ХААН банк шинэ захиралтай боллоо

Хуучирсан мэдээ: 2010.08.03-нд нийтлэгдсэн

ХААН банк шинэ захиралтай боллоо

ХААН банкны гүйцэтгэх захирлаар 10 жил тасралтгүй ажилласан Питер Морроу өчигдөр ажлаа хүлээлгэн өглөө. Харин тус банкны шинэ захирлаар олон улсын Стандарт Чартеред банкны Ази, Европ, Африкийн салбаруудад 25 жил удирдах алба хашсан Саймон Моррисийг томилжээ. ХААН банкны гүйцэтгэх захирлын албыг авч буй ноён Моррис нь 2000-2010 онд Бруней, Филиппин, Индонез улс болон хамгийн сүүлд Шри-Ланк улс дахь Стандарт Чартеред банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, энэ салбартаа чамгүй туршлагатай нэгэн аж. ХААН банкны Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-ийн дарга Хидео Савада түүнийг “Саймон бол олон улсын менежмент, санхүү, байгууллага болон иргэдийн банкны салбарт нэр хүндтэй, дэлхийн хэмжээнд танигдсан банкир юм” хэмээн тодотгож байв.

Захирал солигдох болсон тухай мэдээлсэн хэвлэлийн бага хурлын үеэр ноён Питер Морроу “Би энд “Баяртай” гэж хэлэх гэж ирээгүй. Яагаад гэвэл би ХААН банкнаасаа бүрмөсөн явахгүй. Цаашид миний бие банкны салбарын өсөлт, хөгжлийн төлөө шинэ захирал, хамт олноо дэмжин ажиллах болно” хэмээсэн юм. Учир нь тэр ХААН банкны Зөвлөх захирлаар үргэлжлүүлэн ажиллах юм байна. 

Монголын банкны салбарт анх удаа хөлж тавьж буй Саймон Моррис хэмээх энэ эрхмийн ажлын туршлагыг харахад үнэхээр дэлхийн хэмжээний банкир гэхээс аргагүй аж. Тэрбээр өнгөрсөн хугацаанд дээр дурьдсан үндсэн ажлынхаа хажуугаар Индонезийн Гадаад банкуудын холбооны ТУЗ-ийн дарга, тус улс дахь Их Британий Бизнесийн зөвлөлийн дарга, Шри Ланкын Банкны холбооны захирал, Филиппин улс дахь Европын холбооны Худалдааны танхимын захирлаар тус тус ажиллаж байжээ. ХААН банкны ТУЗ-ийн дарга болон экс захирал нар түүнээс “Нэгэнт Монголдоо тэргүүлэх байр суурь олсон энэ банкийг олон улсын тавцанд гаргах”-ыг хүссэн. Тиймээс одоо Саймон захирлыг ХААН банкийг дэлхийд өрсөлдөх хэмжээнд хүргэж чадах эсэхийг харах л үлдлээ. Өдгөө ХААН банк нь орон даяар нийт 496 салбар нэгж байгуулан ажиллаж байгаа бөгөөд Монголын нийт айл өрхийн 80 гаруй хувьд банкны үйлчилгээ хүргэдэг гэсэн судалгаа байдаг аж. Түүнчлэн тус банкны нийт актив өнгөрсөн зургадугаар сарын 30-ны байдлаар 1.4 их наяд төгрөгөөс давсан байна.   

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж