АНУ, Хятадын харилцаа 1979 оноос хойшхи хамгийн муу түвшинд хүрэв

Хуучирсан мэдээ: 2020.07.24-нд нийтлэгдсэн

АНУ, Хятадын харилцаа 1979 оноос хойшхи хамгийн муу түвшинд хүрэв

АНУ, Хятадын харилцаа 1979 оноос хойшхи хамгийн муу түвшинд хүрэв

Сүүлийн хэдэн долоо хоногт АНУ болон Хятад улсын хооронд болж буй сэтгэл түгшээсэн байдал улам хурцдав. Зарим шинжээчдийн үзэж байгаагаар хоёр улсын харилцаа 1979 онд дипломат харилцаагаа хэвийн болгосноос хойшхи хамгийн муу түвшинд хүрээд байна. Дональд Трампын засаг захиргаа гал дээр тос нэмж Хьюстон дахь Хятадын Ерөнхий консулын газрыг 72 цагийн дотор даруй хаахыг шаардсан юм. Тус консулын газрыг тагнуулын үйл ажиллагаа явуулж байна гэж буруутгасны үндсэн дээр ийм шийдвэр гаргаснаа Ерөнхийлөгч Трамп тайлбарлав.

Үүнээс өмнө Вашингтон Бээжинг коронавируст цар тахлыг дэлхий дахинд тархах болсонд буруутгаж, АНУ дахь хятад сэтгүүлчдийн тоог хязгаарласан, Төвөд, Шинжаан Уйгур, Хонгконг дахь хүний эрхийн зөрчлийн эсрэг хууль батлах зэргээр Хятадын эсрэг ээлж дараалсан алхмууд хийсэн. Хятад улс ч үүнийг хараад зүгээр суугаагүй, хийсэн үйлдэл бүрийнх нь хариуг барьсаар ирэв.

Энэ удаад ч мөн Хятад улс АНУ-д хариуг нь барьж, аль нэг консулын газрыг нь хаахаа мэдэгдэж, ард иргэдэд нээлттэй санал асуулга явуулж эхлэв. Уг санал асуулгад Хонгконг, Макао, Гуанжоу, Ченду болон бусад гэсэн сонголтуудыг жагсаасан байна. Хятад улс Хонгконг, Шанхай, Гуанжоу дахь АНУ-ын консулын газруудыг хаавал Америкийн бизнес эрхлэгчдэд том цохилт болох нь гарцаагүй юм.

БНХАУ-ын Засгийн газар цар тахалд тус улсыг буруутгахад үл тоомсорлож, Хятад дахь америк сэтгүүлчдийг хөөж, үлдсэн хүмүүст нь шахалт үзүүлж, АНУ-ын хууль тогтоогчид болон тус улсын батлан ​​хамгаалахын салбарын компанид хориг арга хэмжээ авахаа мэдэгдсэн.

Хьюстон дахь Хятадын консулын газрыг хаах шийдвэрийн маргааш нь АНУ дахин Хятадыг “өдөөн хатгасан” үйлдэл гаргав. АНУ-ын Холбооны мөрдөх товчоо /FBI/ Хятадын дөрвөн иргэнийг виз хуурамчаар үйлдсэн, Хятадын зэвсэгт хүчинд зүтгэж байснаа нуун дарагдуулсан гэж буруутган баривчилжээ. Холбооны мөрдөх товчооныхон үүнийг Хятад улс цэргийн эрдэмтэн судлаачдаа АНУ руу нэвтрүүлэх оролдлого хэмээн үзэж байна.

Хятадын Ардын чөлөөлөх армийн (PLA) албан хаагчид жинхэнэ харьяаллаа нууж, судалгааны визээр өргөдөл гаргасан гэж АНУ-ын Хууль зүйн яамны өмгөөлөгч Жон С Демерс мэдэгдэв. Мөн тэрбээр “Энэ бол Хятадын Коммунист намын манай нээлттэй нийгмийг ашиглах, эрдэм шинжилгээний байгууллагуудыг ашиглах төлөвлөгөөний бас нэг хэсэг юм” хэмээн мэдэгдсэн байна. Хятадын дөрвөн эрдэмтнийг Холбооны мөрдөх товчооныхон Сан Франциско хот дахь Хятадын консулын газраас баривчилжээ.

АНУ-ын дээрх үйлдлүүдийг зарим шинжээч судлаачид тус улсын Ерөнхийлөгчийн сонгууль ойртсонтой холбон тайлбарлаж, сонгууль дөхөх тусам Трампын засаг захиргаа Хятадыг шахан буруутгах нь нэмэгдэнэ гэж үзжээ.

Худалдааны дайн, оюуны өмчийн хулгай, Хонгконг, Шинжаан Уйгур, Төвөдийн асуудал, коронавируст цар тахлын гарал үүслийн асуудал, Өмнөд Хятадын тэнгис дэх оффшор бүсийн маргаан гээд АНУ болон Хятадын хоорондын харилцаа улам холдсоор байгаа нь цар тахлаас гадна дэлхий нийтийн санааг түгшээсэн асуудал болоод байна. Дэлхийд эдийн засаг, худалдаа үйлдвэрлэл, цэрэг технологийн гээд бүхий л салбарт тэргүүлэгч хоёр том гүрний өширхөл ийнхүү улам нэмэгдсээр хэзээ мөдгүй тэсрэхэд бэлэн болоод байгаа юм.

Эх сурвалж: BBC, FT

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж