Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн мэдээлснээр, төгрөг ам.долларын эсрэг оны эхнээс 3 хувиар суларчээ. Харин эхний зургаан сарын байдлаар юанийн эсрэг 1.8 хувиар суларсан бол рублийн эсрэг 9.1 хувь чангараад байгаа аж. Гадаад худалдааны сагсаар жигнэсэн дундаж ханш буюу бодит болон нэрлэсэн үйлчилж буй ханш оны эхнээс харгалзан 3 болон 1 хувиар тус тус чангарсан тул ам.долларын эсрэг 3 хувийн сулралт зайлшгүй байсан гэсэн үг аж.
Энэ жилийн хувьд алт худалдан авалт их сайн байгаа бөгөөд оны эхний зургаан сарын байдлаар өнгөрсөн оны түвшнээс 2.5 дахин их буюу 10.8 тонн алт худалдан авсан нь валютын урсгалд том дэмжлэг болж буй юм байна.
Монголбанкнаас макро зохистой бодлогын хүрээнд долларжилтын эсрэг зөөлнөөс нь эхлүүлээд арга хэмжээнүүдийг тасралтгүй авч байгаа аж. Тухайлбал, төгрөгийн заавал байлгах нөөцийг гадаад валютынхаас бараг 2 дахин бага түвшинд хүргэсэн, гадаад валютын харилцахдаа хүү төлж байгаа, гадаад валютын хадгаламждаа өндөр хүү төлж байгаа банкуудын төгрөгийн заавал байлгах нөөцийн урамшууллыг хорогдуулах, зөвхөн төгрөгөөр төлбөр тооцоо хийх зэрэг арга хэмжээнүүдийг зэрэгцүүлэн авчээ. Цаашид ч хөрвөлтийг сааруулах шаардлагатай арга хэмжээг үргэлжлүүлэн авах юм байна.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ