Төв банк банкуудад 3.9 их наяд төгрөгийн санхүүжилт олгожээ

Хуучирсан мэдээ: 2020.07.24-нд нийтлэгдсэн

Төв банк банкуудад 3.9 их наяд төгрөгийн санхүүжилт олгожээ

Төв банк банкуудад 3.9 их наяд төгрөгийн санхүүжилт олгожээ

Covid-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, эдийн засаг, айл өрх, аж ахуйн нэгжид учирч буй эрсдэлийг бууруулах үүднээс банкны салбарт хэд хэдэн арга хэмжээ авч байна. Энэ хүрээнд зээлийн эргэн төлөлт нь хүндрэлд орсон зээлдэгчдийн хэрэглээний зээлийн хугацааг 12 хүртэлх сараар, ипотекийн зээлийн хугацааг зургаан сараар сунгах шийдвэр гаргаад хэрэгжүүлж буй юм.

Монголбанкнаас мэдээлж буйгаар, зургадугаар сарын 19-ний байдлаар нийт хэрэглээний зээлийн багцын 12.9% буюу 65 мянга 491 зээлдэгчийн 572.8 тэрбум төгрөгийн хэрэглээний зээл, ипотекийн зээлийн 43% буюу 38 мянга 270 зээлдэгчийн 2 их наяд төгрөгийн зээлийн нөхцөлд өөрчлөлт оржээ.

Үүний зэрэгцээ Сovid-19-ийн улмаас иргэд, аж ахуйн нэгжийн орлого буурч байгаатай холбоотойгоор зээлийн шалгууртаа өөрчлөлт оруулж, орлого нь буурсан аж ахуйн нэгжийн ажилчдад зээл шинээр олгохгүй байх шаардлага тавьж эхэлсэн. Монголын банкны холбооноос гаргасан судалгаанаас харвал цалин, тэтгэврийн зээл олголт огцом буурчээ. Мөн боловсруулах, барилга, ХАА-н салбарт зээл олголт буурсан байна.

Энэ нь өөрөө банкны зээлийн эх үүсвэр хангалттай байгаа юу гэдэг асуудлыг дагуулах болов. Энэхүү асуултад Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Төв банкны албан ёсны сайтаар дамжуулан талбар өгчээ.

Тэрбээр хэлэхдээ "Банкуудын төлбөр түргэн гүйцэтгэх чадварын шаардлагыг 25%-иас 20% болгож бууруулсан. Уг үзүүлэлт системийн хэмжээнд 39.7%-тай байна. Төв банкны санхүүжилтийн хүү 10% болж, банкуудын санхүүжилтийн эх үүсвэрийн дийлэнхийг бүрдүүлдэг хадгаламжийн хүүнээс бага болсон.

Түүнээс гадна санхүүгийн зах зээлийн хэвийн үйл ажиллагааг хадгалах, банкуудын төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг дэмжих зорилгоор оны эхний зургаан сарын байдлаар ХХБ-ны 500 сая ам.долларын эргэн төлөлтийг эс тооцвол Монголбанкнаас банкуудад 3.9 их наяд төгрөгийн санхүүжилт олгосон бол үүний 2.4 их наядыг репо санхүүжилтээр, 1.5 их наядыг своп хэлцлээр олгоод байна.

Түүнчлэн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах, хугацааг сунгах зэрэг арга хэмжээ нь зээлдэгч талдаа дэмжлэг болохын зэрэгцээ зээл чанаргүйдсэнээс бий болох эрсдэлийн сангийн зардлын дарамтыг бууруулж байгаа нь банкуудын өөрийн хөрөнгийн хүрэлцээнд дэмжлэг болдог. Энэ нь зээлийн тасалдлыг зөөлрүүлэхэд ч эергээр нөлөөлнө.

Болзошгүй эрсдэлээс сэргийлэн банкуудын төлбөр түргэн гүйцэтгэх чадварын түр зуурын хүндрэлийг шийдвэрлэх зорилготой барьцаат зээлийн нөхцөлийг өөрчлөөд мөрдүүлж эхлээд байна.

Өмнө нь Төв банк мөнгөний бодлого болгоомжтой, хатуу төлөвтэй байсан бол одоо бодлогын төлөв илүү зөөлөрсөн, бодлогын олон арга хэмжээнүүдийг хооронд нь нийцтэй байдлаар, багц маягаар авч хэрэгжүүлж байна” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж