагласныг УИХ баталснаар шинэ яам эмхлэн байгуулагдав.

Сайдаар нь академич С.Чулуун, дэд сайдаар нь архитекторч М.Батбаяр, Төрийн нарийн бичгийн даргаар нь Монгол Улсын гавьяат жүжигчин дуучин Г.Эрдэнэбат нар томилогдон ажлаа эхлээд байна. Дэд сайд нь тэс хөндлөн мэргэжлийн бус хүн томилогдсоныг эс тооцвол сайд, Төрийн нарийн хоёрыг салбарынхан нь андахгүй.

Долоон газар 70 гаруй хүнтэй ажиллахаар бүтцээ батлуулсан Соёлын яамны эхний ээлжинд барьж авах ажил нь циркээ аврах ажиллагаа болж хувираад байна.

Улсын циркийг 2008 онд менежментийн гэрээгээр хувьчилсанаас хойш бодлого ч алдагдаж, энэ хугацаанд циркчид талын нэг тарцгаан, Монголын соёлын үзүүлбэрийн төрөл жанр ч багасчээ.

Шинэ цирк төвийн захирал Д.Зоригт “Монголын циркчид өнөөдөр нүүдлийн шувууд шиг гадаадын орнуудыг зорьж, үзүүлбэрээ үзүүлдэг болсон. Уран нугаралт, акробат зэрэг цөөн үзүүлбэрээр л дэлхийд амжилт үзүүлж байгаа болохоос биш агаарын номер, амьтны цогц үзүүлбэр, илбийн гайхамшиг үзүүлбэрээр амжилт гаргах нөхцөлгүй болсон. Шалтгаан нь циркийн байр, сургалт юм” гэж өмнө нь ярьж байв.

Төрийн шагналт, Ардын жүжигчин Б.Норовсамбуу “Өнөөдөр Монголын циркийн урын сангийн бодлого алдагдсан. Шалтгаан нь циркийн уран бүтээлчид нэг ч төгрөгийн цалингүйгээс амьдрахын эрхэнд гадаадын орнуудад аялан тоглолт хийж байна. Гэтэл циркт томоохон тоглолт хийе гэхэд тэднийг цалинжуулах албан газар байхгүй. Төв циркт тоглоё гэхэд байргүй. Хуучин циркийн боловсон хүчнийг ЗХУ-д төрөл жанр бүрээр бэлтгэдэг байсан, одоо зөвхөн шавь сургалтаар дотооддоо уран нугаралт зэрэг цөөн мэргэжлээр сургах болсон. Төрөөс циркийн салбарт анхаарлаа хандуулж ажиллаасай” хэмээн хүссэн билээ.

80 шахам жилийн түүхтэй циркийн урлаг мөхөлд ойртсон шалтгааныг энэ салбарт ажиллагсад мөн л төрөөс хэрэгжүүлдэг бодлогогүй, бэлтгэл сургуулилт хийх байргүйтэй холбож ирсэн.

Нөхцөл байдлыг нь харвал ирээдүйн циркчид өнөөдөр 80 жилийн түүхтэй хуучин циркийн барилгад багталцаж ядан бэлтгэл сургуулилт хийж байна. Засвар хийх шаардлага үүссэн ч төсвөөс хөрөнгө тавьдаггүй, шинэ барилга барих зайлшгүй шаардлага үүссэн тухай хөндөж ирсэн ч Засгийн газар нь хүлээж авалгүй явсаар өнөөдөртэй золгожээ.

Тиймээс зориулалтын байранд сургуулилт хийх шаардлага үүсэхэд “Аса” циркт сарын 15 сая төгрөгийн түрээс төлж, үйл ажиллагаа эрхлэх замаар өдөр хоногийг аргацааж ирсэн байна.

Уг нь менежментийн хувьчлал гэдэг бол зориулалтын дагуу л ашиглахыг хэлдэг. Гэтэл 10 гаруй жилийн хугацаанд “Аса” цирк бие даан үйл ажиллагаа явуулахдаа хэдэн удаагийн циркийн тоглолт зохион байгуулсан бэ. Циркийн тоглолт болохоос илүүтэй нийтийн дуучдын тоглолт түлхүү зохион байгуулагдсан гэж хэлбэл бодит үнэнээс нэг их хол зөрөхгүй биз.

Өнөөдөр “Аса” цирк хэдэн уран бүтээлчтэй вэ, амьтад нь байгаа юу гэдэг асуултад хэн ч хариулт өгч чадахгүй сууна.

Хэдэн жилийн өмнө Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргаар ажиллаж байсан О.Магнай энэ асуудлыг хөндөж, “Аса” циркийг зориулалтынх нь дагуу ажиллуулах шаардлага тавьж, Асашёорюү Д.Дагвадоржтой үзэлцэж байсныг эс тооцвол төр үндсэндээ эздийнх нь ааш араншинг харж, ажиллаж ирээ юу гэмээр.

Одоо болсон, олон жил тэр эрхэллээ. Төр юм бол шаардлага тавь, түмэн олон циркээ аврах бодлогыг тань дэмжээд л ар тал болно.

Соёлын яамны эхний ажил циркээ аврахаас эхлэх ёстой шүү.

Л.ОЮУ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
97
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж