Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч та бүхэнд цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа Төрийн аудитын тухай хууль (шинэчилсэн найруулга) болон холбогдох бусад хуулийн танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.
ТӨРИЙН АУДИТЫН ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/ БОЛОН ХОЛБОГДОХ БУСАД ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, С.Бямбацогт, Д.Оюунхорол, Я.Санжмятав, Б.Чойжилсүрэн, Т.Аюурсайхан нараас 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг Улсын Их Хурал 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан бөгөөд уг хуулийг 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. Хууль 6 бүлэг, 43 зүйлтэй.
Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтөд “Төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх байгууллагын бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно.” гэж, “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын хавсралтын 1.2.5-д “төрийн санхүү, төсвийн хяналт /аудит/-ыг хараат бусаар хэрэгжүүлэх байгууллагын бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтоох;”, 1.2.6-д “төрийн нийтийн өмчийг зохистой ашиглах, зарцуулахад тавих хяналтыг боловсронгуй болгох” гэж тодорхойлсон.
Дээрх үзэл баримтлалын хүрээнд төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх, татвар болон татварын бус орлого, байгалийн баялгийн ашиглалтаас бүрдсэн нийтийн өмчийг зохистойгоор төлөвлөх, тайлагнах, ашиглах, зарцуулах үйл ажиллагаанд тавих хяналтын эрх зүйн үндсийг тогтоох зорилгоор Төрийн аудитын тухай хуулийг шинэчлэн найруулах шаардлагатай болсон.
Төрийн аудитын тухай хуульд дараах зохицуулалтыг шинээр тусгасан.
1.Төрийн аудитад хууль дээдлэх, хараат бус, бие даасан байх, шударга ёсыг хангах, мэдээллээр бүрэн хангагдах, ил тод, бодитой байх, төрийн аудитын олон улсын нийтлэг стандартад нийцсэн байх зарчмыг тусгаж, төрийн санхүү, төсвийн хяналтын хүрээнд шалгагдагч этгээдэд санхүүгийн тайлангийн, гүйцэтгэлийн болон нийцлийн аудит хийх эрх зүйн орчныг бүрдүүлсэн.
2.Нийтийн өмчийг хууль ёсны дагуу арвилан хэмнэлттэй, үр ашигтай, үр нөлөөтэйгөөр төлөвлөх, хуваарилах, ашиглах, зарцуулахад хяналт тавих, түүнчлэн төрийн санхүүгийн удирдлагыг сайжруулах үндэс бүрдсэн.
3.Төрийн аудитын байгууллагын бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журам тодорхой болж, төрийн санхүү, төсвийн хяналтын хүрээнд хамаарахгүй чиг үүргийг төрийн аудитын байгууллагад бусад хуулиар нэмэгдүүлэхгүй байх асуудлыг Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлсэн.
4.Аудитын төлөвлөлт, төлөвлөгөөт бус аудит хийх эрх зүйн орчныг бүрдүүлсэн.
5.Төрийн аудитын байгууллага үр дүнтэй, үр ашигтай аудит хийх шинжлэх ухааны ололт, орчин үеийн мэдээллийн технологийн арга, хэлбэрийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, төрийн аудитын олон улсын стандартыг баримтлах эрх зүйн орчныг бүрдүүлсэн.
6.Төрийн аудитын байгууллагын албан хаагч аудит хийх үедээ мэдээллээр бүрэн хангагдах зарчим тодорхой болж, шалгагдагч этгээдийн ажлын байр болон бусад холбогдох газарт ажлын цагаар саадгүй нэвтрэн орох, ажиллах, бүртгэл, тооллого хийх, мэдээлэл, баримт бичиг, бусад эд зүйлстэй үнэ төлбөргүй танилцах, шалгагдагч этгээдийн үйл ажиллагаандаа ашиглаж байгаа тоног төхөөрөмж, программ хангамж, мэдээллийн санд нэвтрэх, цахим хэлбэрээр боловсруулсан, хадгалсан, илгээсэн, хүлээсэн авсан мэдээлэлтэй танилцах, тайлбар гаргуулах, тодорхой асуудлаар асуулт тавьж, хариулт авах зэрэг хараат бусаар ажиллах эрх зүйн орчныг бүрдүүлсэн.
7. Шалгагдагч этгээд хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн, хуулиар хүлээсэн албан үүргээ биелүүлээгүй бол алдаа зөрчлийг таслан зогсоох, давтан гаргуулахгүй байх талаар өгсөн албан шаардлага, төсөв, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа болон төсвийн орлого бүрдүүлэх, зарцуулах, төрийн өмч, хөрөнгө олж бэлтгэх, ашиглах, зарцуулах, хадгалах, хамгаалахтай холбоотой хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн тохиолдолд тогтоосон төлбөрийн акт биелэгдэх эрх зүйн орчныг тодорхой болгосон.
8.Төрийн албан тушаалтны төрд учруулсан хохирлыг төлүүлэх үүргийн хэрэгжилтийг мэдээлэх асуудлыг Үндэсний аудитын газрын цахим хуудаст байршуулж, олон нийт, иргэд нээлттэй танилцах боломжийг бий болгосон.
9.Монгол Улсын Ерөнхий аудиторт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан шалгахтай холбогдуулан бүрэн эрхийг түтгэлзүүлэх эсэх асуудлыг эрх бүхий байгууллагын санал болгосноор Улсын Их Хурал шийдвэрлэхээс бөгөөд албан тушаалаас нь чөлөөлөх, огцруулах, түдгэлзүүлэх, түүнчлэн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр өөр ажил, албан тушаалд томилохгүй байх хууль зүйн баталгааг бий болгосон.
10.Төрийн аудитын байгууллагын албан хаагч бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан, аливаа дарамт, шахалт, хууль бус нөлөөллийн талаар нөлөөллийн мэдүүлэг хөтлөх эрх зүйн орчныг бүрдүүлсэн.
Төрийн аудитын тухай хуулийн хамт батлагдсан хуулиудын талаар:
1.Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн талаар:
Банк, түүний харилцагч болон гуравдагч этгээд нууц гэж үзсэн аливаа мэдээллийг төрийн аудитын байгууллага аудит хийх хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан шаардсанаас бусад тохиолдолд бусдад гаргаж өгөх, задруулах, ашиглахыг банкны хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн, гүйцэтгэх удирдлага, хянан шалгах зөвлөл, ажилтанд хориглох зохицуулалтыг тусгасан.
2.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн талаар:
Төрийн аудитын тухай хуульд заасан аудитад шинжээч оролцуулж зөвлөх үйлчилгээ авах харилцааг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар зохицуулахгүй байхаар тусгасан.
3.Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай:
Төрийн аудитын байгууллага гэрээлэгчийн батлагдсан төлөвлөгөө, төсвийн дагуу гүйцэтгэсэн ажил, хөрөнгө оруулалт, өртөг нөхөгдсөн болон нөхөгдөх зардлын хэмжээ, газрын тосны экспорт, борлуулалтын орлогын тооцоо, хуваарилалтын санхүүгийн тайланд аудит хийх, энээнэ аудитыг гүйцэтгэхдээ хараат бус шинжээч, мэргэжилтэн, аудитын хуулийн этгээдийг оролцуулахаар зохицуулсан.
4.Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай:
Төсвийн цаглабарт аймаг, нийслэлийн Засаг дарга тухайн шатны жилийн төсвийн төслийгжил бүрийн 11 дүгээр сарын 20-ны дотор төрийн аудитын байгууллагад хүргүүлэхээр зохицуулсан.
5.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай:
Төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн оролцоотой хуулийн этгээд жилийн эцсийн санхүүгийн тайлангаа дараа жилийн 03 дугаар сарын 01-ний дотор төрийн аудитын байгууллагад хүргүүлж, аудит хийлгэхээр тусгасныг 02 дугаар сарын 15-ны дотор гэж хугацааг өөрчилсөн.
Улсын Их Хурлын Тамгын газар
Холбоотой мэдээ