Жуулчны гудамж хэмээх нэр нь бодит байдлаас хол зөрсөн газарт хоёр давхар өнгө нь гандсан "Урт цагаан" үйлчилгээний төвийг нийслэлээс шинэчлэхээр болж үйл ажиллагааг нь хаагаад байв. Түрээслэгчдийг гаргаж үйлчилгээний төвийн ус, цахилгааныг хязгаарласан ч түрээслэгчдийн олонх нь "Урт цагаан" хэмээх өнгө нь гандаж навсайсан хоёр давхар барилгадаа төвлөрсөн хэвээр. Ийм дүр зураг өчигдөр угтлаа. Өнөөдрийн байдлаар “Урт цагаан”-ы 12 корпус барилгаас нэгдүгээр корпусыг буулгаад байна. Тэнд ажиллаж, үйлчилгээ явуулж байсан зарим түрээслэгч нураасан барилга дотроо байлаа. Тэдгээр түрээслэгчид ажлын байраар хангаж өгөлгүй барилгыг нураасанд гомдолтой байгаагаа илэрхийлэв.
БИД ГУДАМЖИНД ГАРСНААС ӨӨРЦГҮЙ БОЛЛОО
Түрээслэгч Ч.ПҮРЭВХҮҮ:
-“Урт цагаан”-аас амьдралаа залгуулаад арван жил боллоо. Гэтэл барилгыг нураачихлаа. Бид эсэргүүцсэн боловч үр дүнд хүрээгүй. Одоо гудамжинд гарснаас өөрцгүй байна. Төрөөс биднийг дэмжихгүй гэхэд ядахдаа хоолноос салгамааргүй байна. Хэрэв ажлын байраар хангаж өгсөн бол “урт цагаан”-ыг нураахад нь эсэргүүцэлгүй байраа суллаж гарах байсан. Нийслэлийн удирдлагууд телевизээр ярьж байгаа шигээ Улаанбаатар шилэн банкинд байрлах ажлын байр нь бидэнд хангалтгүй. Тэнд цөөн хүмүүс л нүүж, шинэ ажлын байртай болсон. Гэтэл түрээслэгчдийг ажлын байраар хангасан гэх Улаанбаатар шилэн банкинд ажиллах ямар ч боломж алга. Учир нь хүн төвлөрсөн газар биш, түрээс нь өндөр бас ажил явуулах нөхцөлгүй. Дархчууд ажиллах боломжгүй. Бас Баянхошуунд бэлэн ажлын байр байгаа гэж байгаа юм. Бид тийшээ нүүлээ гэхэд хүн төвлөрсөн газар биш. Хотын төвийн захад шүү дээ. Үнэхээр л ажлын байраар хангаж байгаа бол нэг дор төвлөрсөн байх ёстой.
Түрээслэгч Б.АМАРТҮВШИН:
-“Урт цагаан”-д олон жил ажилласан хүмүүс ажил дээрээ бараг л хонодог. Энд 21 жил ажилласан хүн ч бий. Би гэхэд л арав гаруй жил болж байна. Үйлчилгээний төвийн байрыг гэнэт нураачихна гэж бодсонгүй. Бидэнд ажлын байраа суллаж өг гэх шаардлага тавьж байсан. Өнөөдрийг хүртэл ажлын байраа суллаагүй бидний буруу бий. Гэхдээ хэрэв бид бүхнийг найдвартай ажлын байраар хангачихаад дараа нь үйлчилгээний төвийг хааж нураасан бол эсэргүүцэл үзүүлэхгүй байх байсан. Одоо бид хаана очихоо ч мэдэх юм алга. Арга ядахдаа хуучнаар Улаанбаатар банкин дахь шинэ ажлын байртай танилцлаа. Гэтэл цөөн хүрээний оёдолчин л ажиллаж байна. Алт мөнгөний дархан барагтай л ажилд авахгүй. Жишээ татъя, "урт цагаан"-ы нэгдүгээр корпусыг акталж нураахаас өмнө 71 дархан ажиллаж амьдралаа залгуулж байсан. Тэдний тав нь л шинэ ажлын байраар хангагдлаа.
Түрээслэгчдийг хохироохгүй байх үүднээс Улаанбаатар шилэн банкинд 80 гаруй ажлын байрыг эхний ээлжинд бэлдээд буй. Гэвч түрээслэгчдийн ердөө тав ч хүрэхгүй хувь нь буюу 20 гаруй хүн л шинэ байр луу нүүсэн гэхэд болно. Харин үлдсэн нь зөвшөөрөлгүй хаагдсан барилгадаа төвлөрч байна гэхэд хилсдэхгүй.
ТҮРЭЭСЛЭГЧДИЙГ ГАРГАЖ УС ЦАХИЛГААН ХЯЗГААРЛАСАН Ч НУУЦААР ТОГ ХОЛБОЖ ҮЙЛЧИЛГЭЭ ЯВУУЛЖ БАЙНА
Дээрх асуудлаар Нийслэлийн өмчийн ашиглалт удирдлагын газрын “Урт цагаан” төвийн ахлах менежер П.Батжаргалаас тодрууллаа.
-"Урт цагаан" үйлчилгээний төвийн үйл ажиллагааг хаасантай холбоотойгоор түрээслэгчдийг шинэ ажлын байраар хангасан. Зарим түрээслэгчдийн зүгээс шинэ ажлын байр хүрэлцээгүй гэдгийг хэлж байна?
-"Урт цагаан" үйлчилгээний төвийг шинэчлэх ажлын хүрээнд үйл ажиллагааг нь зогсоож түрээслэгчдийг гаргасан. Эхний ээлжинд тус төвийн нэгдүгээр корпусыг нураагаад байна. Гэтэл дам түрээслэгч төрийн ажилд саад болж асуудлыг хүндрүүлсэн. Дам түрээслэгчид "Урт цагаан" үйлчилгээний төвийн барилгыг нурааж шинэчлэх асуудлыг эсэргүүцсэн байр суурьтай байгаа юм. Энэ үүднээс тэд түрээслэгчдэд шинэ ажлын байранд үйл ажиллагаа явуулах боломжгүй гэсэн ташаа мэдээлэл өгч асуудлыг хүндрүүлж байна. "Урт цагаан"-ыг нураахтай холбоотойгоор тог цахилгааныг нь тасалж, удахгүй нураах гэж байхад түрээслэгчид хулгайгаар тог холбож зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байна. Дам түрээслэгчид "Урт цагаан"-ы барилга ажиллах боломжтой мэтээр бусдадаа буруу ойлголт өгснөөс болж зарим түрээслэгч дахин нүүж орох асуудал гаргаж байна.
-Гэхдээ түрээслэгчид ажлын байраар хангасан бол барилгыг нураахад гомдолгүй гэдгийг хэлж байна. Нийт 400 орчим түрээслэгч бүгд ажлын байртай болох боломж бий юу?
-Түрээслэгчдийн тухайд ташаа ойлголт бий. Нийслэлийн өмчийн удирдах газраас "Урт цагаан" үйлчилгээний төвд үйл ажиллагаа явуулж байсан 400 гаруй түрээслэгчийг нэгэн зэрэг ажлын байраар хангах боломжгүй. Гэсэн ч бид аль болох өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлаж, Нийслэлийн өмчийн дөрөвдүгээр байрны 1.2 дугаар давхарт нь нийт 88 гаруй ажлын байрыг бэлэн болгосон. Одоогоор нэгдүгээр давхарт нь 12, хоёрдугаар давхарт нь 13 хүн шинэ ажлын байрандаа нүүгээд үйл ажиллагаагаа явуулж байна. Цаашид ч ажлын байраар хангана. Түрээслэгчдийг аль болох хохиролгүй болгох бодлого баримталж байна.
-Барилгыг нураасан нь хувийн өмчид халдлаа гэж үзэх түрээслэгчид ч байсан. Энэ талаар тайлбар өгөхгүй юу?
-НИТХ-ын тавдугаар сарын 11-ний өдрийн тогтоолоор "Урт цагаан" үйлчилгээний төвийн нэгдүгээр корпусыг актлах шийдвэр гарсан. Энэ дагуу тавдугаар сарын 17-ны өдөр Нийслэлийн засаг даргын тушаалд акталсан барилгыг нураахаар шийдвэрлэсэн тул Хот төлөвлөлт, хөгжлийн газарт буулгах зөвшөөрлийг нь өгсөн. Хуулийн дагуу энэ үйл ажиллагааг явуулж байна. Гэтэл хүмүүс үйлчилгээ өмч хоёрыг ялгахгүй байгаа бололтой. Дам түрээслэгч 30 иргэн аж ахуйн нэгж Нийслэлийн Засаг даргын шийдвэрийг эсэргүүцэж олон нийтэд буруу ойлголт өгч байна. Үүнээс болж түрээслэгчид хоёр өөр ойлголттой болоод байна. Угтаа бол хуулийн хүрээнд барилгын ажлыг гүйцэтгэж байна.
-"Урт цагаан" үйлчилгээний барилгыг нурааж эхлээд байна. Ойрын хугацаанд үйлчилгээний төвийн 12 блокыг буулгах уу?
-Бид хууль журмын дагуу барилгыг нураасан. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу "Урт цагаан" үйлчилгээний төвийн нэгдүгээр корпусыг буулгалаа. Үлдсэн барилгыг нураах эсэх асуудал шүүхийн маргаантай байгаа ч шийдвэр гарсны дараа үйлчилгээний төвийн барилгуудыг нураахаар төлөвлөөд байна.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ